Хятад зураачдын үзэсгэлэн дэлгэгдэнэ
2015-07-16

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л. Гантөмөр болон Монголын Зураачдын Эвлэлийн урилгаар БНХАУ-ын Шанхай хотын Зураачдын Эвлэлийн Хорооны дэд дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид, зөвлөлийн гишүүд, уран бүтээлчид, нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг айлчиллаа.

 

Энэ үеэр “БНХАУ-ын Шанхай хотын зураачдын эвлэлийн хорооны хятад үндэсний зургийн үзэсгэлэн”-гээ гаргаж Монголын ард түмэнд хятадын үндэсний уран зургийн уламжлал, өнөөгийн шинэчлэл, хөгжлийн чиг хандлагыг таниулж байгаа юм.

 

Энэ нь БНХАУ, Монгол улсын соёлын харилцаанд төдийгүй манай хоёр орны дүрслэх урлагийн хөгжлийн түүхэнд онцгой чухал үйл явдал болж байна. 


Түүхэн үйл явдлын үр дүнд олон зуун жил хөрш зэргэлдээ оршин тогтнож ирсэн манай хоёр орны уран бүтээлчид, дүрслэх урлагийн бүтээл цуглуулагч, шүтэн бишрэгчид, үзэгчид хоорондоо бас нэгэн алхмаар ойртож Хятадын орчин үеийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлүүдийг нүдээр үзэж, өөр хоорондоо биечлэн танилцах, харилцан туршлага солилцох, цаашид хамтран ажиллах зэрэг олон шинэ шинэ боломжууд нээгдэж байгаа юм.


Монголын Зураачдын Эвлэлээс санаачлан “Хятадын орчин үеийн урлаг - 2013” үзэсгэлэн, “Хөх тэнгэрийн орон – 2013“ уран бүтээлийн тойрон аялал мөн “Хятадын орчин үеийн урлаг - 2014” үзэсгэлэн, “Хөх Сувд – 2014“ уран бүтээлийн тойрон аяллуудыг тус тус амжилттай зохион байгуулжээ.

 

Энэхүү аяллын үргэлжлэл болгож БНХАУ-ын уран бүтээлчид БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Хятадын үндэсний уран зургийн галлерейд Монгол Улсын нутгаар аялсан судалбар зургийн үзэсгэлэн гаргаж зургийн цомог хэвлүүлжээ.

 

Хятадын орчин үеийн урлаг үзэсгэлэн маань жил бүр өөр өөрийн онцлог өнгө төрхтэй болж байгаа нь 2013 онд Лю Да Вэй тэргүүтэй зураачид ХҮН, УУЛ, УС-ны сэдэвт бүтээлүүдийг дэлгэж байсан бол, 2014 онд Ян Ли Жоу тэргүүтэй дан Шанхай хотын зураачид ХҮН, УУЛ, УС, ЦЭЦЭГ, ШУВУУ, МОРЬ-ны сэдэвтэй бүтээлүүдээр оролцож байгаагаас харагдаж байна. 


Үзэсгэлэн Монголын Уран Зургийн Галлерейд 2015 оны 07 сарын 17-24 өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин