Толгой дээрээ халгай ургуулчихаад...
2015-07-02

Гэрэл зургийг MPA.MN

 

С.Жавхланг үсээ хусуулсныг өчигдөр жаал ярих шив. Нэг элдэвтэй авгай “Хаан” буулгасныг бас хачин их жигшин хэлэлцэв. Харьцуулж болохгүй хоёр жишээ л дээ. Нэг нь төр засгаа эсэргүүцэж үсээ хусах, улс төр хийх хоёрыг зэрэг амжуулав. Нөгөө нь тархийг нь угаахад хялбархан хэдий тооны хөвөгч сонгогч нар байгаа багцааг намуудад үнэ төлбөргүй харуулж өгөв. Гэхдээ энэ бол туйлын дүгнэлт биш.

 

Нийгэм оюуны хоосролд орлоо гэж энэ нийгэмд бус, тусдаа амьдардаг мэт нэг хэсэг нь халаглав. Үүндээ стадионд очиж хурайлсан олныг жишээлэв. Шүүмжлэгчдийн талд орж оюунлаг бүлэгт багтмаар санагдсаныгаа нуух юун. Оюунлаг байхын жинхэнэ утга өөр л дөө. Оюуны хоосрол гэдгээ ч нэг сайн тунгаамаар. Мухар сүсэг ихтэй хамжлагат ёсны үед ч Монголчууд оюунлаг байсан. Ардын сайхан үлгэр, аман яриагаар нөхөрлөлт ёс, хүн чанар, байгал дэлхийгээ хайрлах, ахмадыг хүндлэх настныг өргөх, хүн байхын ёс зүйн өндөр хэм хэмжээг үр хүүхэддээ өвлүүлж чаддаг байсан. Энэ бүхэн оюунлаг ардчилсан нийгэм цогцлоож байгаа гэх одоо цаг үед л хамгийн хурдан устаж байгаа биш үү.

 

Стадионд очсон хүмүүсээс яг чухамдаа хэд нь үнэнээсээ итгэж, хэд нь харж инээх гэж очсоныг тооцож гаргавал харин ч хошин шогийн эрэлт хэрэгцээ улам их болоод байгааг харуулсан судалгаа болж магадгүй. Одоо байгаа хошин шогийн хамтлагууд хэчнээн хичээгээд ч үзэгчид уйдаж эхэлсэн байгаа. Тэгээд ч тэд нар тоглолтоо дандаа нэг зааланд хийдэг болохоор шинэ хөтөлбөртэй байсан ч хуучнаа тоглоод байгаа юм шиг санагддаг гэдгийг энэ дашрамд үзэгчийн хувиар зөвлөчихье. Тэгэхэд задгай талбайд нэг ичихээ байж нүүр хагарсан хүүхэн ганцаараа гаж юм үзүүлэхийг харах нь зуны уртад уйдсан улсад хамаагүй сонин байсан хэрэг.

 

Бүгдээрээ гараа өргөөд дагаад хурайлаад байгаа нь бүгд итгэж байгаагийн шинж гэвэл хэтрүүлсэн болно. Ямар тэнэг нь айлын найран дээр оччихоод ганцаараа дагаж дуулахгүй буруу харж суухав дээ. Гоцлоод дуулахгүй ч бусдын эхлүүлсэн дууг амандаа нэг юм бөвтнөсөн шиг л сууна шүү дээ. Найрын эзнийг болоод зочдыг нь хүндэлж буй хэрэг. Тэр өдөр цэнгэлдэхдээ очиж тэнгэрээс буух Хаандаа ирснээ мэдэгдэж холбоо тогтоох гэсэн “итгэгч” нар олон байсан байх. Итгээд сүйд болохгүй ч уйдаж суухаар “юм үзчихье” гэж очсон нь цөөнгүй л байгаа. Наадмаар тасалбар нь олдохгүй тул далимдуулаад цэнгэлдэхийн шинэ зүлгийг нь харчихья гэсэн хүн ч байсан л байх. Төв цэнгэлдэхэд ойрын жилд орж үзээгүй, орох “шалтаг” олдохгүй яваад байгаа хүн надаас эхлээд олон бий.

 

Өөр тэгээд оюунлаг юм юу үзүүлж байгаа юм. Хаана байна тэр оюунлаг байх орчин. Зурагтаа сахиад суулаа. Гадаад хэл мэдэхгүй нь юу үзэх болж байна. Хэн ямар сувгаар оюунлаг юм байнга яриад байгаа юм бэ. Телевизийн хөтөлбөр харж үзлээ. Яс суугаад суваг сольж үзлээ. Хахсан улс төрийн хэлэлцүүлэг, арилжааны реклам. Оройн 22 цагаас хойш оргил цагт битүү цуврал олон ангит кино. Харин ч энэ баялаг сантай ядмаг орчуулгатай амьдралын хар барааныг харуулсан урвалт шарвалт, атаа жөтөө, араар тавилтыг сурталчилсан хямдхан кинонууд чинь биднийг жинхэнэ оюуны хоосролд оруулж мэдэхээр болчихож дээ.

 

Ард түмний тархийг угаах явц, бодол санаанд хамгийн хүчтэй нөлөөлж чадах телевизийн программ хөтөлбөрүүдээ эхлээд оюунлаг болгохоо бодсон нь дээр байх. Өнгөрсөн жилүүдэд хамгийн олон үзэгчтэй байсан телевизийн хөтөлбөр юу билээ. Буддын гүн ухааны цаг бол биш. Өнөөх оросын телевизийн “Зөн совингийн тулаан” гэдэг орчуулгын нэвтрүүлэг байх шүү. Тэр нэвтрүүлгийн нэг үзмэрч манайд “айлчилсан” санагдана. Нэг уулзалт буюу таван минутын төлбөр нь 10 мянган доллар ч байсан гэл үү. Жирийн хүний аманд багтахгүй үнэтэй. Ийм айхтар үнэлгээтэй үзмэрчдээр манай оюунлаг хэсгийн төлөөлөл улстөрчид л уулзахаар “ногоон”-оо бэлнээр  бариад очсон байсан.

 

Хаан буулгах “жигтэй” гээд байгаа ёслолыг нь телевизүүд шууд дамжуулаад бүр олон хүний тархинд хийчихсэн юм биш үү. Ийм балай юмыг сонирхон үзэх хүн их гэдгийг нь мэдээд л далд үр дагаврыг нь үл тооцон хямдруулсан үнээр шууд цацчихаж байна шүү дээ. Манайд телевизүүдийг хэтийн бодлого чиглэлтэй, зөв хөгжүүлэх “Телевизийн бодлогын хүрээлэн” гэж байгуулах цаг болсон байна. Одоо байгаа Зохицуул ах хороо нь бол хянаж шалгаж, шахаж хавчдаг тусгай зөвшөөрлийн л агентлаг шүү дээ. Өөр хэлж дэмждэг шинэ контент гаргахад нь тусалдаг, бодлого барьж зөвлөдөг төрийн байгуулага, бүр хэлтэс ч байхгүй байна.

 

С.Жавхлангийн цочир үзүүлдэг улс төрийн үйл, үгийг шүүмжилдэг хүн олон. Би ч хааяа эгдүүцэн гөвж л байдаг. Дэмждэг нь ч цөөнгүй. Арга нь буруу ч санаа нь зөв бол хүүхдээ байнга тархидаад байдаггүй өвгөдийн ухаан хаачсан. Бүгд төрөө муулах хэрнээ Самандын хүүг төрөө шүүмжилж үсээ хусуулаадахсан чинь жигшиж цэрвээд сүйд. Нэгнээ гамгүй үгүйсгэх ийм бохир дайралтыг сошиал ертөнцөд бүх чөлөөт цагаа зориулдаг өнөөх оюунлаг хэсгийнхэн оройлон хийж байх юм.

 

Энэ залуу улс төрд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй яваад байж болно. Гэхдээ яриад шүүмжлээд байгаа нь бидний ярьдаг л үнэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Бид үнэндээ өөрсдөө юу ч хийхгүй суусаар нийгмээрээ “Би”-гийн өвчнөөр өвчилсөн бөөн шүүмжлэгч, элэглэгч нар болсноо ухаармаар. Ямар чансаа мэдлэгтэй, ёс суртахуунтай улс төр хийгчдийг сонгон төр бариулж, хариуд нь хүний амьдрах орчны доод түвшинд ямар ч стандартгүй амьдарч байгаагаа мэдсээр байж оюунлаг байх тухай ярьсан хүмүүс.

 

Нийгмийн оюунлаг хэсэг гэдэг бол манай нөхцөлд эдийн засгийн баталгаа нь боломжийн хангагдсан цөөхөн хүрээний л хүмүүс гэх ойлголт өөр болсон. Манай өвөг дээдэс малын захад насаа барах ч ямар оюунлаг байсныг дээр цухас хэлсэн.

 

Нар сар хоёрыг ялгаж мэддэг шигээ аливаад үнэн зөвийг зааглан харж чаддаг баймаар. Бусдын үйл үгийг тунгаах, үзэл бодол итгэл үнэмшлийг нь хүндэтгэх, авах гээхийн ухаантай байх чинь тэр оюунлаг байхын чинь нэг хэсэг юм биш үү. Нийгэм хувьсан өөрчлөгдөж байх жамтай гэдэг. Энэ хувьслыг нь зөв хөтөлж чиглүүлж байхыгаа төр мэдэх учиртай хэмээцгээдэг. Энэ зохицуулалт нь алдагдаад ирэхээр эдийн засаг нь хүндрээд нийгэм чиг баримжаагүй болж иргэдийн итгэл алдарна. Ядуурал цөхрөл нүүрлэсэн бодит байдлаасаа зугатах сэтгэлгээ нь давамгайлж хийсвэр гэнэтийн тохиолыг мөрөөсч, идтэй шидтэй гэсэнд нь татагдаж эхэлнэ. Итгэхгүй ч очиж үзнэ. Аз нь таарвал архаг өвчнөөсөө, өр ширнээсээ салчихыг бодох нь хүний л явдал. Ийм юман дээр олныгоо гоочлоод яахав.

 

Сарандаваатай хамт мөнгө даллаад маргааш биш гэхэд хэтдээ мөнгөтэй болно гэсэн итгэл олж аваад нэг шөнө бөх унтаж байгаа хүмүүсийг бүгдийг нь оюуны хоосролд орсон гэх үү. Аргаа барж мухардсандаа л тэр. Тэрнээс хэдэн шидтэн хэсэг бүлгээр нь баяжуулдаг бол, Төр засаг өр тавиад улс орон хөгждөг бол ядуу хүнгүй бүгд л оюунлаг бүлэгт багтчихсан хэдэн бөө нар нь итгэх хүнгүй болж өөрсдөө архинд орчихсон явах байлаа.

 

Оюунлаг иргэний диплом гэж тусдаа байхгүй. Оюунлаг хэсэг гэж байхыг үгүйсгэхгүй. Бидний дунд тэрхүү оюунлаг хэсэг бага байгаа л бол тийм л нийгмийг цогцлоож байгаа хэрэг. Бид гэж нэг л их хүний толгой дээрх өвсийг зажилж амьдарсан улс. Өөрийнхөө толгой дээр халгай голдуу ургуулчихаад хүн ойртож үг хэлэх гэвэл түлж хайрчих гээд л. Бүгдээрээ толгойгоо сэжилсэн “тэрийг энийг бодвол би тэнэг биш” гэж биеэ тоосон улс. Энэ чинь харин оюуны хоосрол нийгэмд нүүрлэсний шинж биш үү. Тэр олноороо доргиж хурайлах, гороолон хээгүйтэх бол “яамай л байна” гэдэгт орох байх.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
qwert:
Odoo daraagiin alham bolgoj sugaa hus buur bolohgui bol doodhoo hus tegvel buur ch olon humuus irne
2015-07-03
АРД:
Жанжин Сүхийн талбай дээр эх орноо гэсэн хүмүүс л ирсэн байна, энд доромжилж суугаа өмхий дебил АНуусуудын нүд нь сохорч, чих нь дүлийрчээ.
2015-07-02
zochin:
bas neg ih medegch garaad irsen bno hugu batotgoni uruusun dugui
2015-07-02
ah:
ene udaad harin zov bihsen ba demjij ba
2015-07-02
Алтанцэцэг:
Зөв,үнэн бичжээ,энэ олон телевизүүд хүмүүст өгөөжтэй ,оюунд хэрэгтэй олон сайхан нэвтрүүлэг хийдэг болоосой,ядаж цуврал киног багасгаасай
2015-07-02
Зочин:
Bayarhuud talarhayaa.
2015-07-02
NOYON UULAA MONGOLCHUUD UHAARAI:
GADNIIHANTAI HUIVALDSAN DARGA NERTEI HULGAICH LUIVARCHDAD ZAVSHUULJ YU CH UGUI HOOSON HOTSORCH BAISNAAS YADARSAN MONGOLCHUUD NI NINJA BOLOOD CH HAMAAGUI OORSDOO UHAJ AVSAN DEEREE SAIN UHAAD ALTAA AVTSGAA NINJA NARIIG DEMJIJ BAINA
2015-07-02
Зочин:
ex oronch uzelee noen uuland ochij xorlon suitgegch ninja nart uzuuleed ogooch, tegbel xumuus xamgiin ix demjix bolno,, ened xotod bish,, xeregtei gazaraa.
2015-07-02