Э.Амартүвшин: Дуурийн дуучид өндөрлөгт хүрэхэд хугацаа шаарддаг
2015-07-09

МУГЖ, дуурийн дуучин Э.АмартүвшинМУГЖ, дуурийн дуучин Э.Амартүвшинтэй ярилцлаа.

 

Тэрбээр саяхан Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм.

Мөн өчигдөр Засгийн газрын шийдвэрээр 20 сая төгрөгөөр шагнуулсан юм.

 

 

-Өчигдөр өөрийнхөө хөдөлмөрийг Төр, засгаар үнэлүүллээ. Сэтгэгдэл ямар байна вэ?

 

-Өндөр байлгүй яахав. Төр  маань уралдаан тэмцээний үр дүн, шагналыг маань үнэлж, мөнгөн шагналаар шагнасан. Цаашид эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахын төлөө илүү ихийг хийх болно. Төр , засаг маань ч олон чадварлаг уран бүтээлчдийг үнэлэх болно гэж итгэж байна.

 

Миний хувьд “Gardiff singer of the world” уралдаанд очиж, үзэгчдийн санал асуулын шагналыг хүртсэн. Энэ маань Төрөөс шагнуулах үндэслэл болсон байна. “Gardiff singer of the world” уралдаан бол маш том уралдаан.

 

 

-Маргааш Чингисийн талбай дээр та Юндэнгийн дүрд тоглох гэж байна. Дүрээ ямар онцлогтойгоор гаргах вэ?

 

-Өөрийнхөө тоглодог шигээ тоглоно. Онцлог нь гэвэл илүү олон хүн “Учиртай гурван толгой” дуурийг үзнэ. Ард түмэнд нээлттэй задгай тоглож байгаа нь надад их таалагдаж байгаа.

 

-Таны хувьд Юндэнгийн дүрийг хэдэн удаа амилуулж байсан бэ?

 

-Бараг 20-иод удаа болчихож байгаа байх.

 

 

 

-Манай үзэгчид нэг үеэ бодвол дуурь, балетыг сонирхон үздэг болжээ. Таны хувьд гадаад, дотоодын олон тайзанд гарсан. Монголын үзэгчдийг юу гэж дүгнэх вэ?

 

-Нэг үеэ бодвол сонгодог урлагт манай үзэгчид дурлаж байна. Гэхдээ барууны орнуудын зретилын түвшинд хүрэх хараахан болоогүй байна. Үзэгчдийн мэдрэмж өсч байна. Бас үзэх  тоо өсч байна.

 

Яахав гадныханы хувьд нялх бага байхаасаа эхлээд сонгодог урлаг үздэг байсан байх. Тийм учраас тэдний яс мах, цусанд нь сонгодог урлагийг мэдрэх мэдрэмж шингэсэн гэж ойлгодог. Тийм учраас тэд зүрх сэтгэлээсээ дуурийг сонсож, оюун ухаанаа төвлөрүүлж, бүх биеэрээ мэдэрдэг байх.

 

 

-Дэлхийд данстай болсон олон улсын дуурийн дуучдад томоохон орны алдартай театруудаас хамтран ажиллах санал тавьдаг. Танд иймэрхүү саналууд ирж байна уу?

 

-Ирж байна, ирж байна. Гэхдээ надад эх орныхоо тайзан дээр дуулах илүү сайхан санагддаг.

 

-Олон улсын театруудад дуулж байхад аль орны театр, үзэгчид таны сэтгэлд мартагдахгүй дурсамж үлдээж чадсан бэ?

 

-Ер нь бүх л газар сайхан даа. Оросоос эхлээд Европын бүх орнуудад театр, урлаг, сонгодог хөгжим гэдэг агуу хөгжсөн. Ялангуяа Франц орон бол жинхэнэ уран барилгын цогц бүтээл, театрын гоо үзэмжийг харуулсан жинхэнэ тансаг театруудтай даа. Италид ч мөн адил. Орос бас л мөн ч сайхан байна даа. Европын орнуудаар явж байхад үзэгчид бүгд л халуун дотно хүлээж авдаг. Тэр тусмаа Оросын үзэгчид бол ялангуяа оросын бүтээлүүдийг дуулахад маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авдаг.

 

-Олны танил болсон нь таны амьдрал, уран бүтээлд өөрчлөлт үзүүлэв үү?

 

-Нэг их айхтар өөрчлөлт гараагүй. Бид чинь ер нь маш зав чөлөөгүй ажилладаг. Телевиз радиогоор байнга гарч, ярилцлага өгөөд явах зав байхгүй. Дуурийн театртаа дууриа дуулдаг, гадны тайзуудаар явдаг. Тийм болохоор байдаг л хэв маягаараа л амьдарч байна даа. Уран бүтээлийг дэмжих, ивээн тэтгэх тал дээр ч нэг их айхтар өөрчлөлт гараагүй дээ. Хүн болгоны хүндлэлийг хүлээж итгэл найдварыг дааж явна гэдэг л сайхан даа. Тэр утгаараа л жаахан өөрчлөгдсөн байх.

 

-“Дуурийн дуугаар амжилтад хүрнэ гэдэг бол их удаан хугацаа, тэвчээр шаарддаг. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

 

-Тэр үнэн. Хамгийн хэцүү, хамгийн ховор заяадаг мэргэжил. Тэр болгон дуурийн гоцлол дуучин болоод байдаггүй шүү дээ. Гоцлол дуучин болсон хойноо манлайлагч, олон нийтэд танигдсан дуучин болно гэдэг бол маш ховор тохиолдол. Дээрээс нь асар их авьяас, ухаан мэдлэг заяасан байх ёстой. Түүнийг нарийн мэдрэмжээр олж авч цааш нь хөгжүүлэх нь чухал.

 

Хамгийн гол нь хөдөлмөр шүү дээ. Дуурийн дуучин хүн гэдэг өндөрлөгт маш удаан хүрдэг. Ийм өндөрлөгт удаан хүрэхдээ харин ч том далайцтай, даацтай хүрдэг. Эргээд хэзээ ч бөхөж алга болдоггүй. Тэр хүн “баатар” болсон тэр чигээрээ л мөнхөрдөг. Тэр хүн агуу дуучин байсан, агуу хүн байсан гэдгээрээ л үлдэнэ.

 

-Одоо таныг дэлхийн хэмжээний дуурийн алдартай дуучдын нэг гэж хэлж болох уу?

 

-Үгүй, үгүй. Тийм болтол нэлээд хугацаа байна.

 

-Дуурь бүжгийн эрдмийн театрын зүгээс таныг хэр анхаарч дэмжиж байна вэ?

 

-Дэмжинэ. Би чинь орон тооных нь ажилчин. Энэ улаан театр чинь л биднийг тэжээж байгаа ганц байгууллага шүү дээ. Бид байнга тэндээ ажиллаж, дуулж, дасгал сургуулиа хийж байж форумтай байна.

 

-Амжилт бүтээлээр дүүрэн явж байгаа залуу хүний хувьд залуустаа хандаж юу хэлэхийг хүсч байна?

 

-Нэг л зорьсоноо тууштай л байх хэрэгтэй. Гэхдээ бүтэхгүй юмны хойноос насаараа дагаад хэрэг байхгүй. Хүн болгонд ямарваа нэгэн чаддаг юм, нэг авьяас байж л байгаа. Тийм учраас тэрийгээ маш мэдрэмжтэй олж авах хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ үзүүрээс нэг атгаад авсан бол хойноос нь хөдөлмөрлөж, зүрх сэтгэл, цаг хором алдахгүй зарцуулж зүтгэвэл ямар ч л байсан тодорхой амжилтад хүрнэ.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Уран бүтээлийн тань ажилд амжилт хүсье.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
mash sain:
bi urd ni uchirtai 3 tolgoi ujej baigaagui saya talbaid bolson togloltiig ni ujsen. Mash ih taalagdsan
2015-07-13
зочин:
Мундаг залуу. Цаашид улам өндөр оргилд хүрээрэй. Сайн мэнэжэртэй болоод гадагшаа гарах хэрэгтэй.
2015-07-13
Зочин:
Xarin tiimee. Yalgaag ni oilgoxgui setguulchid zondoo baina kk.
2015-07-11
Зочин:
сэтгүүлч формтай байдаг гэсэн үгийг нь форумтай гээд л андуурч буулгаж дээ
2015-07-10
Зочин:
Xarin tiimee. Yalgaag ni oilgoxgui setguulchid zondoo baina kk.