Баярлах завгүй хүмүүс
2015-07-14

Энэ жилийн улс  хувьсгалын баяр дараа жилийн наадам хүртэл яригдах сонин сайхан ихтэйгээр өндөрлөж, зон олны сэтгэл тэнүүн байна. Бөх, сур, шагайн харваанд шинэ үеийнхэн олноор орж ирлээ.

 

 

Наадмын ногоон дэвжээнд 90 оныхон бяртай, аархуу барилдлаа. Энэ жилээс “найрааны цол”-ыг гээчихсэн гэхэд болно.  Бөхчүүдийн  бүтэн жилийн хөдөлмөр, хөлс хүчээ шавхсан бэлтгэл хийсэний үр дүнгээ жил жилийн наадмаар харуулж, начин, заан, арслангаар цол нэмж, наадамчин олны сэтгэлийг баясгалаа. Шинэ начин, заан, арслангууд ай даа хүчтэй, бядтай байсан.

 

Шагай, сурын харваанд ч залуучууд олноор түрэн орж иржээ. Тэр дундаа цөөн тоглогчидтой байсан шагай, сурын харваанд оролцогчид хоёр дахин нэмэгдэж, үзэгчдийн тоо ч өссөнийг зохион байгуулагчид онцолж байна лээ.

 

Харин баяр ёслолын үеэр наадаж цэнгэн, амрах завгүй ажилладаг эрхмүүд бол цагдаагийнхан, мөн ТҮК-ийн ажилчид байдаг. Энэ удаад ч тэд мөн л баярлах байтугай амрах  завгүй ажиллаж, үүргээ сайн гүйцэтгэлээ.

 

Баяр наадмын үеэр хүний зоны хөлд дарагдсан Төв цэнгэлдэх хүрээлэн хог цаасанд дарагддаг. Харин энэ жилийн тухайд алхам бүрт хогийн сав байршуулж,  нийтлэг үйлчилгээний ажилтнууд  наадамчдын дундуур хогийн тэргээ түрэн, чихэр, зайрмагны цаасыг зогсоо зайгүй түүж явсан. Тэд энд тэнд харагдах ганц нэг цаас, хогийг ч үлдээхгүй түүж, наадмаар худалдаа үйлчилгээ явуулж байгаа хүмүүст хогны гялгар хар уут түгээж байна лээ. Дээр нь “хоггүй наадамлая” гэж уриалсан зурагт самар Төв цэнгэлдэхэд өлгөсөн харагдсан. Өмнөх жилүүдэд ТҮК-ийн ажилчдад олгодог хог түүх хавчуурга нь амархан эвдэрдэг гэх гомдол дагуулдаг байлаа. Харин энэ жил ТҮК-ийн ажилчид хуушуур, бууз хавчиж гаргадаг хайчаар хог түүж харагдсан.  Зориулалтыг нь өөрчилсөн хэдий ч уг хавчуурга ТҮК-ийн ажилчдыг ажлаа хийхэд харин ч  эвлэгхэн, авсаархан  төхөөрөмж гэж байна лээ. Харин жижиглэнгийн худалдаа наймаа эрхэлж байгаа иргэд шинэхэн цэвэрхэн хогийн савны дэргэд бараагаа тавих үзэгдэл нэг бус ажиглагдсан. Жишээлэхэд  баяр наадмаар хүүхэд, залуус төрийн сүлд, далбаат гоёлыг нүүрэндээ наадаг. Уг наадаг зурагт цаасны үйлчилгээ эрхэлж байгаа иргэд  бараагаа хогийн саван дээр тавьж явуулж байсныг хууль хяналтынхан хориглож, зохицуулж байсан. 

 

Харин энэ жилийн тухайд наадмын хуушуурны үнэ 1000 төгрөгний тогтсон ханштай байна лээ.  Том жижиг, чанараасаа үл хамааран үнэ ханшаа тогтоожээ.

 

Улсын баяр наадмаар хамгийн завгүй ажилласан хүмүүс нь цагдаагийн бие бүрэлдэхүүн. Ер нь жил жилийн баяр наадмаар өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилладаг. Энэ жилийн тухайд хэлний  мэдлэгтэй оюутан-цагдаагаар хүч нэмэн ажилласан байна лээ. Оюутан-цагдаа нар төөрч будилсан гадаадын зочид төлөөлөгчдөд газарчилж, тусламж үзүүлэхээс гадна замын хөдөлгөөнд зохицуулагчаар ажиллаж харагдсан. Ердийн өдрүүдэд замын хөдөлгөөний гарц, уулзвар дээр нэг цагдаа ажилладаг бол наадмын өдөр хөдөлгөөн ачаалал ихтэй уулзвар, гарц дээр замын зохицуулагчид 4-6 ажиллаж байна лээ. Жишээлэхэд 19-ийн автобусны зогсоолын явган хүний гарц дээр 6 зохицуулагч ажиллаж байсан.  Энэ бүхэн баяр наадмын үеэр хэрэг зөрчил, осол аваар гаргахаас  урьдчилан сэргийлж, ард олны амгалан тайван байдлыг сахиулж чадсан биз ээ.

 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголчуудаа ичиж амьдарцгаагаачээ, улс орон хөгжихгүй байна, бидний амьдрал муу байна л гэдэг, хогоо байх ёстой газар нь хийж чадахгүй, өөрсдөө арчаагү байж хэндээ гомдлох юм бэ, ИЧИЖ АМЬДАРЦГАА
2015-07-16
Зочин:
Биднийг тав тохитой наадуулахаар хүч тавин ажилласан та нартаа маш их баярлалаа. Буян заяа тань дэлгэрч явах болтугай.
2015-07-14
zochin:
Naadamlah zabgui ene humuustee naadmiin hushuuraa unegui ugch bayarluulj bolno shuu dee.
2015-07-14