“Mitsubishi” корпораци уучлалт гуйлаа
2015-07-20

Японы “Mitsubishi” корпораци дэлхийн II дайны үеэр япон цэргүүдэд олзлогдож, бие болон сэтгэл санааны хохирол амссан америк цэргүүдээс уучлалт гуйсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Mitsubishi” корпораци олзны цэргүүдийг уурхай, хүнд үйлдвэрүүдэд хуваарилж, албадан ажиллуулдаг байжээ. Ойролцоогоор 950 орчим америк цэрэг япончуудад олзлогдсон байна.
“Mitsubishi”-ийг төлөөлж, Хикару Кимура “Манай корпорацийн эзэмшлийн бүсэд олон зуун америк албадан хөдөлмөр эрхэлж байсан. Албан ёсоор та бүхнээс уучлалт гуйж байна. Уучлалыг минь хүлээн авна уу” гэж хэлжээ. Уучлалыг 94 настай ахмад цэрэг Жеймс Мурфи хүлээн авчээ. Тэрбээр “Бид өдөрт 17 цаг ажилладаг байсан. Хоол, унтаж амрахыг мартаж ажилласан. Зөвхөн ажиллаад л. Олон нөхдөө амиа алдаж байхыг харсан даа. Их муухай дурсамж. Үхэхээсээ өмнө уучлалт хүлээн авсандаа баяртай байна” гэжээ. 2009, 2010 онд Японы Засгийн газар олзны цэргүүдээс уучлалт гуйж байсан юм.


Түүхчид “12 мянган америк цэрэг Япон руу ачигдаж, албадан хөдөлмөр эрхэлсэн билээ. 10 мянга орчим цэрэг Японд амиа алдсан” гэж тэмдэглэжээ. Гэхдээ энэхүү тоо баримттай Япончууд санал нийлдэггүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин