Обама хэт даврагчдыг дэмжсэн
2015-07-24

 

Нигерийн Ерөнхийлөгч Мухаммеду Бухаригийн АНУ-д хийж буй төрийн айлчлал өндөрлөж, эх орон руугаа буцсан тухай “CNN”агентлаг мэдээллээ. Тэрбээр айлчлалынхаа төгсгөлд хоёр улсын дипломат харилцаанд сэв суух магадлалтай мэдэгдэл хийлээ. Бухари “АНУ, Нигерт хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн алан хядах ажиллагааг дэмжиж байна” гэж мэдээлжээ. Айлчлалын үеэр Бухари, Ерөнхийлөгч Барак Обамагаас хэт даврагчдад цохилт өгөхийг хүссэн юм. Тэрбээр “Вашингтон хүсвэл америк цэргүүдийг эх нутагтаа нэвтрүүлэх болно” гэж мэдэгдсэн ч Обама хүлээн авахаас татгалзсан билээ.

 

Бухари “АНУ хэт даврагчдыг дэмжиж, нигерчүүдийн сэтгэлийг гонсойлгож орхилоо. Вашингтон, Абужад цэргийн тусламж үзүүлэх, зэвсэг нийлүүлэхээс татгалзлаа. АНУ-д бидэнд бүх талын тусламж үзүүлэх боломжтой. Обама ийнхүү татгалзсан нь хэт даврагчидтай холбоотой байж болзошгүй” гэжээ.

 

Обама татгалзсан шалтгаанаа тайлбарлаагүй ч Нигерийн Батлан хамгаалах яаманд таван сая ам.долларын тусламж үзүүлэхээ илэрхийлсэн байна. Хэт даврагчид Нигерт өдөр бүр халдлага зохион байгуулдаг бөгөөд ганцхан жилийн дотор 5400 хүний аминд хүрч, 400 хүүхдийг хулгайлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин