Монгол судлалын талаар ярилцжээ
2015-07-07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Заяабаатар, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо, Олон улсын Монгол судлалын холбооны хүндэт гишүүн, академич Ш.Бира нарыг хүлээн авч уулзан, Монгол судлалын асуудлаар ярилцлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, ний  гмийн бодлогын зөвлөх Р.Болд байлцав.

 

 

Уулзалтын эхэнд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлэхдээ “Монгол судлалын салбарын өнөөгийн байдал өмнөхөө бодоход танигдахын аргагүй хөгжсөн байна. Энэ салбарыг хөгжүүлэх тал дээр өнөөдөр олон чухал арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр дэлхий дахины 48 төвд Монгол судлалыг эрчимтэй хөгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаадын улс оронд хийсэн айлчлалын үеэр Монгол судлалын салбарыг хөгжүүлэх тал дээр хэлэлцэж тохирсон олон ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр бид чамгүй зүйлийг хийсэн. Сүүлийн үед Монгол судлалын салбар залуужиж байгаа бөгөөд цаашид гадаад, дотоодын монголч эрдэмтдийг дэмжих ажлыг улам бүр эрчимжүүлэх хэрэгтэй байна” хэмээв.

 

Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо хэлэхдээ “Төр засгаас сүүлийн үед Монгол судлалыг эрчимтэй дэмжсэний ачаар энэ салбар эрчимтэй сэргэж байна. Тухайлбал Монгол судлалын үндэсний хөтөлбөрийг гаргаж, Монгол судлалын Үндэсний зөвлөл, Монгол судлалыг дэмжих санг тус тус байгуулсан гэх мэт олон ажлыг дурдаж болно.

 

Олон улсын Монгол судлалын холбооны 11 дүгээр ээлжит хурал ирэх 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдоно. Ерөнхийлөгчийн ивээл дор болох энэхүү арга хэмжээг таван жилд нэг удаа зохион байгуулдаг. Ирэх оны наймдугаар сард уг хурлыг зохион байгуулахаар бид төлөвлөн гадаадын Монгол судлалын төвүүдтэй холбогдон ажиллаж байна.

 

Гэвч хурлыг зохион байгуулахад шаардагдах төсөв мөнгөний асуудал хүндрэлтэй байна. Энэхүү хурал нь Монгол Улсын нэр хүндийг өсгөх, гадаадад сурталчлахад чухал нөлөөтэй арга хэмжээ юм. Энэ чухал арга хэмжээг зохион байгуулахад хэрэгтэй хөрөнгийг шийдэх асуудалд төр засгаас анхаарлаа хандуулан шийдэж өгнө гэж найдаж байна” хэмээв.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалын салбар болон Монгол судлалыг хөгжүүлэх зорилго бүхий байгууллага, сангийн бүтэц үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах нь зүйтэйг дурдав. Дэлхийн Монгол судлалын томоохон төвийг Улаанбаатар хотноо байгуулах, энэ чиглэлээр гадаадын улс орны туршлага судлах тал дээр ажиллах хэрэгтэйг онцоллоо. Монгол судлалын салбарыг санхүүжүүлэх хандивын сан байгуулах, санхүүжилтийн бусад эх үүсвэрийг олох арга замыг хайх, энэхүү сангийн хөрөнгийг албан татвараас чөлөөлөх боломжийг судлах хэрэгтэйг мөн дурдлаа.

 

Ирэх 2016 онд болох Олон улсын Монгол судлалын холбооны 11 дүгээр ээлжит хурлын зохион байгуулалтын ажилд анхаарлаа хандуулахыг Ерөнхийлөгч даалгав. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах хөрөнгө мөнгийг ирэх оны улсын төсөвт оруулах саналаа илгээж шийдүүлэхийг санууллаа. 

Shuud.mn
Сонин хачин