Америкт дайн дэгдээсэй
2015-07-19

 

АНУ-ын Теннесси муж улсын Чаттануга хотноо байрлах тэнгисийн цэргийн барилгад өнгөрсөн пүрэв гаригт зэвсэгт этгээд гал нээж, дөрвөн цэргийн аминд хүрсэн билээ.  Халдлага үйлдэгчийг цагдаа нар баазаас холгүй буудаж, аюулгүй болгосон юм.  Цагдаа нарын мэдээлснээр цэргүүдийн аминд хүрсэн этгээд Кувейт гаралтай Мухаммед Юсуф Абдулазеез гэгч байжээ. Тэрээр АНУ-д 2009 оноос амьдрах болсон байна. Мухаммед өнгөрсөн онд  согтуугаар жолоо барьж байхдаа цагдаад саатуулагдаж, 20 мянган ам.доллароор торгуулж байжээ. Гэмт этгээд 2012 онд Теннессийн их сургуулийн  инженерийн ангийг төгсчээ.

 

Тэрээр халдлага үйлдэхээсээ өмнөх өдөр найз руугаа цахим шуудан илгээсэн байжээ Мухаммед “Хяналтгүй төртэй энэ улсад дайн дэгдээсэй. Би дайныг хүсч байна. Маргааш бүх зүйл өөрчлөгдөх болно” гэж бичсэн байна. Энэхүү захиаг хүлээн авсан Мухаммедийн найзын хэлснээр “Би энэ захиаг хүлээн аваад их гайхсан. Түүнийг тоглож байна л гэж бодсон. Өөрийгөө золиослож, халдлага үйлдэнэ гэж санасангүй. Үнэхээр харамсалтай байна” гэж хэлжээ.

 

Цагдаа нар гэмт этгээдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа юм. Түүний твиттер, фэйсбүүкийг шалгаж эхэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин