Ховдод тууль, цуурын наадам болжээ
2015-07-03

Монгол Улсын төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн нэрэмжит туулийн наадам, Нэрт цуурч П.Наранцогтын нэрэмжит Монгол цуурын улсын анхдугаар үзлэг  энэ сарын 01-нд болжээ.

 

 

Тууль, цуурын наадмын ерөнхий зохион байгуулагчаар Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Соёлын өвийн төв хамтран ажилласан юм байна. 


 

Гурван жилд нэг удаа зохиогдох тус үзлэг наадам өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд Ховд хотын Хөгжимт драмын театрт нээлтээ хийж, үндсэн шалгаруулалтаа эхлүүлсэн юм байна. 

 

Үзлэг наадамд арван багш нийт 25 шавийн хамт оролцож, өөрийн сайн тоглодог нэг аялгуу мөн заавал тоглох ая “Ээвийн голын урсгал” хэмээх цуурын аялгууг тоглож, тууль хайлжээ.

 


Үзлэг наадмыг зургаан шүүгч шүүж, оролцогчдын тоглох ур чадварыг харгалзан тэргүүн, дэд, гуравдугаар, шагналт гэсэн 4 байруудыг шалгаруулж, ганцаарчилсан төрөлд өргөмжлөл 250.000 -1.000.000 төгрөг, хамтлагийн төрөлд тэргүүн, дэд байрыг шалгаруулан өргөмжлөл, 400.000- 600.000 төгрөгөөр шагнажээ.
 


Төрийн соёрхолт, нэрт туульч Б.Авирмэдийн хүү А.Балдандорж зургаан шавийн хамт, түүний шавь Н.Дамдиндорж гурван шавийн хамт, Мөнххайрхан сумаас Баатаржав таван шавийн хамт оролцлоо.


Наадамд оролцогч Баян-Өлгий аймгийн Буянт сумын туульч Х.Болд, “Туулийн өвлөн тээгчдийг үнэлж, хойч үедээ өвлүүлэн олон шавь төрүүлэн гаргахыг уг тэмцээн чухалчилж байна. Би 1990 оноос тууль хайлж эхэлсэн. Одоо долоон шавьтай. 4-10 дугаар ангид суралцдаг. Би шавь нартаа ном цээжлэхээс илүү өөрийн оюун ухаанаар аливаа зүйлийг тогтоож, хүний хэлсэн 4 мөрт шүлгийг ч, 8 мөрт болгон баяжуулж тогтоох хэрэгтэй гэж зөвлөдөг. Цаашид олон чадварлаг туульч шавь нарыг бэлтгэн гаргахыг, сум орон нутагтаа туулийг өндөр түвшинд хөгжүүлэхийг хүсдэг" гэжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин