Уяачдад зориулан уриалга гаргалаа
2015-07-08

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хурдан хүлэг морьдоо сойж оролцох гэж байгаа уяачдад Монголын морин спорт, уяачдын холбооноос уриалга гаргажээ. 

 

Уг уриалгад "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж эмээлийн олом жирэм, угсуураг, жолоо цулбуур зэрэг хэрэглэлийн бат бөх байдлыг сайтар нягтлах, 7-оос дээш насны морь унах дадал, чадварыг эзэмшсэн, гэнэтийн ослийн даатгалд хамруулсан уралдаанч хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэглэлийг заавал өмсүүлэхийг  уриалсан байна.

 

Мөн наадмын өдрүүдэд нийт нутгаар тэр дундаа Улаанбаатар хотын Хүй долоон худагт гандуу зуншлага оройтсон, хуурайшилт ихтэй байх учраас уяачид хурдан морины уяа сойлго, урьд шөнийн хоол ундыг онцгой анхаарч морь өлдөх, багтрах зэрэг уяаны алдаа гаргахгүй байхаас урьдчилан сэргийлэхийг хүсчээ.

 

Түүнчлэн, монголын морин спорт, уяачдын холбооны эрлийз болон монгол адууг ялгаж уралдуулах бодлого, шийдвэрийг хүндэтгэн “Монгол морьдын уралдаанд эрлийз морьдоо уралдуулахгүй” байж наадамчин зон олон Монгол наадмаа хүндэтгэн, Монгол уяачын ёс зүй, Монгол уяачын тангарагаа эрхэмлэн дээдлэхийг уриаллаа.

 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин