“МН17”-ийн зорчигчдод хүндэтгэл үзүүлэв
2015-07-12

 

Малайзын “МН17” онгоц өнгөрсөн оны долоодугаар сард Украины зүүн хязгаарт осолдож, багийн 15 гишүүн болон 280 зорчигч харамсалтайгаар амиа алдсан билээ. Ослын буруутан өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа бол АНУ тэргүүтэй орнууд ОХУ-ыг буруутгаж байгаа юм. Харин “Орос осолтой ямар ч холбоогүй” хэмээн тус улсын Ерөнхийлөгч В.Путин удаа дараа мэдэгдсэн. Украины Засгийн газар ослын буруутанг Оросын захиалгаар салан тусгаарлагчид гүйцэтгэсэн гэсэн бол салан тусгаарлагчид Украины армийнхан “Бук” хэмээх пуужингаар харвасан гэж мэдээлсэн билээ. Малайзын удирдлагууд ослын шалтгааныг тодруулахын тулд өнгөрсөн долоо хоногт олон улсын шүүхэд хүсэлт гаргасан билээ.

 

Гэр бүл, найз нөхдөө алдсан зорчигчдын гэр бүл өчигдөр Куала Лампур хотноо “МН17”-ийн зорчигчдод хүндэтгэл үзүүлж, ослын буруутан, захиалагчийг олж өгөхийг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Хүмүүс “МН17”-ийн зорчигчдод тусгайлан хүндэтгэл үзүүлжээ. Голландын шинжээчид зорчигчдын ДНК тогтоож байгаа юм. Ирэх сардаа багтаан, цогцсуудыг гэр бүлд нь хүлээлгэн өгөхөө мэдэгдээд байгаа.

 

Энэхүү арга хэмжээнд Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак болон “Malaysia Airlines” компанийн шинэ захирал Кристофер Муеллер нар оролцжээ. Ерөнхий сайд “Би өнөөдрийг хүртэл гашуудсаар байна. Энэ их уй гашууг хэрхэн даван туулахаа ч сайн мэдэхгүй байна. Үнэхээр харамсалтай” гэж хэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин