Трампийг нэрээ татахыг уриалав
2015-07-08

Ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшээд буй Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон нэр дэвшигчийн хувиар “CNN” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр “Ерөнхийлөгч болбол цагаачлалын хуулинд өөрчлөлт оруулж, АНУ-ыг зорин ирж буй цагаачдад боломж олгох болно. АНУ бол олон үндэстний эх орон. Тиймээс АНУ-ыг зорин ирж буй хүмүүсийг найрсагаар хүлээн авах нь бидний үүрэг билээ. Харин сөрөг хүчин Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаа тэрбумтан Дональд Трамп нэрээ татаж, бизнесээ хийсэн нь дээр. Тэрбээр Ерөнхийлөгч болбол АНУ-д байгаа бүх цагаачийг гаргах болно гэж мэдэгдсэн. Энэ бол буруу. Олон хүнийг хохироодог Ерөнхийлөгч энэ улсад хэрэггүй. Асуудалд орохоосоо өмнө Трамп нэрээ тат. Тиймээс сонгуулийг илүү сонирхолтой болгохын тулд цэвэр, шударга өрсөлдөхийг нэр дэвшигчдээ уриалж байна. Надад итгэж, итгэл хүлээлгэвэл би бүх хүчээ АНУ-ын төлөө зориулах болно” гэж хэлжээ.

 

Ярилцлагын дараа Трамп твиттертээ “Миний сонгуульд өрсөлдөх эсэхийг Хилари шийдэхгүй. Уурыг минь хүргэхээ боль” гэж жиргэсэн байна. Трамп саяхан Мексикээс ирсэн цагаач ажилчнаа халж, олны бухимдлыг төрүүлсэн билээ. Тэрбээр “АНУ-д цагаачдад гишгэх газар байхгүй” гэж мэдэгдсэн юм. Түүний нэр хүнд огцом буурч байгаа бөгөөд Ерөнхийлөгч Барак Обама хүртэл тэрбумтан эрийг буруутгажээ.

 

“CNN” агентлагийн сэтгүүлч Андерсон Купер нэр дэвшигчээс “Хэрвээ та Ерөнхийлөгч бол хамгийн эхэнд ямар ажил хийх вэ” гэж асуужээ. Энэхүү асуултад Хилари “Ерөнхийлөгч болбол эхний ээлжинд Ерөнхийлөгч Обамагийн санаачилсан “Обамагийн халамж” эрүүл мэндийн үйлчилгээг ажил хэрэг болгож, даатгалын мөнгийг нэмэх болно” гэж хариулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин