Полын дүү жүжигчин болжээ
2015-07-19

“Галзуу хурд” киноны од, жүжигчин Пол Уолкер өнгөрсөн 2013 оны сүүлээр авто осолд орж, харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэрээр амиа алдахаасаа өмнө “Галзуу хурд” киноны долоодугаар ангид тоглож байсан юм. Киног дуусгахын тулд орлон тоглогч буюу Полын дүрд түүний төрсөн дүү 34 настай Коди тоглосон билээ.

 

Кодиг ахаасаа сайн жүжиглэсэн хэмээн шүүмжлэгчид магтаж, үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Ахынхаа дүрийг чадварлаг бүтээсэн Коди хэдхэн хоногийн өмнө анхны кинондоо тоглох урилага хүлээн авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дэлхийн II дайны тухай өгүүлэх “War” гэх кинонд Коди туслах дүр бүтээхээр болжээ. Энэхүү кинонд холливуудын нэрт жүжигчин Николас Кейж тоглохоор болсон байна.

 

“Галзуу хурд” киноны гол дүр, жүжигчин Вин Дизель “NBS” телевизэд “Пол амиа алдсан гэдгийг сонсоод их шаналсан. Үнэхээр хэцүү байсан. Пол энэ киноны амин сүнс. Зураг авалтын талбай бүхэлдээ уйтгар гунигт автаж, бид хэдэн хоногийн турш ямар ч үзэгдлийн зураг аваагүй. Харин Полтой тун адилхан Коди гэх залуугийн сэтгэлийн тэнхээ, дайчин зан, чадварлаг байдал нь биднийг дахин хөдөлгөөнд оруулсан. Кодигийн ирээдүй сайхан харагдаж байна” гэж ярьж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин