Манай дуучид Италийн тайзнаа дуулна
2015-07-06

 

Монголын уран бүтээлчид Италийн “La Cenerentola” гала тоглолтод оролцох болсон талаар дуучин Ж.Чингис, Э.Очирсайхан болон албаны хүмүүс “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.



Долдугаар сарын 19-ний өдөр болох “La Cenerentola-Үнсгэлжин ба Италийн дуурь-2015” гала тоглолт нь Итали улсын Ромын алдарт Формело хотод зохиогдох бөгөөд Монгол Италийн хамтарсан дуурийн дуучдын Россингийн “Үнсгэлжин” гала тоглолт 2015, 2016 төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж. 

 



Энэхүү төслийг монгол гаралтай Италийн дуучин С.Аяна санаачилсан бөгөөд  Итали дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам болон Формела хотын захиргаа дэмжин ажиллаж байгаа юм байна.

 



Урлагийн чиглэлийн уг төслийн зорилго нь Россинигийн "La Cenerentola буюу Үнсгэлжин" дуурийг Италид болон Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тавих урьдчилсан бэлтгэлийг үе шаттайгаар бүрэн төгс хангахад оршино.

 


Дуурийг эхлэн Италид театрын тайзнаа тавих бөгөөд үүнээс өмнө зуны хоёр удаагийн сургалт зохион байгуулах юм байна. Уг нэр хүндтэй гала тоглолтод Монгол Улсаас басс хоолойтой  СТА, дуучин Ж.Чингис, тенор Ө.Цэрэнчунт, баритон Э.Очирсайхан /universe best songs 2015 оны шилдэг оролцогч/, Франц улсад сурч байгаа меццосопрано дуучин Б.Мягмарсүрэн нар оролцох юм байна. 

 



Энэ тоглолтод дуучин Э.Очирсайхан нь ханхүүгийн туслахын дүрд тоглохоор шалгаруулалтад орох гэж байгаа  аж.

 



Мөн төслийн санаачлагч С.Аяна, Испанийн тенор Игнасио Приэто, Италийн дуучин сопрано Бруна Вэнчинвэнга, нар дуулах бөгөөд ОХУ-ын төгөлдөр хуурч концермэйстер багш Викториа Кхалилова алдарт Степен Лауренсийн удирдлага тоглох гэнэ. 

 



Гала тоглолтод нэрт уран бүтээлч хатагтай Натали вон Риттербэргийн үзэсгэлэнгээр эхэлж, улаан хивсний ёслолоор болж европын тайж, язгууртан ноёд болон Итали Улсад суугаа элчин сайд, дипломат албаныхан оролцох юм байна.

 

 


Надад хоёр дүрийн сонголт бий

 

 

Энэ үеэр Ардын жүжигчин Д.Жаргалсайхан агсны хүү, СТА дуучин Ж.Чингистэй цөөн хором ярилцлаа.

 

 

-Юуны өмнө "La Cenerentola буюу Үнсгэлжин" дуурийг Италийн тайзнаа дуулах гэж байгаад баяр хүргье. Сэтгэгдэлээ хуваалцаач?

 

-Баярлалаа.  Монгол Италийн хамтарсан дуурийн дуучдын Россингийн “Үнсгэлжин” гала тоглолт 2015, 2016 төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Энэ удаад сургалтын маягаар явагдана. Италийн сургагч багш нар 14 хоног бидэнд сургалт хийнэ. Харин 14 хоногийн дараа бид гала тоглолт хийх болно.

 

 

-Таны хувьд ямар дүрд тоглох вэ?

 

-Надад хоёр сонголт бий. Альдоро, нөгөөх нь Магнегдоро гэсэн хоёр дүрийн нэгэнт тоглох байх. 

 

 

-Таныг одоогоос 20 жилийн өмнө дуучин Мишээл, Жагаа нартай хамтран дуулж байсныг санаж  байна. Тухайн үедээ нэлээд амжилттай гарч ирсэн боловч, удалгүй чимээ алдарсан. Хамтлагийн гишүүдтэйгээ холбоотой байгаа юу?

 

-Тиймээ. Холбоотой байгаа. Манай хамтлаг жил хиртэй уран бүтээлээ туурвиж байгаад тус тусын уран бүтээлээ хөөсөн. Хөгжмийн найруулагч Болорхүү маань тухайн үед бид гурвыг зангидаж байсан. Одоо би Болорхүүтэйгээ хамтран уран бүтээлээ хийж явна. Жагаа маань мөн л над шиг чөлөөт уран бүтээлч болж, компани байгуулан ажиллаж байна. Мишээл маань гэр бүлтэй болж, цаг заваараа  бие даан уран бүтээлээ хийж байгаа.

 

 

-МУГЖ дуучин Г.Ариунбаатар, СТА дуучин Ө.Цэрэнчунт зэрэг мундаг дуурийн дуучид эх орныхоо тайзнаас илүү гадны театрын тайзыг өдгөө чимж яваа. Таны хувьд тухайн өвөрмөц хоолойтой хэмээгддэг байсан. Дуурийн театрт дуулахыг хүсдэг үү?

 

-Дуурийн театрт дуулж байсан л даа. Гэхдээ бараг 20-иод жилийн өмнө. Тухайн үед зөвхөн дууриа дуулаад мөнгө олж, гэр бүлээ тэжээх арга байсангүй. Харин өдгөө нөхцөл байдал үнэхээр сайхан болсон байна. Бүх зүйл нээлттэй болсон байна. Залуучууд маань ч мундаг болж. 

 

-Одоо хаана ажиллаж байна вэ?

-Оюутолгой компанид ажиллаж байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bugded amjilt huseye.
2015-07-15
ЗОЧИН:
АМЖИЛТ
2015-07-06
Зочин:
Baharhaj baina. Amjilt husii!
2015-07-06
Amraa:
Chadvartai chadaltai duuchin amjilt husie!
2015-07-06
Зочин:
Amjilt huseye oroltsoj baigaa buh duuchiddaa
2015-07-06
yoo:
Teatrinhaa mundag duuchdaar duuluulahgui yun sonin ulsiin ner mongolin ner garnashde chunt gej teatrd gologdson nuhur neg oyutan neg barag tetgeveriin yoo yoo
2015-07-06