Ш.Сайхансамбуу: Би энэ амьдралд 105 хувь сэтгэл хангалуун байна
2015-07-03

Манай сонины редакци “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт  оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн асан, Нарантуул группын үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуугийн “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.



-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийг Ш.Оюун­сайхан гэдэг. 1978 онд нэг ангид орж 1983 онд Барилгын сантехникийн мэргэжлээр хамт төгсч байсан нэг ангийнхан. Бид орон сууцны байгууллагад олон жил ажилласан. Том охин маань 1982 онд төрсөн. Тэгээд хадам ээж хүүхэд харж, бид хамтдаа ажлаа хийгээд явдаг байлаа.

 


-Хүн бүрт хэлэх дуртай үг байдаг. Таны хэлэх дуртай үг?



-Ихэвчлэн “Эрүүл байгаарай” л гэж хүмүүст хэлдэг. 



-Бүр багадаа хүсч, мөрөөдөж байсан мэргэжил чинь ямар мэргэжил байв?



-Манай аавын найз гавьяат нисгэгч Тамир гэж хүн бий. Тэр хүн манайд их ирнэ. Тэгээд нисгэгч болно гэж боддог байсан ч аравдугаар ангиа төгсөөд нисгэгчийн хуваарь авч чадаагүй. Тэгээд л одоогийнхоор “Модны хоёр”-т шууд ажилтан болж очсон хүн. 


-Бидний амьдарч байгаа нийгэмд стресс гэдэг зүйл их байдаг. Та хэр их стресст орж байна вэ?



-Бидний үед Beatles, Queen-ийг их сонсдог байсан. Одоо ч гэсэн тэрийгээ машиндаа чанга сонсоход л сайхан болно доо.



-Та ямар зан чанартай хүн бэ?



-Өөрийгөө их дөлөөн тайван хүн гэж боддог. Юу юуны туханд хүрэхгүй хүнтэй муудалцаад цэц булаацалдаад байдаггүй. Гэхдээ эцэстээ хүрвэл мөчөөгөө өгөхгүйгээр үзэхээс өөр арга байхгүй. 



-Таны хамгийн дуртай спорт?



-Бидний үеийн хүүхдүүд маш олон спорт сонирхдог байсан шүү дээ. Сагс тоглоно, барилдана. Боксийн спортоор жижиг клубтай байлаа. Гэхдээ би  хоккейн спортыг багадаа их сонирхдог байсан. Чехийн багийг дэмжинэ. Энэ сонирхолынхоо дагуу тухайн багт захиа бичиж байсан юм.



-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?



-Хүн төрөлхтөний нийгэмд байх ёстой зүйл юм билээ. Үүнийг янз бүрээр хорихоос эхлээд чөлөөтэй тавьж байна. Гэхдээ үүнийг хүн бүхэн зохицуулах буюу тааруулж хэрэглэх учиртай.



-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?



-Гэр бүл. 



-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?



-Хүсч мөрөөдөж байсан ажлаа хийж дуусаад өөрийгөө овоо юм аа л гэж боддог.



-Шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ. Хэр их шүүмжлүүлдэг хүн бэ?



-Намайг нэг их шүүмжлээд байдаггүй. Би ч өөрөө шүүмжлүүлээд байх зүйл хийгээгүй. Би дээр хэлсэн. 1983-1991 онд орон сууцны байгууллагад ажилласан. Тэгэхэд намайг шүүмжилж байгаагүй, харин урамшуулж сайшааж шагнаж байлаа.



-Хамгийн аз жаргалтай байсан үе?



-Бизнес эрхлэж байсан үеэс эхлээд хоёр жил зүтгэж байж дээд сургуульд орохоос гадна анхны хүүхэд гэх мэт амьдралд аз жаргалтай мөч их шүү дээ.



-Таны хамгийн анхны бизнесийн гараа юу байв?



-1989 онд эхнэртэйгээ Чехээс “Волга 24” машин унаж ирсэн. Яг эхэлж хийсэн анхны бизнес энэ гэж хэлж болно. Бүүр цаашилбал, аравдугаар ангиа төгсөөд  Дэнжийн мянгад наймаа хийсэн зүйлийг ярьвал замбараагүй их юм ярина. Харин бизнес гэвэл дээрх Волгаг Чехээс 14 хоногийн турш авч явж монголдоо оруулж ирснээр эхэлсэн.



-Нарантуулыг анх барьж байхад германуудаас хөрөнгө оруулалт авч байсан гэдэг юм билээ. Энэ талаар дурьдвал?



-Германы “Dresdner” банкны Зүүн хойд азийг хариуцсан орлогч дарга манай улсад банкны урилгаар ирсэн байсан. Тэр хүн банкны ажлаа дуусгаад хажуугаар нь ганц нэг бизнес эрхэлж байгаа хүмүүстэй уулзах хүсэлт тавьсан юм билээ. Тэнд нь би багтаж, түүнтэй танилцаж байлаа. Тэгээд тэр хүн нутаг буцсан. Харин би сүүлд Германд очиж тэр хүнтэй уулзаж, монголд ирэх урилга өгсөн. Тэгээд л ирэхээр нь Нарантуулаа барих гээд хашаа тойруулсан байдал болон Дэнжийн мянганы захыг үзүүлсэн. Дэнжийн мянга орох гэтэл тухайн хэсэгт бөглөрөөд болохгүй байсан учраас Хүчит шонхорын наагуур гудамжаар гарч, оршуулган дундуур явж, нэг уулын орой дээр гарч Дэнжийн мянгыг харуулсан. Тэгээд л  би түрүүнд үзүүлсэн хашаа тойруулсан газар болох одоогийн Нарантуул байгаа тэр газарт байрлуулах тухайгаа хэлсэн. Ингээд л намайг дэмжиж гурван сая еврогийн хөрөнгө оруулалт өгсөн.



-Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?   

-Нас ахиад тэр юм уу хүний нүдийг нь хараад гадарладаг болсон. Хуучин бол хаанаас нь ч харж байгаагаа мэддэггүй байсан шүү дээ. Миний хувьд германчуудтай байнга хамтарч ажиллаж байна. Тэд ч гэсэн хүний өөдөөс эгц харж, ярьдаг. Энэ чанараас ч суралцсан юм бий. 



-Та бусдыг өөртөө юугаар татдаг вэ?



-Өөрийнхөө ердийн монгол зан, энгийн байгаа байдлаараа татдаг юм болов уу.



-Одоогийн нийгэмд таныг хамгийн ихээр бухимдуулж байгаа зүйл юу вэ?



-Нийгмийн тогтолцоо байгаа байдал гээд их юм бий. 1990 оноос хойш өмнө байсан зүйлээ үгүй хийчихээд одоо түүнийгээ эргүүлж барих гээд л байх шиг байна. Одоо монголын ирээдүйд маш ихээр санаа зовж байна. Миний хийж байгаа бизнес бол яг иргэдийн дунд байдаг. Надад боломж их байсан. 1990 оны үед уул уурхайн салбарт хүч үзэж болох л байсан. Тухайн үед уул усаар оролдоод яах вэ гэж бодоод өөр бизнес эрхлэх санаа гарсан юм. Миний хувьд Нарантуулыг хар зах гэж хэлэхэд дургүй. Тиймээс Нарантуул зах монголын эдийн засагт ийм ийм нөлөө үзүүлж, хэрэг болжээ гэдгийг үүслээс нь эхлээд өгүүлэх кино хийнэ гэж бодож байгаа.


-Та маш их сэтгэл хөдөлсөн үедээ түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?



-Би нэг их хөөрөөд сэтгэл хөдлөлөө илэрхийлээд байдаг­гүй. Харин дотроо бол өөр шүү.



-Хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч хэлэхийг хүсдэг үг?



-Би эхнэртээ хязгааргүй хайртай. Үүнийгээ байнга хэлээд байдаггүй ч өдөр бүр дотроо бодож явдаг. 



-Танд таагүй ханддаг хүн хэр олон байдаг юм бол?



-Надад таагүй ханддаг хүн олон биш байх гэж бодож байна. Гэхдээ муу хүний үг, явуулганд автаж итгэдэг хүмүүс намайг бүтэхгүй муу хүн гэж бодож магадгүй. Түүнээс биш би монголын ард түмэнд муу, гэмт хэрэг хийсэн хүн биш шүү дээ. Гэхдээ надад олон хүн мөнгөн тусламжаас гадна ажилтай болгож өгөх хүсэлт ирүүлдэг.  Би ирсэн хүн болгонд мөнгө тоолж өгөлтэй биш. Боломжгүй гэдгээ хэлдэг.



-Улс төр гэж яг юу юм бэ. Та хэдэн үгээр тодорхойлооч?



-Тайлбарлахад их энгийн. Улс орныхоо төлөө төрийн эрх мэдлийг аваад ажиллаач ээ л гэсэн үг байгаа юм.  Гэтэл эрх мэдлийг нь авсан ч ажиллахгүй байна.



-Тэгвэл улстөрч хүн ямар байх ёстой юм?



-Улстөрч хүн ард түмнээ өөрийн үр хүүхэд шиг бодож ажиллах тийм хэмжээний ухамсартай сэтгэлтэй байх ёстой.



-Эдийн засаг хямарлаа л гэх юм. Энэ юунаас болж байна вэ?


-Цэвэр алдаатай бодлогоос болж байна.



-Төр хувийн хэвшлээ хэрхэн дэмжиж байна вэ. Таны хувьд гадаадад компанитай хүн. Гадаадад хэрхэн дэмжиж байна?



-Өдөр шөнө шиг ялгаатай. Герман улстай харьцуулахад тухайн хэвшилд төрийн оролцоо орно гэж байхгүй.Худалдаа аж үйлдвэрийн танхим тэдний эрх ашгийг хамгаалсан газрууд бүх асуудлыг зохицуулж байна. Тэд төр гэдэг зүйлийг мэдэхгүй. Зээл авах гэж нуршсан олон баримт шаардахгүй, хүү маш бага.

-Бурхан таныг юунд зориулж бүтээсэн бол?

-Тэрийг мэдэхгүй юм. Харин би үр удмаа үлдээж, сайн хүн болгож өсгөх үүрэгтэй. Тэгээд л буцаад явах нь мэдээж.
 


-Таны үг хэр хүчтэй вэ?



-УИХ-д байхад миний үг ард түмэнд сайн хүрч, хүчтэй байсан. Үүний ч илрэл болох надад талархал илэрхийлэх, утсаар ярих асуудал зөндөө байсан. Одоо ч гэсэн миний ярьж хэлж байгаа үг хэвээрээ.



-Та хэдэн насандаа өөрийгөө би гэдэг бие хүнээ мэдэрсэн бэ?



-14 настай анх дэлгүүрт зуныхаа амралтаар хоёр сар ачигч хийсэн. Сарын 260 төгрөгийн цалинтай. 14 хоноод 130 төгрөг авсан. Тэгэхэд өөрийгөө аймаар том хүн болсон гэж бодсон. Мөн УИХ-д суугаад тангараг өргөж байхдаа өөрийгөө тоож байсан.


-Таны амьдралд тохиолдож байсан хамгийн ичмээр явдал?



-Би бүрэг ичимхий хүүхэд байсан. Ангийхныхаа өмнө гараад дуул гэхээр ичнэ. Гэхдээ ер нь бол аймшигтай ичих хэмжээний ажил хийж үзээгүй. Харин хүний өмнөөс ичнэ гэдэг их хэцүү юм билээ.



-Таныхаар амжилт гэж юу вэ. Та хэр амжилттай яваа хүн бэ?

-Би хувьдаа төлөвлөсөн зүйлээ бүгдийг хийгээд явж байгаа хүн. Гэхдээ мэдэх мэдэхгүй юм руу орох хүсэлгүй чаддаг зүйлээ л хийхийг хүсдэг.
 


-Та амласандаа хүрдэг үү?



-Хүрэлгүй яах вэ. Хүрч байж л өнөөгийн хэмжээнд явж байна шүү дээ.



-Таныг өөрийгөө нэг үгээр тодорхойл гэвэл?



-Би л гэнэ.


-Та бусадтай ярилцаж байхдаа хэр сайн ярилцагч нь байж чаддаг вэ?



-Би хүний үг сонсох дуртай. Ер нь өөрөө ярьснаас хүний үг сонсох сайхан. Их мэдээлэл мэдлэгтэй болно. Гэхдээ зайлшгүй ярих зүйл дээр дуугүй суухгүй.



-Та хэр сайн нууц хадгалагч вэ?



-Энэ үгийг чамд л гэж хэлвэл сайн хадгална. Харин тэгээгүй бол ярина аа ярина.



-Таны хамгийн дуртай баяр?



-Монголд хоёр л баяр байвал зүгээр.  Шинэ жилтэйгээ хамт цагаан сараа хийх мөн наадам. Манай баяр дэндүү олдоод байна.



-Таны хамгийн сайн хийж чаддаг ажил?



-Өөрийн төлөвлөсөн ажил юу ч байсан хийнэ. Харин нийтлэг гэдэг утгаараа надад гарын жаахан ур дүй бий.



-Бурхан гэж байдаг уу?



-Бурхан гэж бий. Нүдэнд харагдахгүй тэр зүйл. Би шашин, бурхан гэж ярихаас илүүтэй маш том шинжлэх ухаан гэж хэлмээр байгаа юм. Уншиж байхад их нарийн зүйл юм гэж ойлгосон.



-Таны хамгийн дургүй үг?



-Би гоё муухай үг гэж боддоггүй байлаа. Гэтэл сүүлийн үед хүмүүс “Энэ муу хэзээ ийм байсан юм” гэж хэлэх юм. Энэ үгэнд үнэхээр дургүй хүрдэг.  Монголчууд бие биенийгээ ингэж хэлж болохгүй. Харин урам өгч тухайн хүний туршлага арга барилаас суралцах учиртай.



-Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл?



-Орос, англи хэлийг бизнесийн хүрээнд мэднэ. Гэхдээ би гадаад хэлийг нэг их ойшоодоггүй. Харин түүний оронд монгол хэлээ маш сайн сурах хэрэгтэй.


-Таныг гадаадад компанитай болохоор л хэлний тухай асуултыг асуугаад байна л даа?



-Шанхайд нэг шилний үйлдвэр бий. Гэхдээ би тэнд очоод суух биш. Тухайн холбогдох хүн нь удирдаад л явна.


-Хүн үхэн үхтлээ суралцдаг гэдэг. Та юунд хамгийн ихээр суралцмаар байна?



-Манай гэр бүлийн хүн миний энэ суралцах зүйлд их дургүй. Харин би 14 юм уу 21 хоногийн нисдэг тэрэгний нисгэгчийн сургалтад суумаар байгаа юм. Энэ л мөрөөдлөө биелүүлнэ. Лос Анжелест энэ төрлийн сургалт байдаг юм билээ. Хэрэгжүүлэх гэхээр эхнэр дургүйцээд байгаа юм.



-Та юунаас хамгийн их айж байна вэ?



-Монгол Улсын ирээдүйгээс л айж байна. Ирээдүйн төлөө нийтээрээ санаа тавихгүй бол ганц хоёр хүн санаа тавиад хэрэггүй. Хачин сонин хүмүүсээр улсаа удирдуулсаар байтал улсын ирээдүй бүрхэг боллоо. 



-Эмэгтэй хүний ямар зан чанар таньд таалагддаг вэ?



-Шийдэмгий хатуу зан чанар таалагддаг. Бас таардаг.



-Яг одоо та хэнд баярлалаа гэж хэлэхийг хүсч байна вэ?



-Эхнэртээ л хэлмээр байна.



-Та гэр бүлээс гадуурх харилцааг юу гэж боддог вэ?



-Үүнийг байх ёстой гэх нэг төрлийн хүмүүс байдаг. Нөгөө нь ийм зүйл байж болохгүй гэх бүлэг бий. Би үүний нэгэн адил. Ийм юм бодож байхаар ажлаа бодох хэрэгтэй. Ажил багатай, зугаа цэнгэлд дуртай хүн үүнийг байх ёстой гэж боддог байх.


-Авлига хээл хахуулийг яаж багасгана гэж боддог вэ?


-Хэцүү асуудал. Үүнийг бүр байхгүй болгоно гэж байхгүй. Тиймээс нийгмийг сайн хөгжүүлж, нийтээрээ жигдхэн амьдралтай болж байж арай багасна. Манай улсад авлига улам л замбараагүй болж байна. 1990-ээд онд авлига бол юу ч биш байж. Нэг сайхан хослол, гоё ботинк бол том хахууль болж байсан. Энэ бол үнэн асуудал. Одоо бол хахуулийн чанар чансаа асар хүнд жинтэй болсон.


-Та нийтийн тээврээр хамгийн сүүлд хэзээ үйлчлүүлсэн бэ?



-Естой санахгүй байна.  2000 оноос хойш нийтийн тээвэрт суугаагүй байх. Өөрөө машинтай болохоор нийтийн тээвэр рүү зүтгээд байх шаардлага байхгүй.



-Та хэр азтай хүн бэ?


-Азтай азтай. Миний бодсон санасан зүйл бүтдэг. Гэхдээ бүтэхгүй зүйл ч байна.



-Таны муу зуршил?


-Надад муу зуршил байхгүй. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Муу зуршил гэдэг маш аюултай. 



-Өнгөрсөн, одоо, ирээүй гурвын аль нь илүү чухал вэ?



-Ирээдүй чухал. Өнгөрсөн зүйлээр бид яах билээ. Бид ирээдүйн төлөө л явна.


-Та хэний бишрэн шүтэгч вэ?


-Махатма Гандиг бишрэн шүтэгч. Тийм хүн л манай улсад төрөөсэй гэж боддог. Тэр хүнд ямар ч хөрөнгө байхгүй. Англид маш өндөр боловсрол эзэмшсэн. Гэтэл дөрвөр метр даавуугаар биеэ ороогоод л энэтхэгийн ард түмний төлөө явж байгаад буудуулж нас барсан. Ийм л хүн.



-Таны хамгийн ихээр харамсч байгаа зүйл?


-Тийм зүйл байхгүй. Дээр хэлсэнчлэн өөрт тохирсон бизнесээ хийгээд явж байгаа хүн.


-Та хэд хүртэл наслахыг хүсч байна вэ?


-Би одоо дөрвөн ачтай. Дахиад ач гарахыг хэн байг гэхэв. Тэгэхээр хамгийн бага ачийг 20 хүртэл сууна гэж бодож байна. Гэхдээ хүний нас хэмжээтэй. Дээд тэнгэрээс дуудсан бол тэгээд л явна.


-Мөнгө гэж таныхаар?


-Үүнийг олон янзаар тайлбарлаж болно. Миний бодлоор бол хэрэглээний нэг хэрэгсэл.


-Их хэмжээний мөнгө чухал уу?


-Бизнес эрхэлж байгаа хүний хувьд чухал. Харин зүгээр нэг хүн өглөө бүр сая төгрөг халааслаж гараад яах билээ.


-Та тэгвэл яг одоо хэдэн төгрөгтэй явна?


-Би хүнсний зүйлээ цуглуулах гээд 200 орчим мянган төгрөгтэй явна. Уул нь захаасаа авдаг байсан шатаачихсан.

-Хайр гэж таныхаар?



-Хайр бол нийтлэг асуудал. Аав ээж, анд нөхөр үр хүүхдийн хайр байна. Тэд бүгд өөр, өөрийн өнгөтэй. Хайр бол эцсийн эцэст хүний оюун ухаанд байдаг.



-Та хүн болж төрөөгүйсэн бол ямар амьтан болох байсан бол?


-Арслан юм уу бүргэд болно л гэж хэлмээр байна. Аль болох хүчтэй амьтан болж төрөхийг боддог.


-Одооний амьдралдаа сэтгэл хэдэн хувь ханамжтай байна вэ?



-Япончууд модыг 105 хувь ашигладаг юм гэсэн. Түүний нэгэн адил 105 хувь хангалттай байна. 

 


Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Bosoo:
Hiij buteesen hudulmurlsun ter bugd n odoo amjiltand hursen odoo ch zugeer suugaagui bh gej bodoj bna.
2015-07-03
Зочин:
narantuul bol Mongoliin yaduu, dundchuudiin heregtsegg hangaj bgaa gazar . eniig n l bitgii haagaasaidaa. baychud n ter unetei delguureesee yumaa avna biz. bid bol Narantuuliin uilchluulegchid.
2015-07-03
Зочин:
Аргагүй шүү дээ. Зүгээр сууж хүний халаас хоосолж баяжиж байгаа хүн чинь сэтгэл хангалуун байхгүй бол тамд унана биз дээ???
2015-07-03