Геремекийн нэрэмжит шагналыг М.Олбрайтад гардуулжээ
2015-07-27

Эл Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадор хотноо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /AОХН/ -ийн Сайд нарын наймдугаар бага хурал болж, 70 гаруй орны 800 гаруй төлөөлөгч оролцсон байна. 

 

Сайд нарын бага хурлыг тус хурлын дарга, Эл Сальвадор Улсын Гадаад хэргийн сайд Хиуго Мартенивс нээж үг хэлсэн байна. Тэрбээр “Эл Сальвадор Улсын Засгийн газар улс орондоо ардчиллыг хөгжүүлэхийн төлөө чармайн ажилласны дүнд олон жилийн иргэний дайны дараах үүссэн нөхцөл байдлыг өөрчлөх, нийгмийн эвлэрлийг бий болгохын төлөө ажиллан зохих амжилтад хүрч байна.

 

Ардчилсан нийгмийг улс орондоо цогцлоон бүтээхэд бидний өмнө бэрхшээл тулгараад  байгаа хэдий ч олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг, түүний дотор ардчиллын зарчим, үнэт зүйлийг бэхжүүлснээр, мөрдснөөр зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Эл Сальвадор Улс АОХН-ийн дарга орны хувьд хөгжлийн байдалд анхаарал тавьж, “Ардчилал ба Хөгжил”-ийн уялдаа холбоог хангах тухай НҮБ-ын Ерөнхий ассемблейн тогтоол гаргуулахаар ажиллаж байна” гэжээ.

 

Тус бага хурлаар залуучууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, бизнес, Парламентын чуулга уулзалт зэрэг салбар хуралдаанууд болсон байна. Энэ удаагийн бага хурлын гол сэдэв нь “Ардчилал ба Хөгжил”-ийн уялдаа холбоог Засгийн газар, Иргэний нийгэм, Эдийн засгийн талаас тус тус хэлэлцэж, түүний мөрөөр тодорхой ажил зохион байгуулахад чиглэжээ.

 

Иргэний нийгмийн чиглэлээр ил од байх, нээлттэй засаглал , нийгмийн аудитыг нэвтрүүлэх талаар мөн ярилцсан байна. Ардчилал бол нийгмийн бүх давхарга, түүний дотор эмзэг бүлгийнхэн, бэлгийн цөөнх, уугуул иргэдийн эрх ашиг, хүний эрхийг хамгаалсан эрх зүйн орчин бүрдүүлэх ёстойг онцолжээ.

 

Парламентын чуулга уулзалтаар хүний эрхийг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх, эдийн засгийн орчин нь нийгмийн хөгжлийн уян хатан байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчин байх ёстой талаар ярилцсан байна. Харин залуучуудын чуулга уулзалтаар тэдний бүрэн оролцоог хангах  боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах талаар ярилцсан байна.

 

Ардчилал нь эдийн засгийн хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд бизнес хувийн хэвшлийнхэний нийгмийн хариуцлагыг дээшлүүлснээр нийгмийн төлөө үйл ажиллагаагаа зориулах боломжийг нэмэгдүүлэх боломжтойг хөндөв.

 

Түүнчлэн бага хурлын үеэр ардчилал ба хөгжил,  дэлхий дахины ардчиллын өнөөгийн байдал , хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, ил тод байдлыг дэмжих, иргэдийн оролцоо зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүд өрнөжээ.

 

Энэхүү бага хурлын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сайд Бүгд найрамдах Словак улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Лайчак, Литва Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Кривас, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Төрийн сайд В.Кумар Сингх, Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Уто нартай уулзалт хийсэн аж.

 

Уг бага хурлын төгсгөлд “Ардчилал ба Хөгжил” сэдэвт Сан Сальвадорын тунхаглалыг баталж, АОХН-ийн Геремекийн нэрэмжит шагналыг Төрийн нарийн бичгийн дарга асан М.Олбрайтад олгосон байна. Өмнө нь энэхүү шагналыг Н.Мандела, Ан Сан Су Чи зэрэг ардчиллын төлөө тууштай зүтгэлтнүүд хүртэж байжээ.  Түүнчлэн АОХН-ийн Сайд нарын 9 дүгээр бага хурлыг АНУ даргалахаар болсон байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин