Сөрөг хүчингүй парламентын сөргөөцөлдсөн урт хавар
2015-07-10

Хаврын чуулган хугацаа сунган хуралдаж, үндэсний их баяр наадмын өмнөх өдөр хаалтаа хийлээ. Энэ хаврын чуулганаар эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээгээ хэрэгжүүлэхэд Засгийн газарт хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгөхөд чиглэж байлаа. Харамсалтай нь гүйцэтгэх засаглалдаа дэм өгсөнгүй. Эдийн засгийн хөшүүрэг болгохоор өргөн барьсан хуулиуд хэдэнтээ буцлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн УИХ-ын дарга хоёрын үл ойлголцол, улс төрийн тохироонд хүрч чадаагүйгээс хаврын чуулганы хугацаанд Тавантолгойн гэрээний төсөл хүлээлт үүсгэсээр Засгийн газарт буцлаа. Дараагаар нь Гацууртын ордод төрийн эзэмших хувийг тогтоох тухай хуулийн төсөл мөн л парламентын хаалгаар хоёронтоо ороод буцав.

 

“Тавантолгой”-н гэрээнд гарын үсэг зурж, Гацууртын ордод төрийн эзэмших хувийг тогтоосноор хямарч хүндэрсэн эдийн засаг суга дээшээ сэргэдэггүй юм гэхэд хэвийн түвшинд очихоор байсан. Харин хаврын чуулганыг хаахдаа УИХ-ын дарга стратегийн ордуудын талаарх байр сууриа хэллээ. Тэрбээр “Оюутолгойн ордыг ашиглах асуудлаар УИХ холбогдох шийдвэрийг гаргасан. Оюутолгой орд эдийн засгийн эргэлтэд орж, бүтээгдэхүүнээ экспортолж байна. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайг ашиглах төлөвлөгөөг хөрөнгө оруулагчтай хамтран баталсан нь зах зээлд эерэг дохио өглөө. Одоо Оюутолгойн далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтыг Монгол Улс хүлээж байна.

 

Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн ордын зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” компанид хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын төр болон 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн хүртэх эдийн засгийн өгөөжийг хамгийн өндөр хэмжээнд байлгах нь чухал. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсны нэг чухал үр дүн нь Монгол Улс, иргэд, үндэсний аж ахуйн нэгж ногдол ашиг хүртэх эдийн засгийн бүтцийг бий болгох явдал юм. Тиймээс зөвхөн Цанхийн хэсгийг биш, тус ордыг бүхэлд нь дэд бүтцийн хамт цогцоор нь ашиглах асуудлыг шийдвэрлэх нь Монголын эрх ашигтай нийцэж байгаа юм. Тиймээс Тавантолгойн бүлэг ордоос урагшаа болон зүүн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг хамтад нь цогцоор шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Ингэснээр тус ордын үнэ цэнэ нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж өндөр байх болно.

 

Тавантолгойн ордыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахаар Засгийн газраас боловсруулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг хангаагүй, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн гэж УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэсэн. Энэ үндэслэлээр Засгийн газар төслөө буцаан татсан. Цаашдаа бид уул уурхайн том төслүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахдаа Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т заасан “... газрын хэвлий түүний баялаг төрийн өмч мөн” гэснийг хатуу мөрдөж ажиллах ёстой. Үндсэн хуулийн энэ заалтын дагуу уул уурхайн том төслийн үр өгөөжийг нэн тэргүүнд ард түмэн хүртдэг байх байх ёстой. Үүнд хяналт тавих нь төрийн үүрэг мөн. Тиймээс Монгол Улсын Их хурал хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Тавантолгой зэрэг стратегийн ордыг ашиглахтай холбогдсон гэрээ, хэлэлцээрийг байгуулах явцад Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж хуулийн хүрээнд Засгийн газарт хяналт тавьж ажиллах болно. Засгийн газар Гацууртын ордын асуудлаар УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй” гэлээ. Харамсалтай нь дээрх хоёр ордод дээдсүүд үг хэлээ ололцож чадаагүйгээс иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдсээр байна.

 

Хаврын чуулганы хугацаанд шинэхэн байгуулагдсан шийдлийн Засгийн газрын асуудал ч хөндөгдөөд амжив. Засгийн газрыг хамтарч  байгуулсан, сөрөг хүчингүй парламент дотооддоо эвсэг байсангүй. “Бүдүүн 73-ын бүлэг”-ийн экс сөрөг хүчин МАН-ынхан эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг сөхлөө. Засгийн газартаа урьж, Сангийн тамгаа атгуулаад байгаа эрх баригч хүчнийхэн МАН-ын энэ авирлалтыг чимээгүй хараад сууж чадсангүй.

 

Хамтарсан Засаг барьж байгаа хүчин нь “зүгээр байхад зүүгээр хатгасан болохоор зөрүүлээд тэвнэ шидлээ”. АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-тай байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-гээ цуцлахыг УИХ дахь бүлэгтээ үүрэгдэв. Тэдний энэ үйлдэлд МАН-ын гуйгаагүй байхад урьж, залснаараа Ерөнхий сайд өөрөө манай сайд нарыг огцруулах асуудлыг оруулж ирээрэй хэмээн гэдийв. Харин АН-ынхаа Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг хүлээн авч, МАН-ын 6 сайдыг огцруулах асуудлыг оруулж ирж чадахгүй гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Дээрх асуудал зөвхөн АН, МАН хоёрт хамааралтай бус. АН дотроо хагаралдаж, намын дарга, Ерөнхий сайд хоёрын хооронд үл ойлголцол үүсээд байгаа. Энэ үл ойлголцлын зангилаа нь Засгийн газрыг огцруулж, намын дарга З.Энхболд Ерөнхий сайдын албыг авснаар тайлагдана гэж олон нийт үзэж байгаа юм.

 

Хаврын чуулганаар Засгийн газар дэнжигнэн тогтлоо. Чуулган хаалтаа хийсэн хугацаанд ээлжит бус чуулган зарлана гэж байсан. Хэдийгээр энэ үед Засгийн асуудлыг хөндөхгүй өнгөрч болох ч ирэх намрын чуулганаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяаг шийдчихэд гайхаад байх зүйлгүй.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
З.Энхболд дэндүү яарч чичирж байна даа, өөрийгөө л барьж өгөөд байх юм даа хөөрхий
2015-07-10
Зочин:
З.Энхболд дэндүү яарч чичирж байна даа, өөрийгөө л барьж өгөөд байх юм даа хөөрхий
2015-07-10
Зочин:
З.Энхболд дэндүү яарч чичирж байна даа, өөрийгөө л барьж өгөөд байх юм даа хөөрхий
2015-07-10
Зочин:
Женко, З.Энхболд нарын АН дахь бүлэглэлийн завхарсан эрх ашиг МАН-ыг яаж залгиж чадах вэ дээ. З.Энхболд гэж худалч, шуналын тулам баг зүүчихээд наанаа баахан худлаа л ярьдаг ш дээ. АН-ыг ийм л балиар амьтан удирдаж байгаа. Харин МАН-ын дарга М.Энхболдын тухайд улстөрийн талбарт оносон нь их хүн шүү дээ
2015-07-10
Зочин:
Женко, З.Энхболд нарын АН дахь бүлэглэлийн завхарсан эрх ашиг МАН-ыг яаж залгиж чадах вэ дээ. З.Энхболд гэж худалч, шуналын тулам баг зүүчихээд наанаа баахан худлаа л ярьдаг ш дээ. АН-ыг ийм л балиар амьтан удирдаж байгаа. Харин МАН-ын дарга М.Энхболдын тухайд улстөрийн талбарт оносон нь их хүн шүү дээ
2015-07-10
Зочин:
Женко, З.Энхболд нарын АН дахь бүлэглэлийн завхарсан эрх ашиг МАН-ыг яаж залгиж чадах вэ дээ. З.Энхболд гэж худалч, шуналын тулам баг зүүчихээд наанаа баахан худлаа л ярьдаг ш дээ. АН-ыг ийм л балиар амьтан удирдаж байгаа. Харин МАН-ын дарга М.Энхболдын тухайд улстөрийн талбарт оносон нь их хүн шүү дээ
2015-07-10