Ослын буруутанг олоход Орос туслана
2015-07-03

Малайзын “МН17” онгоц өнгөрсөн онд Украины зүүн хязгаарт осолдсон билээ. Онгоцонд багийн 15 гишүүнээс гадна дэлхийн долоон орны 280 зорчигч зорчиж явсан юм. Ослын шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Гэхдээ Голландын удирдлагууд ослын буруутанг Украины салан тусгаарлагчид хэмээн хардаж буйгаа нэг бус удаа мэдэгдсэн юм. Бүгд Найрамдах Донецк улсын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилсөн Александр Захарченко “Салан тусгаарлагчид энэхүү осолтой холбоогүй. Харин Украины арми “МН17” онгоцыг “БУК” хэмээх пуужингаар харвасан” гэжээ. Ослын газар ажиллаж, мөрдлөгийг ахалж буй Голландын шинжээчдийн баг Оросын удирдлагуудтай уулзсан тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шинжээчдийн тэмдэглэлтэй танилцжээ. Тэрбээр “Ослын буруутан нь тодорхойгүй байна. Орос, “МН17”-ийн ослын шалтгаан, жинхэнэ хэрэгтэнг барихад туслалцаа үзүүлэх болно” гэж хэлжээ.

 

Өнөөдрийг хүртэл шинжээчид салан тусгаарлагчдын хяналтад байгаа Донецк, Луганск, Харьков мужид нэвтэрч, гэрчүүдтэй уулзаж чадахгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт шинжээчдийг Луганск мужид нэвтрэхийг зөвшөөрсөн ч энэ долоо хоногийн эхээр тус мужийн удирдлагууд татгалзсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин