Өмнөговьчууд ойгоо тэмдэглэхэд бэлэн болжээ
2015-07-23

Өмнөговь аймгийн түүхт 84 жилийн ойн баяр наадам энэ сарын 24-нд буюу маргааш эхэлнэ. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссын бэлтгэл ажил хангагдсан талаар мэдээллээ.

 

Наадмын эхний өдөр эрлийз 3 насны морьд уралдах бөгөөд аймгийн цол олгох 256 бөхийн барилдаан, баяр наадмын хүндэтгэлийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд энэ өдөр болох аж.

 

Харин 25-ны өдөр говийн бүсийн хурдан морины уралдаан аймгийн Морь барианы газарт өглөөний 6 цагаас азарганы уралдаанаар эхлэх юм. Үргэлжлээд Төв цэнгэлдэх хүрээлэнд аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ болж, энэ өдөр соёолон, хязаалан, шүдлэн насны морины уралдаан, үндэсний сур болон шагайн харваа зэрэг бусад арга хэмжээнүүд үргэлжлэнэ.

 

Баяр наадмын сүүлийн өдөр их нас, дааганы уралдаан, сур шагай, монгол хээ угалзны үзэсгэлэн болж, үдийн хойно түрүүлж айрагдсан морьд цоллох, түрүүлсэн сур, шагайн харваачдад шагнал гардуулан түүний дараагаар үзүүр түрүүний бөхийн барилдааны дараа баяр наадмын албан ёсны хаалтын арга хэмжээгээ зохион байгуулах юм.

 

Энэ жилийн хувьд Өмнөговь аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт аймаг” болсон бөгөөд энэ шагналаар 72 жилийн өмнө тус аймаг шагнуулж байсан түүхтэй. Ийнхүү хүндтэй түүхэн үйл явдлаа говь нутгийн ард түмэнтэйгээ хуваалцан баяр наадмынхаа зүлэг ногоон дэвжээн дээр албан ёсоор гардан авах юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин