Лондонгийн театрынхан ирж, Гамлетыг ”амилуулна”
2015-07-29

Лондон хотын алдарт Shakespeares`s Globe театрын уран бүтээлчид дэлхийн 205 орноор аялан тоглолт хийж байна. Тус театрын 16 жүжигчнээс бүрдсэн баг ирэх сарын 12-нд Монголд ирж, дэлхийн сонгодог жүжгийн охь бүтээл Гамлет жүжгийг Улсын Драмын Эрдмийн Театрт шинэчилсэн найруулгаар тоглоно. 

 

Английн сэргэн мандалтын үеийн нэрт жүжгийн зохиолч Уйльям Шекспирийн мэндэлсний 450 жилийн ойн хүрээнд, ЮНЕСКО байгууллагын ивээл дор хоёр жилийн хугацаанд үргэлжлэн зохиогдож буй тус аялан тоглолт нь одоогоор 115 гаруй орны үзэгчдэд хүрч замынхаа талыг туулаад байгаа бөгөөд энэ нь алдарт зохиолчийн нэрээр овоглодог театрын түүхэн дэх анхны том аялан тоглолт юм.

 

Шекспир амьдралынхаа турш нийт 37 жүжгийн зохиол туурвисан байдаг бөгөөд тэрээр 37 настайдаа Гамлет зохиолыг бичиж байжээ. “To be or not to be” хэмээх 6 үгтэй ишлэлээрээ гүн ухааныг хүн төрөлхтөнд ойлгуулж чадсан эмгэнэлт жүжгийн бүтээл Гамлет нь анх 1601 онд Globe театрын тайзнаа тавигдаж, түүнээс хойш орон орны найруулагчид өөрсдийн уран сэтгэлгээ, харах өнцгөөр, эх хэлнээбуулган үзэгчдийн хүртээл болгож ирсэн. Монгол улс Гамлет жүжгийг анх 1980 онд С.Галсанжавын найруулгаар УДЭТ-ийн тайзнаа тавьж, түүнээс хойш 32 жилийн дараа найруулагч Н.Наранбаатарын найруулгаар дахин үзэгчдийн хүртээл болсон байдаг.

 

 

Shuud.mn
Сонин хачин