Дорноговьчууд сайхан наадлаа
2015-07-15

Ардын хувьсгалын 94 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан боллоо. Ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөх барилдсанаас Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн харцага М.Мэндсайхан түрүүлж  аймгийн арслан цол хүртсэн бол Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн заан С.Бямбадорж үзүүрлэж аймгийн заан цолоо баталлаа.

 

Харин их шөвгийн дөрөвт Говьсүмбэр аймгийн  Сүмбэр сумын  харьяат аймгийн арслан Т.Пүрэвсүрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн харцага М.Хаш-Эрдэнэ шалгарч цол чимгээ ахиулсан юм. Энэ жилийн наадмаар Дорноговь аймгийн  Хатанбулаг сумын харьяат сумын заан Т.Соёл-Эрдэнэ, Хөвсгөл сумын харьяат сумын заан Б.Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат сумын заан Ө.Зандраабайдий нар дав давж начин цол хүртлээ.

 

 

Их насны морины түрүүг Алтанширээ сум авлаа

 

Ардын хувьсгалын 94 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаанд 115 хурдан буян тоосоос өргөснөөс  тус аймгийн Алтанширээ сумын аймгийн алдарт уяач М.Ууганбаярын цавьдар морь түрүү магнайд хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.  Харин аман хүзүүнд Өргөн сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Түвшинжаргалын зээрд  морь хурдалж, айргийн гуравт Эрдэнэ сумын уяач Г.Эрдэнэбатын хар морь, айргийн дөрөвт Алтанширээ сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Алтанбаярын бор морь, айргийн тавд Мандах сумын, аймгийн алдарт уяач Б.Алтанбаярын бор морь давхисан байна.

 

Энэ жил шарга зүсмийн даага түрүү магнай боллоо

 

  Ардын хувьсгалын 94 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд гарааны зурхайгаас 76 хурдан буян гарч уралдахад Дорноговь аймгийн Иххэт сумын уяач М.Гантөмөрийн шарга даага түрүүлсэн  бол аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Ч.Түвшинбаярын зээрд халзан давхилаа. Харин айргийн гуравт Айраг сумын уяач Г.Батсугарын хээр даага,  айргийн дөрөвт  Дундговь аймгийн Өндөршил сумын уяач Б.Даваасамбуугийн  хээр даага, айргийн тавд Сайншанд сумын уяач Ж.Баттулгын хонгор даага тус тус давхсан байна.  

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин