Л.Пүрэвсүрэн Конгрессын гишүүн П.Роскамтай уулзав
2015-07-18

Гадаад Хэргийн Сайд Л.Пүрэвсүрэн АНУ-ын Конгрессын гишүүн П.Роскамтай уулзав. Тэрбээр Монголчууд ардчилал шинэчлэлийн замаар явж чөлөөт зах зээлийн тогтолцоо руу амжилттай шилжиж байгааг тэмдэглэж, Америкийн ард түмэн, Засгийн газар Монголын ард түмний сонгосон энэ замыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэнд бид туйлын баяртай байдаг гээд энэхүү ардчиллын 25 жилийн ой тохиож байгааг мэдээлэв.

 

Мөн АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимаас ардчиллын 25 жилийн ойг тохиолдуулан тогтоолын төсөл өргөн барьсныг тэмдэглэж, Ардчиллын төлөөх хөтөлбөрийн даргын хувьд  энэ тогтоолын төслийг дэмжиж ажиллахыг хүсэв.

 

Түүнчлэн манай хоёр орны парламент хоорондын харилцаа жилээс жилд гүнзгийрэн хөгжиж байгаа бөгөөд энэ найрсаг ойр дотно харилцааг бий болгоход Ардчиллын төлөөх түншлэлийн Хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэж ирсэнд талархал илэрхийлж, хамтын ажиллагаагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна гэв.

 

Конгрессын гишүүн П.Роскам Сайдыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна гээд ардчиллын замаар тууштай замнаж байгаа Монгол Улстай хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Монгол орныг сайхан ирээдүй угтаж байгаа гэдэгт итгэж байна гээд хамтын ажиллагааг урагшлуулахад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.

 

Ардчиллын түншлэлийн хөтөлбөр нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд суудалтай 2 намын 20 гаруй гишүүнээс бүрдсэн, шинэ тулгар ардчилсан орнуудын хууль тогтоох байгууллагад дэмжлэг үзүүлэх, туршлага солилцох  зорилготой. Анх 1990 онд Төв болон Зүүн Европын 10 орны хууль тогтоох байгууллагыг дэмжих зорилгоор байгуулагдсан Ажлын хэсэг байсан бөгөөд 2005 онд “Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллыг дэмжих хороо” болгож өргөжүүлсэн.

 

2013 оноос Ардчиллын түншлэл болгон өөрчилсөн бөгөөд 16 орны хууль тогтоох байгууллагатай түншлэн ажилладаг. Манай улс 2006 оноос уг хөтөлбөрт хамрагдаж байна.

Shuud.mn
Сонин хачин