Өвөлжилтийн ажлыг зохион байгуулна
2015-07-28

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийсэн юм.

 

Онцгой комисс байгууллаа

Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн ажлыг хангах онцгой комиссыг  байгуулах шийдвэрийг гаргалаа. Нийт нутгийн 50 гаруй хувь нь гангийн байдалтай байна. Сүүлийн өдрүүдэд бороо хур  ихтэй байна. Гэхдээ энэ нь малын тарга тэвээрэг авах, тариа ногооны болцонд төдийлэн эергээр нөлөөлж чадахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Тийм учраас 2015-2016 оны өвлийг, тэр дундаа бичин жилийн хаврыг гарз хохирол багатай туулахын тулд аж ахуйн нэгж, малчид, тариаланчид, иргэд бүр хувийнхаа бэлтгэлийг хангаж, өвөлжилтдөө илүү бэлтгэхийг   тавихыг Засгийн  газар анхааруулж байгаа. Нөгөө талаас бүх төвшиндөө ажлыг жигд зохион байгуулах үүднээс Онцгой комисс байгуулах нь гэж үзсэн. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан 2015-2016 оны өвөлжилтын ажлыг зохион байгуулах Онцгой комиссыг байгууллаа. Онцгой комиссын дэд даргаар ХХАА-н сайд ажиллана. Комиссын бүрэлдэхүүнд Сангийн, ЗТ-ын, ЭХ-ний, ЭМС-ын, БОНХАЖ-ын сайд нар болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, ЗГХЭГ-ын дэд дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.БатҮүл нар багтсан. Өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Шадар сайдад өчигдөр Онцгой комиссын ажиллахжурмыг батлах, хийх  ажиллагааны чиглэл, ажлын төлөвлөгөөний төслийг гаргаж долдугаар сарын 31-ний дотор Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон.

 

Шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ

 

Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд ахицтай өсч байгаа. 2014 оны байдлаар 5.1 хувиар өссөн дүн мэдээ бий. Эрчим хүчний үйлдвэрлэлийн 96.3 хувийг зөвхөн ДЦС хангадаг. 4.3 хувийг УЦС, нар, салхины эх үүсвэрээс гаргаж авдаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт ахицтай өөрчлөлт хийсэн. Эрчим хүчний аюулгүйн нөөцөд авах тоног төхөөрөмжид шаардлагатай 4 тэрбум орчим төгрөгийг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг тус банкны ТУЗ-д зөвшөөрлөө.

 

Эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ч манай улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 80 гаруй хувь, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 100 хувийг хангаж байгаа гол эх үүсвэрүүд болох дулааны цахилгаан станцуудын тоноглолын насжилт өндөр болсон.

 

Тухайлбал, “Дулааны II цахилгаан станц” ТӨХК-ийн үндсэн тоноглол болсон зуух, турбин, генератор 1961-1969 онд ашиглалтад ороод 50 орчим жил, Дулааны III цахилгаан станцын тоноглол 30-40 жил, VI цахилгаан станцынх 20-30 жил боллоо.

 

 Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн ихэнх хэсгийн ашиглалтын хугацаа дууссан, насжилт өндөр болсон зэрэг нь цахилгаан хангамж хэсэгчлэн болон бүхлээрээ хязгаарлагдах, өвлийн улиралд Улаанбаатар хотын дулаан хангамж ноцтой доголдох эрсдэл үүсээд байгаа юм.

 

Иймд хүйтний улиралд дулааны шугам сүлжээг хөлдөхөөс сэргийлж усыг нь эргэлтэд оруулах зөөврийн дунд чадлын генераторууд, зарим онцгой хэрэглэгчдийг хангах зөөврийн том чадлын генератор, 10 болон 35 кВ-ын хуваарилах байгууламжуудыг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн аюулгүйн нөөц бүрдүүлэх гэж байна гэлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин