Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлав
2015-07-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаан хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулах батлав. Дараагаар нь батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонслоо. Үүний дараагаар хэлэлцэх асуудалдаа орлоо. Хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг гишүүн Г.Батхүү танилцууллаа.

 

Манай улсын эдийн засгийн өсөлт хэлбэлзэлтэй, цөөн тулгууртай, экспортын дийлэнх хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарын түүхий эдийн үнэ гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай байгаа нь эдийн засгийн  бие даасан байдал, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.

 

Цаашид эдийн засгийг олон тулгуурт, бие даасан, тогтвортой хөгжлийн хэлбэрт шилжүүлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг төрөөс онцгойлон анхаарч нэгдсэн бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, төрөөс санхүүгийн интервенц хийх зэрэг бодит алхмуудыг төлөвлөн цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай аж. 

 

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд ДНБ-ний 30.3 хувийг бүрдүүлж, оны үнээр 9.8 их наяд төгрөг болж өссөн өсөлтийн ихэнх хувь нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, технологийн агууламжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл байна.

 

Түүнчлэн аж үйлдвэрийн гол салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ний 8.3 хувийг эзэлжээ.

 

Экспортын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 35.2 хувиар өссөн нь зэсийн баяжмалын экспортын өсөлтөөс шалтгаалсан бөгөөд ЭЗХАБ /OECD/-ын аргачлалын дагуу манай орны экспортын бүтээгдэхүүний бүтцэд хийсэн дүн шинжилгээгээр экспортын 97 хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн технологийн агууламж багатай бүтээгдэхүүн байна. Өөрөөр хэлбэл, бид ихэнхдээ нэмүү өртөг шингээлгүйгээр экспортод гаргаж байгаа ба цаашид боловсруулах үйлдвэрийн чадавхийг сайжруулах, нэмүү өртөг шингээх, экспортын бүтээгдэхүүний технологийн агууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай аж.

 

ЭЗХАБ /OECD/-ын аргачлалаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний технологийн агууламжийг тодорхойлохдоо судалгаа хөгжлийн ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг гол шалгуур үзүүлэлт болгон авч үздэг. Судалгаа хөгжилд оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөж нь дунджаар 30 хувь байдаг  тул өндөр технологи бүхий өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд судалгаа хөгжилд хөрөнгө оруулах шаардлагатайг харуулжээ. 

 

Иймд хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, үнэ цэнэ шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх хэрэгтэй юм.

 

Тиймээс дэлхийн зах зээлд өрсөлдөх Монгол Улсын харьцангуй давуу тал болох хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийн нөөцийг эргэлтэд оруулж, экспортод чиглэсэн, импортыг орлох, өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулан эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол үзэл баримтлалд тулгуурлан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.

 

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцааг зохицуулах ба ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийг дэмжих харилцаанд хамаарахгүй гэнэ.

 

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай 1 удаа олгох юм байна.

 

Мөн өндөр үр ашиг бүхий дэвшилтэд технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан, экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртэлх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс 1 удаа үйлдвэрт буцааж олгох аж.

 

Уг хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь мөрдөж эхлэх саналыг байнгын хорооноос гаргажээ. Уг  саналыг гишүүдийн 78 хувь нь дэмжсэн юм. Ингээд үг хэлж, асуулт асуух гишүүн байгаагүй учир Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 82 хувийн саналаар уг хуулийн төслийг батлагдлаа.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин