Манай дэлхий энэ өдөр шинэ эринд шилжжээ
2015-07-16

 

1945 оны долдугаар сарын 16-нд хүн төрөлхтөн анхны атомын бөмбөг турших үед манай дэлхий шинэ эринд шилжсэн болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрчээ.

 

Хүний үйлдэл дэлхийд хүчтэй нөлөөлдөг болж, бүр геологийн өөрчлөлтөд хүргэх болсон энэ үеийг Антропоцен (Anthropocene) гэж нэрлэж байна.

 

Хэдийгээр хүн төрөлхтөн байгаль дэлхийд ул мөрөө үлдээсээр ирсэн ч 19 дүгээр зууны дунд үеэс өргөн хэмжээгээр нөлөөлж эхэлснийг эрдэмтэд “Их хурдасгуурын” үе гэж нэрлэжээ.

 

Тэр үеэс л дэлхийн хүн ам эрс нэмэгдэж, газар дэлхий, далай тэнгист өөрчлөлтүүд орж эхэлсэн байна.

 

Гэвч эрдэмтэд шинэ эриний эхлэлийг цөмийн зэвсгийн эхлэлээр тооцох болсон шалтгаан нь радио идэвхит изотопын нөлөө нь геологийн бүртгэл мэдээлэлд мэдрэгдэх болсон учраас гэж тайлбарлажээ.

 

Судалгааны хэсгийн ахлагч доктор Ян Залашиевич хэлэхдээ “Бусад геологийн мөчлөгүүд шиг энэ нь төгс хил хязгаарыг илэрхийлэхгүй ч 1950-аад оны эхнээс атомын бөмбөгийн нөлөөгөөр дэлхийн радиацийн түвшин эрс нэмэгдсэн юм” гэжээ.

 

“Антропоцен” нэр томьёог анх Нобелийн шагналт, химич Пол Круцен 2000 онд дэвшүүлж хүн төрөлхтөн 11,700 орчим жилийн өмнө эхэлсэн Мөстөлтийн дараах Холоцен эринээс нэгэнт гарсныг зарлаж байлаа.

 

Олон эрдэмтэн энэ онолыг дэмжиж байгаа ч нэгдсэн дүгнэлт болж чадаагүй байна.

 

Антропоцений Ажлын групп дараа жил болох Олон Улсын Үе давхаргын судалгааны Зөвлөлийн (International Commission on Stratigraphy) хурлаар албан ёсоор батлуулахаар бэлдэж байгаа гэнэ.

 

1945 оны долдугаар сарын 16-нд АНУ анхны атомын бөмбөгийг Нью Мексикогийн цөлд туршиж байлаа. Үүнээс болоод туйлаас экваторын бүс хүртэл дэлхийн гадаргад асар их радио идэвхит бодис цацагдаж арилаагүй үлдсэн гэдэг.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин