Ц.Оюунбаатар: Улс төрийг эрүүлжүүлэх нь Монгол Улсыг хөгжлийн замд хөтөлнө
2015-07-27

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.

 

-Сайн байна уу, сайхан зусч байна уу, гишүүн ээ. Хүн бүр наадамлаж явахад та ордонд сууж байна. Хаврын чуулганы завсарлагаар ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?

 

-Сайхан зусч байна. Улсын баяр наадмын дараа орон нутагт  ойрхон зуур явлаа. Гол нь ирэх намрын чуулганаар болон одоо өргөн барих ёстой хэд хэдэн чухал хуулийн төсөл дээр ажиллаж байна. Оны эхнээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч гэж маш хариуцлагатай албанд сонгогдсон. Монголын гурван сая ард түмэн бүгд хэрэглэгч, өлгийтэй хүүхдээс өгсүүлээд өндөр настан үүнд хамаарна. Иргэд маань Үндсэн хуульд заасан амьд явах, эрүүл байх эрхээ хэрэг­жүүлж, чанартай хүнс болон бараа бүтээгдэхүүн хэрэглэх эрхтэй боловч энэ эрхээ хамгаалан тэмцэх мэдлэг, хэрэглэгчийн боловсрол байхгүй, тэмцэж чадахгүй байна. Иймд хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулах эн тэргүүний тулгамдсан асуудал байгаа. Миний бие УИХ-ын гишүүний хувьд мөн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран нийслэл хотод таван мянган иргэний саналыг авсан, орон нутгаас мөн таван мянган хэрэглэгчийн саналыг аваад байна. Үүний үндсэн дээр хуулиа боловсруулж байна. Хуулийг ард иргэд хэрэглэгч олны саналыг авч боловсруулах ёстой, үндсэн технологи нь энэ байгаа юм.

 

Харамсалтай нь засаг төр, гишүүд маань наадамлаж явж байгаад, эсвэл өрөөндөө сууж байгаад баахан юм бич­чихээд түүнийгээ хууль гэж ойлгоод байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийг хэрэглэгчээс, бодит амьд­ралд хэрэгжүүл­дэг хүмүүсийн саналыг асуух­гүйгээр албан тасал­гаанд сууж, олонхиороо эсвэл намаараа түрий барьж хууль баталдгаас  Монгол Улсад хууль хэрэгждэггүй, гарсан хууль нь нэр хүндгүй байна. Хууль нь цаас болж, хэрэглэгч, иргэд, олон нийтийн эрх ашиг, нийгмийн харилцааг зохицуулж хангаж чадахгүй байна.

 

Тиймээс хуулийг технологийнх нь дагуу хийх  гэж, үүний тулд бүх дүүрэг, томоохон захууд, хэрэглэгч иргэдээс хуулийн төсөлд санал авч байгаа. Ажил ч, зардал чирэгдэл ч их, олон хүн ажиллаж байна. Цаашид Монгол Улсын бүх хуулийг ингэж хийх ёстой.

 

-Зарим хуулийн төсөл шууд олон нийтийн эсэргүүцэлтэй тулж дургүйцлийг хүргэж байгаагийн учир энэ үү?

 

-Саяхны жишээ хэлье л дээ. Наадмын өмнө Эрүүгийн хууль  гэж гадны хуулийг авчирч махчилж орчуулан  монголчуудын амьдралд нийцэхгүй, улсын хэмжээнд татвар төлөгч 100 гаруй мянган аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд, 800мянган иргэний эрх ашгийг зөрчсөн юм хийх гээд маш том эсэргүүцэлтэй тулгарлаа.  Ажил олгогч эздийн холбоо, Татвар төлөгчдийн нийгэмлэг баялаг бүтээгчдийн төлөөлөл гээд улс орон даяар дуугарлаа. Зөвхөн Их хурал дахь  хэдэн хуульч гишүүн дуугарсан юм биш шүү. Бүр жагсаал, томоохон арга хэмжээ зохион байгуулах олон санал ирж байсан. Манай хуульчид УИХ-ын дарга дээр орж ойлгуулж зөв шийдэлд хүрсэн.Баялаг бүтээгчдээ боомилсон, тэднийг айлган сүрдүүлсэн, улс төрөөр дарамталж эрхэндээ оруулах гэсэн, эрүүгийн хэрэг үүсгэж, авлига хээл хахуулийг цэцэглүүлэх  гэсэн ийм болчимгүй юм хийж байгаа учраас Эрүүгийн хуулийн төслийг нийгмээрээ эсэргүүцэж зогсоосон. Би хууль санаачлагч, оруулж ирж байгаа хүмүүсийг туршлагагүй, бусдын дарамт шахалтаар явааг ойлгож засч залруулах гэж их хичээсэн. Гэхдээ хууль гэдэг юмыг судалгаанд үндэслэж, Монголын нийгмийн харилцаанд үндэслэж боловсруулах ёстой. Гадны хуулийг уншиж болно, судалж санаа авч болно. Түүнээс шууд орчуулаад оруулаад ирж байгаа тохиолдолд Монголын нийгмийн харилцаанд тохирохгүй. Тийм юмыг тулгах гэж оролдох нь бүтэхгүй. Олон хууль өнөөдөр Монголд амьдарч чадахгүй зүгээр цаас үйлдвэрлэж  байгаагийн шалтгаан нь ердөө энэ. Цаашид Монгол Улсын Их хуралд мэргэшсэн хуульчдыг сонгох, хууль боловсруулдаг технологийг гишүүддээ эзэмшүүлэх хэрэгтэй. Мөнгөнд дулдуйдсан сонгууль хийж, төрийн албанд суух суудлыг наймаалцдаг нь  чанаргүй хууль гарах үндэслэл болдог.Үүнийгээ өөрчлөх хэрэгтэй байгаа юм.  Эрх баригч юм уу, УИХ, Засгийн газрын нэр хүнд унаж буй нь ч үүнтэй холбоотой.

 

-Ээлжит бус чуулган хуралдуулах тов гарсан.МАН-ыг засгаас гаргах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  асуудлыг хэлэлцэх мэдээлэл бий. Ирц бүрдэх болов уу?

 

-УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд  ирэх сарын 3-нд ээлжит бус чуулган хуралдана гэдгийг албан ёсоор зарласан.Их хурлын Тамгын газар бэлтгэлийг нь хангаж байгаа. Чуулганд хэн нэгэн, улс төрийн аль нэг хүчин бойкотолж ирэхгүй байж болзошгүй. Энэ олон завхарсан найр наадмаа цэгцэлж улс орноо бодох хэрэгтэй.

 

-Ардын намын зургаан сайдыг засгаас гаргана, Засгийн газрыг шинээр бүрдүүлнэ гэж байгааг та юу гэж харж байна?

 

-Ардын нам шийдлийн гэх Засгийн газарт  орсон ч, мөрийн хөтөлбөр, бодлого байхгүй. Аль дээр  2012 онд боловсруулсан МАХН, АН, ИЗНН-ын хамтарсан мөрийн хөтөлбөрийг л Ардын нам дагаад явж байгаа. Тэгвэл нөгөө талаас АН нь МАН-тай байгуулсан  гэрээгээ цуцалчихлаа. Ийм нөхцөлд цаашид ажиллах бололцоо тэдэнд ч байхгүй, ганц жил үлдэж байхад шинээр мөрийн хөтөлбөр боловсруулж, засгаа дахин байгуулах боломж бүр байхгүй. АН-ын зүгээс МАХН, ИЗН, бие даагчидтай хамтран засгаа бүрдүүлэх байдлаар ч юм уу, иймэрхүү шийдлээр явах байх. Түүнээс том өөрчлөлт хүлээх хэрэггүй.

 

-Ард түмний амьдрал, улс орны эдийн засаг хүнд байхад энэ оновчтой шийдэл мөн үү?

 

-Цаашид  МАН бойкотлож сурснаа хийж нөхцөл байдал улам  хүндэрч болзошгүй. Өр зээл хязгааргүй нэмэгдэж (ихэнх өр зээлийг хасаж тооцоод байхад шүү) улсын өр ДНБ-ний 70 хувиас давж эдийн засгийн гүнзгий хямрал нүүрлэж байна. Эдийн засгийн нөхцөл байдал, хүн амын орлого, амьжиргааны төвшин эрс муудсан. Одоо тариалалт маш тааруухан энэ онд ургац алдах төлөвтэй. Өвөл хүндхэн болж магадгүй. Хоёр том намын  хэдэн олигарх нийлж хээл хахуульд гүнзгий идэгдсэн, улс орныхоо уул уурхайн баялгийг гадныхантай хамтран цөлмөж цөөхөн гэр бүл завшиж Монголчуудын маань амьжиргааны түвшин буурч байна.Энэ нөхцөл байдал Монголын нийгмийг гүнзгий хямралд  оруулах эхийг тавив. Үүнийг ганц би ч биш олон улсын эдийн засагчид, шинжээчид хэлж байгаа. Нийгэм нь хямарчихсан, улс төрчид нь дотооддоо зөрчилтэй, олон намд хуваагдсан, ард түмэн нь учраа олохгүй бухимдаж байна. Зарим нь шинээр нам байгуулж байна. Энэ  шийдэл биш. Монголын хөгжлийг, улс төрийг аль нэг нам гарч ирээд  эрүүлжүүлж чадахгүй. Ийм байх нь хөгжлийг улам сааруулна, улам боомилно, улам зөрчилдүүлнэ. 2016 онд өнөөгийн байгаа тогтолцоогоороо, Үндсэн хууль, Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулаагүй нөхцөлд  дахиад хөгжил байхгүй, улам уналтад орно. Энэ намууд, энэ хэдэн хүн засаг төрд сууж л байх болно. Тэгэхээр үүнээс гарах арга замыг л хайх ёстой. Одоогийн УИХ, Ерөнхийлөгч, намуудын дарга нар тойрч суугаад ярих ёстой. Ёстой нэг стандарт бус шийдэл гаргаж эх орныхоо төлөө зоригтой шийдэл гаргах цаг болсон.

 

-Тэгээд зөв гарц нь юу байх бол?

 

-Бид олон хүнтэй ярьж, иргэдээс санал авч, уулзаж байна. Иргэд бүх намаас залхчихсан байна. АН, МАН, бусад намуудад шүүмжлэлтэй хандаж байна. “Сант марал”-ын судалгаагаар ард түмний 80 хувь нь улс төрийн намаас залхсанаа илэрхийлсэн байна.Харин улс орныг, хөгжлийг аваад явчих бие хүмүүст итгэл өгч байгаа.Тухайлбал, УИХ дахь нам бус гишүүн С.Ганбаатар байна. Түүний нэр хүнд 40 шахам хувьтай байгаа нь  бараг бүх судалгаагаар гарсан. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг олон нийт үгүйлж байгаа. Монголын хөгжлийн том бодлогыг нээсэн, “Их өр”-ийг барагдуулсан, “Мянганы зам”-ыг байгуулсан гээд үгүйлж байгаа нь бодитой зүйл. Хаана ч очоод уулзсан  захын хүн ингэж хэлж байна. Иргэд ингэж хүсч байна шүү дээ. Би үүнийг судалгаанд үндэслэн хэлж байна.АН, МАН-ын удирдлага энэ хүнээс айж цэрвэж Монголд ирүүлэхгүй, дайрч давшилж байхын оронд  хамтраад ажиллаад үзээч ээ.Монголын улс төрийн нөхцөл байдлаас харвал эвлэрлийн,эе эвийн томоохон асуудлыг дэвшүүлэн гаргаж шийдвэрлэвэл дараа нь эрчимтэй хөгжил аяндаа ирнэ. Тэгж яриасай гэдгийг   харин энэ дашрамд Ерөнхийлөгч, Их хурлын дарга, намын дарга нарт уриалчихъя.

 

Өнөөдөр бид Ардын намыг засгаас гаргаад шинээр засгаа бүрдүүлж ажиллаж болно. Том өөрчлөлт гарахгүй. Тиймээс тэд бойкотлоод сөрөг хүчин болоод  Үндсэн хууль, Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж чадна  гэдэгт би эргэлзэж байна. Гэтэл тогтолцоог өөрчлөхгүй бол Монгол Улсад хөгжил гээч юм ирэхгүй. Тэгэхээр бид том харж, томоохон өөрчлөлт, гарц хайх хэрэгтэй. Тэр нь  Үндсэн хуулийн өөрчлөлт байгаа. Энэ бол Монголын улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох амин чухал өөрчлөлт юм. Би намуудыг хөндөөгүй, магадгүй зарим нь ингэж ойлгож бухимдаж мэднэ. Хамгийн гол нь нам нь байдгаараа байг, байнгын гишүүнчлэлтэй байхаа болъё гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд гишүүнчлэлээр биш ард иргэдийнхээ ойлголцол зөв нэгдлээр хөгжилд хүрэх ганц л том гарц байна.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлт бүх нийтийн зөвшилцөл байх ёстой гэдэгт багагүй шүүмжлэл байна. Энэ тухайд?

 

Ард түмнийхээ, сонгогчдынхоо санал хүсэлтэд хүндэтгэлтэй хандая. Хамгийн гол нь нийгмийн нэгдлийн  харилцан ойлголцлын алхмыг хийх ёстой. Өнөөдөр эрх баригчид улс төрийн намууд авсан суудлаасаа илүү зоримог шийдлүүдийг гаргах юм бол бие даагч, нам бусчуудын төлөөлөл С.Ганбаатарыг Ерөнхий сайдаар тавьчих. Ард түмний хүсэн хүлээгээд байгаа Н.Энхбаярыг авчраад  Шадар сайдаар тавьчих л даа. Эхний ээлжинд нэгдүгээрт, намуудыг байнгын хатуу гишүүнчлэлгүй болгоё. Хоёрдугаарт, Улс төр бизнес хоёроо салгая.Тэгээд тойрч сууж байгаад Үндсэн хуулийн өөрчлөлтөө аль нэгэн улс төрийн өнцгөөс биш хийе. Сонгуулийн хуулиа шударга болгоё. Мөнгөтэй нь ард түмний саналыг худалдаж авдаг, төрийн албыг олон арван сая, бүр тэрбумаар худалддаг тогтолцоог халья. Ингэж чадвал дэлхийн дундаж нэг хотын дайтай жижигхэн Монгол маш эрчимтэй, 3-5 жилийн дотор огцом өөрчлөлт гарна. Ийм зориг байна уу. Энэ олон нийтийн хүсэлт. Монголчууд ийм л юмыг хүсч байна шүү дээ. Одоо капитализм, социализмыг ойлгох хүн байхгүй. Хүсэх ч үгүй.  Зүүн,  баруун үзэл, либерализм гэж ярихгүйгээр зүгээр л  Монголоо гэсэн сэтгэлээр улсаа хөгжүүлье. Хэн нэгнийг дагаж найгахаа болъё. Одоо бүгдээрээ хамтарч сууж байгаад, ямар нэгэн талцал зөрчилгүйгээр Монголоо хөгжүүлэх  хөтөлбөр боловсруулъя. Өчигдрийнхөө гомдол, өш хонзонг бүгд цайруулъя, зоригтой шийдье. Үүнийг би 40 жил Монголын төрд зүтгэж  улс төрийн тогоонд 20-оод жил чанагдаж, энэ талаар сэтгэл зовж явдаг төрийн хүний хувьд хэлж байгаа юм. Сэтгэл хөөрлөөр ярьж буй юм биш, олон жилийн амьдрал, туршлага, дэлхийн олон улс орны амьдрал хууль эрх зүйн орчныг судалж танилцсаныхаа хувьд хийсэн дүгнэлт гаргалгаа гэж ойлгоорой доо.

 

-Тэгээд ийм зоригтой шийдэл гаргаж шийдэж чадах Ерөнхийлөгч, УИХ-ын дарга  болоод бусад хүн байна уу?

 

-Харамсалтай нь манайхан талцаж, хагарч дараа жил Ерөнхийлөгч юм уу, Ерөнхий сайд болчихно гэсэн өчүүхэн атаархал, айдас жижигхэн  тооцоон дээр л явж байна даа. Ер нь бол Монголын насанд хүрсэн  хүн амын 80 хувь нь аль нэгэн намын гишүүн биш шүү дээ. Тэд бол МАН, АН, тэр байтугай  МАХН-ын гишүүн биш, жирийн иргэд. Эх орон минь хөгжөөсэй, гэр бүл маань элбэг хангалуун байгаасай, би боломжийн цалин авч эх орондоо сайхан амьдрах юм сан гол нь шударга ёс тогтоосой гэж л хүсч байгаа. Тэр хүслийг нь биелүүлэх нь  чухал, нам хамаагүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн нь ч байсан үүнийг л хэрэгжүүлэх ёстой. Монголд Парламентын сонгууль мөнгөн дээр явдаг, улс төрчид мөнгөөр гарч ирдэг нь ямар ч баталгаа нотолгоо шаардахгүй теором болоод тогтчихсон байна, Төсвийн мөнгө урсгаж наадамдаж улстөрчид нь  2016 оны сонгуулийнхаа шоугаа бүр эхэлчихээд байгааг ТВ, сониноос тод харж болно. Энэ нь олон том жижиг наадмуудад манай улс төрчид чихцэлдээд л очиж байна. 2016 он бахь байдгаараа өнгө мөнгөний сонгууль болох нь дээ гэж харж байна, харамсаж байна.

 

-Ингэхэд та бүсийн, аймгийн наадмуудад очих уу?

 

-Би Үндэсний төрт ёсны баяр наад­маа хүндэтгэж долдугаар сарын 11-ний өглөө Цэнгэлдэх хүрээлэнгээр  ороод гарсан. Одоо бол нэг ч наадамд очихгүй. Тэр байтугай шинэ жилийн баяраар баахан тансаглаж байгааг шүүмжилж тухайн үед нь би эсрэг байр суурьтай байсан. Эдийн засаг хүнд, төрийн сан хоосорчихсон, татвар төлөгчид нь  төлбөрийн чадваргүй болсон, аж ахуй нэгжүүд нь хаалгаа барьж хүнээ бөөн бөөнөөр нь халж байгаа ийм нөхцөлд хэдэн зуун тэрбум төгрөг цацсан наадам хэнд хэрэгтэй юм. Үеэ өнгөрөөсөн дээр үеийн хаадын наадам, зугаа цэнгэл ихсэж хоорондоо баян тарганаар гайхуулж ирсэн өвчин өнөө үеийн төр засгийхандуламжилжээ. Тэгээд төр уруудаж доройтож, унаж байсан түүхтэй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд үүнийг таслан зогсоох ёстой. Зарим газар хэдэн ч наадам хийж байгаа юм, зарим аймаг л гэхэд 2-3 удаа наадам хийж байна. Наад зах нь л гэхэд наадмын урилга хэвлүүлж байгаа цаасыгнь хар. Ямар баян юм бэ, тэр ард түмний хөрөнгө шүү дээ. Монголын төрийг ингэж завхруулж, дампууруулж  болохгүй. Ийм болгосон хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Werner Koble:
Таны Би та сайн тэмдэглэж, ойлгож байгаа ч биднээс зээл, агуулгыг авч сонирхож байгаа таны захидлыг хүлээн авсан. Би Вернер Koble, A санхүүч зээлийн зээлдүүлэгч Зээлийн уусмал удирдах захирал, би 3 -ийн хүүтэй зээл зээл бэлэн байна, Бид 5,000-аас дотор 8,000,000.00 максимум хүртэлх арилжааны болон хувийн хэвшлийн байгууллагуудад зээл санал болгож байна 1-р 25 жилийн хугацаа, бид бага хүүтэй зээл санал болгож, ямар ч зээлийн шалгах нь бид хувийн зээл, өрийн нэгтгэх зээл, хамтарсан хөрөнгө, бизнесийн зээл, боловсрол зээл, гэрийн зээл эсвэл ямар нэгэн шалтгаанаар зээл! Гэсэн хэдий ч, Манай санал болгож байна арга, танд хэрэгцээтэй зээлийн хэмжээ, мөн та бид сайн сертификаттай мөн бүртгэлтэй байдаг төлж болно үргэлжлэх хугацаа, Манай зээл сайн дээд тал нь аюулгүй байдлын даатгуулсан байна, бид илгээж, банкны шилжүүлэг хэрэглэдэг вэ бидний агуу эн тэргүүний зорилт юм төрийн боломжийг санал болгож байна манай төрөл бүрийн харилцагчдад зээл, 12 ажлын цагийн хамгийн их хугацаа шаардагдах б
2016-09-25
irgen:
Zov shuu. Odoo naadam 7-11-nees buten sar naadamlaj bayan chineeleg mongo horongoo gaihuulj baina. deer uyd 7sariin 1-nd uls dayaaraa naadamladag baisan. Uneheer zambaraagaa aldtal naadamlaj baina. Naadmiin bohiin barildaanuud boon shou bolchihloo. Naadamlaj ch chadahaa bolij dee.
2015-07-27
Зочин:
үндсэн хууль сонгуулиин хууль мэтээ хурдан өөрчилье. 2017 онд эсвэл 2016 онд бүх сонгуулиа нэг дор хиимээр баина. ерөнхиилөгчиин сонгуулиа бас хамтад нь хиимээр баина. их мөнгө ,цаг хугацаа дэмии зарахаас сэргиилэгдэнэ. намын гишүүнчлэл үгүи бл болгое. бүх компанитаи хүнииг их хурлын сонгуульд оролцуулахгүи баих. сонгуулиин зардлыг маш бага болгох ,жишээ нь 200 сая д барих. түүнии 80 хувь төсвөөс гарах гэх өөрчлөлт чухал баина. эрс өөрчлөлт хиие.тэгэхгүи бол төр дампуураад дуусах нь.
2015-07-27
Гансүх:
Энэ нөхрийн эхнэр нь гэж ямар хүн байдаг вэ
2015-07-27
zochin:
chi balin xamarttaigaa niileed xamtdaa mongoliig xugjuulex uu ene bux muu muuxaig ta nar xiiltsen
2015-07-27