Эрх чөлөөт амьдралын үнэ цэнэ Ардчилсан сонгууль
2015-07-29

1990 оны долдугаар сарын 29-ний өдөр нэг намын тогтолцоог халж, ардчиллын зарчмаар сонгох сонгогдох эрхтэй болсон монголчууд анх удаа олон нэр дэвшигчдээс сонголтоо хийж байсан юм.  Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн уг сонгууль нь Монголын түүхэнд анх удаа улс төрийн 6 намаас гадна олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдөж, ард иргэд өөрсдөө төрөө сонгож байв.

 

Тэгвэл анхны ардчилсан, чөлөөт сонгууль зохион байгуулсны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан олон улсын хүндэтгэлийн хурал Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдлаа. Хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гадаад, дотоодын хүндтэй 300 гаруй зочид төлөөлөгч оролцлоо. Хүндэтгэлийн хуралдаанд  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд Ражевардхан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сузан Торнтон, БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг зэрэг гадаадын 114 хүндтэй зочид уригдсан аж.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан тус хурлын эхэнд Монгол орны хувьд 1990 оны өдөр бүр түүхэн үйл явдлаар дүүрэн байсан. Тэдгээрийн нэг, нэгэн оргил үйл явдал бол яах аргагүй 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр явагдсан анхны ардчилсан сонгууль юм. Ингээд 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалчдын нэг, 1990 оны АИХ-ын Сонгуулийн 427 дугаар тойргийн Депутатаар сонгогдсоноос хойш Монголын улстөрийн бүхий л амьдралд идэвхитэй, тасралтгүй оролцож ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэлийн хурлыг нээж үг хэлэхийг урьсан юм.

 

Ц.Элбэгдорж: Ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Өнөөдөр бид Монгол Улсад 25 жилийн өмнө болсон түүхэн үйл явдлын тухай дурсан ярилцахаар цуглараад байна. Юуны өмнө Монголын ард түмний хийсэн түүхэн, шинэ, ардчилсан сонголтын ойн чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн эрхэм хүмүүст гүн талархлаа илэрхийлье.

 

Эдгээрт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Швейцарийн Холбооны Улсын дэд Ерөнхийлөгч Йохан Шнайдер Амман, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри,  Мьянмарын Холбооны Бүгд найрамдах Улсын Үндэсний ардчилсан лигийн тэргүүн Ан Сан Сү Чи нар энэхүү хуралд чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн байна.

 

Мөн анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын Хүндэтгэлийн хуралд онцгой ач холбогдол өгч, цаг заваа гарган, сэтгэл гаргаж олон хүндтэй зочид хүрэлцэн ирсэн эдгээр зочдод дахин гүн талархал илэрхийлье. Энэхүү танхимд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон төр, засаг, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, мөн Монголд суугаа дипломатууд, олон улсын байгууллагын элч төлөөлөгчид хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна.

 

Энэхүү Хүндэтгэлийн хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч ноён Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд ноён Раживардхан Сингх Ратхор, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Сюзан Торнтон, Унгар Улсын Парламентын дэд дарга ноён Янош Латорцай, БНСУ-ын Ерөнхийлөгч асан ноён Ли Мен Бак, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаева, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ив Летерм, Японы Ерөнхий сайдын бие төлөөлөгч Цүтомо Такэбе нар бидний урилгыг хүлээн авч биечлэн хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна.

 

Дээр нэр дурдсан эрхмүүд болон энэхүү хуралд оролцож байгаа нийт хүмүүст ард түмнийхээ нэрийн өмнөөс дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад болсон анхны ардчилсан сонгуулийн ойн баярын мэнд дэвшүүлэн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Хурлын эрхэм дарга аа,

Хатагтай, ноёд оо,

Өнөөдрөөс 25 жилийн өмнө болсон түүхэн үйл явдалтай холбогдуулан гурван дүгнэлтийг хэлье.

 

Нэг. Өнөөдрөөс 25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль бол Монголын ард түмний өөрсдийнх нь хийсэн түүхэн сонголт байсан. Монголчуудыг хэн ч энэ сонголтыг хий, энэ сонгуульд оролц гэж албадаагүй, шахаагүй юм. Монголын ард түмэн өөрсдийг нь төрд төлөөлөх элч төлөөлөгчдөө анх удаа, бүх нийтээрээ, бүрэн эрхээ эдлэн сонгосон.

Энд товчхон нэг жишээ дурдъя. Тэртээ 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон сонгуульд 430 суудалд нийтдээ 2413 хүн өрсөлдсөн байдаг. Тус сонгуульд манай улсын нийт сонгогчдын 98 хувь нь оролцож саналаа өгсөн. Энэ ирцээс харахад энэхүү сонгууль нь Монголчууд бүх нийтээр оролцсон, анхны ардчилсан, чөлөөт сонгууль байсан.

 

Энэхүү сонгуулийг тухайн цаг үеэс дөрвөн жилийн өмнө буюу 1986 онд болсон сонгуультай харьцуулъя. Тухайн 1986 оны сонгуульд 370 суудалд 370 нэр дэвшигч өрсөлдсөн. Эдгээр нэр дэвшигчид бүгдээрээ 99.99 хувийн саналаар сонгогдсон байдаг.

 

Хоёр. Өмнө нь өөрийн эрхээр, нам төрөөс тусдаа амьдарч чадна гэж үздэг хүмүүсийн тоо Монголчуудын ярьдгаар гарын таван хуруунд багтахаар хэмжээнд байсан. Харин одоо төр засгийн, аль нэг намын оролцоогүйгээр амьдралаа аваад явж, зохион байгуулж чаддаг хувь хүн, айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт юм.

 

Монголчууд бага зүйлийг “гарын таван хуруунд багтах” гэж, харин эсрэгээр нь их зүйлийг “толгойтой үснээс их” гэж ярьдаг. Өмнө нь тэгж чөлөөтэй амьдралаа зохицуулдаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан иргэд гарын таван хуруунд багтдаг байсан бол өнөөдөр үнэхээр өөрсдийн амьдралаа төр засаг, удирдагч, нам, дарга нараас хараат бусаар авч явж байгаа иргэдийн тоо улам бүр ихэсч байна. Энэ бол үнэхээр сайн үзүүлэлт юм. Ер нь Монголын хөгжлийн философи нь Монгол хүн бүрэн эрхтэй, Монгол хүн бүхэн амьдралаа авч явах чадалтай байхад оршино гэж би үздэг.

 

Гурав. Монголын ардчилал бол бүс нутагтаа сүүлийн 25 жилд гарсан түүхэн онцлог үйл явдал. Монголын ардчилал бол зөвхөн Монголын ард түмний нэг удаагийн чөлөөт сонголтын үр дүн төдий биш юм. Энэ бол аливаа ард түмэн бүрэн эрхээ эдэлж, өөрийн сонгосон замаараа хөгжиж дэвжих эрхтэй, боломжтой гэдгийг харуулж байгаа бодит нотолгоо, амьд үйл явц юм. Үүгээр ч барахгүй Монголын ардчилал өөрийгөө шинэчлэх, сайжруулах хангалттай чадвар, дотоод хүчтэй болж чадсан. Бид өнгөрсөн 25 жилд алдсанаа засч, амжилтаа ахиулан, иргэдийнхээ эрх, бүтээлч оролцоонд түшиглэн улам бүр урагш хөгжин дэвшинэ гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.

 

Хурлын эрхэм дарга,

Эрхэм нөхөд өө,

Цаашид анхаарах шаардлагатай гурван зүйл хэлээд үгээ өндөрлөе.

 

Нэг. Монголын ардчиллын хөгжил дэвшил, зөвхөн монголчуудаас өөрсдөөс нь шалтгаална. Монголчууд яах гэж энэ сонголтыг хийсэн юм бэ? Жаргавал өөрийн эрхээр жаргая, зовбол өөрийн эрхэнд зовъё гэж энэ түүхэн сонголтыг хийсэн. Өнөөдөр хүндрэл бэрхшээлтэй асуудал олон бий. Энэ бүх бэрхшээлийг даван туулж цааш амьдаръя гэж энэ түүхэн сонголтыг хийсэн. Үүнээс гадна өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүндрэл, бэрхшээл, сорилт олонтаа тохиолдсон. Цаашид ч тохиолдох нь гарцаагүй юм. Гэхдээ хэцүү цагт, хэцүү шийдлийн өмнө Монголын ард түмэн, Монголын улс төрийн хүчнүүд, ардчиллын төлөө хамтран зүтгэгчид нэгдэж чаддаг юм гэдгийг сүүлийн 25 жилийн түүх харуулсан. Хэцүү шийдвэрийг Монголчууд бид хамтран хэлэлцээд цааш явж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

Хоёр. Өөр нэг анхаарах хэрэгтэй зүйл байна. Фашизмыг дарж, дайныг төгсгөсөн тухай ярилцаж, үүний ойг сүр дуулиантай тэмдэглэдэг. Гэвч тухайн үйл явц чухам ямар нөхцөлд бий болсон юм, фашизм гэдэг тэр үзэгдэл хэрхэн өрнөсөн юм гэдгийг бид онцгой анхаардаггүй. Үүнийг бид анхаарах нь зүйтэй гэж боддог. Өнөөдөр дэлхий нийтэд терроризмын аюул нүүрлэж байна, терроризмтэй тэмцэж байна, терроризмыг дарж байна гэж ярих болсон. Гэвч энэ бүхэн ямар нөхцөлд бий болж байна, үүний үзэл санаа хэрхэн бүрэлдэж байна вэ гэдгийг бид онцгой анхаарах ёстой. Бид коммунист дэглэмийг унагаж, ардчилсан нийгэм байгуулсан тухай ярьдаг. Гэтэл энэ коммунизмын үзэл чухам ямар орчинд бий болсон юм, хэрхэн дэлгэрсэн юм бэ гэдгийг бид анхаарах ёстой. Үүнийг мартаж болохгүй.

 

Гурав. Ардчилал гэдэг нь зөвхөн нэг удаагийн сонголтоор бүтдэг зүйл биш. Энэ бол үйл явц юм. Үйл явц дотроо хэцүү, зовлонтой үйл явц юм. Бид хэцүү замыг сонгож аваад явж байгаа. Монголчууд бид хэрэв хэцүү, зовлонтой замаар явбал үүний цаана сайн сайхан байдаг гэдэгт итгэдэг. Ийм учраас бид өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлан ардчиллыг сонгосон юм. Бид бол ардчиллыг хүний амьдралтай, хүнтэй адилхан зүйл гэж боддог. Энэ бол хүний л хийсэн сонголт, хүн оролцож бүтээдэг үйл явц  юм. Тийм учраас бид ардчиллын төлөө өдөр тутам хичээн зүтгэж, ардчиллаа тордох хэрэгтэй. Бид ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй. Ардчиллыг байгаа дээр нь тордож арчлах хэрэгтэй. Алга болчихсон хойно нь хэчнээн сайн, зөв юм байсан тухай яриад хэрэггүй. Үүнийг их өндөр үнэ цэнээр дахин бий болгоно.

 

Төгсгөлд нь өөрийн бүрэн эрхээ эдэлж, ардчилсан сонголтоо хийн, ардчиллаа өлгийдөн авч, өдий зэрэгтэй өсгөж тордон авч яваа Монголын ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Их баярлалаа. Мөн ардчиллын төлөө амь бие, амьдралаа зориулан зүтгэж яваа олон мянган хамтран зүтгэгчиддээ баярлалаа. Монголын ардчилалд халуун гараа сунган тусалж дэмжиж, бидэнтэй хамтран ажиллаж байдаг нийт сайн санаат хүмүүс, байгууллагуудад баярлалаа. Ингээд Монголд болсон ардчилсан сонгуулийн 25 жилийн ой, бүрэн эрхт ардчилсан сонгуулийн өдөрт зориулсан олон улсын Хүндэтгэлийн хурлын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” хэмээв.

 

Ч.Сайханбилэг: Ардчиллын түүхийг монголчууд бид хамтдаа бүтээсэн

 

Түүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монголын Улсын Ардчиллын 25 жилийн ололт амжилт, сургамж” сэдвээр хүндэтгэлийн хурлын үндсэн илтгэлийг хийсэн. Тэрбээр хэлэхдээ “Ардчиллыг манлайлж, дэмжиж, уухайлж, зүрх сэтгэлдээ тээж явсан хүн бүхэн ардчиллын баатрууд. Монгол түмэн минь хүй элгээрээ ардчиллын баатрууд юм.

 

Монголын ардчиллыг анхны өдрөөс нь тууштай дэмжиж, улс төр, эдийн засгийн хувьд төдийгүй сэтгэл санаа, зохион байгуулалт, арга туршлага, хүний нөөц бүхий л талаар тусалж ирсэн  улс орнууд, олон улсын байгууллагууд, тэдгээрийг төлөөлж баярын хуралд ирсэн төлөөлөгчдөд Монгол Улсын ард иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

 

25 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа энэ баярт өдөр  нь Монголчууд сүүлийн 300 гаруй жилд анх удаа өөрсдөө, хэнээс ч хамааралгүйгээр өөрийн хөгжлийн замаа сонгох, өөрсдөө төр улсаа төвхнүүлэх бололцоотой болж, Монголын төр улсын бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын баталгаа бий болж, аль нэг улс гүрнээс төрийн үйл ажиллагаанд хутгалдан оролцох, нөлөөлөх дарамт үгүй болсон.

 

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэн бишрэх, төр засгаа чөлөөт сонгуулиар өөрийн итгэл үнэмшлээр сонгох, чөлөөтэй зорчих бүхий л эрх шинэ Үндсэн хуулиар баталгаажин хэрэгжсэн зэрэг олон сайн талыг дурьдаж болно.

 

Хөдөө орон нутгийн иргэдэд малыг, хот суурин газрын иргэдэд орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилснаар Монголын ард түмэн өмчтэй болсон. Манай улсын хүн ам сүүлийн 25 жилд нэг саяар нэмэгдэж 3 сая дахь иргэнээ өлгийдөж авсан. Өнөөдөр та бид гартаа гар утастай, гадаанаа машинтай, хотондоо малтай, дансандаа мөнгөтэй, гадаад явах эрхтэй, гэрээсээ дэлхий нийтийг тольдон интернэтээр аялж байна.

 

Монгол хүний дундаж наслалт сүүлийн 25 жилд долоон жилээр нэмэгдсэн байна. Өнгөрсөн 25 жилд хуримтлуулсан туршлага, алдаа оноондоо тулгуурлан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх цаг болсон. УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналыг Монгол Улсын Засгийн газар бүхий л талаар дэмжин ажиллана.  

 

“Би Монголд төрсөн юм” гэдэг хүний эрх, эрх чөлөө ханхалсан улс төрийн энэ ололтоо бид “Монголд үйлдвэрлэв” гэдэг эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн хөгжил дэвшлээрээ баяжуулах цаг биднийг хүлээж байна. 2015 оноос дараагийн 25 жилд хүчирхэг эдийн засагтай, чинээлэг нийгэм бүхий Монгол орныг цогцлооё.

 

Ардчиллын түүхийг монголчууд бид хамтдаа бүтээсэн. Тиймээс энэ 25 жилийн алдаа нь ч биднийх, оноо нь ч биднийх. Одоо туулж өнгөрсөн замаа эргэцүүлж ухрах бус, туулах замаа бодож урагшлах цаг үе бидний өмнө байна. Ирж буй цаг бүхэн эвсэж нэгдэх, эрчтэй бүтээхийг шаардаж байна” гэлээ.

 

Ерөнхий сайдын илтгэлийн Ардчиллын алтан хараацайнуудын нэг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Э.Бат-Үүл: Ардчилалд ард түмэн хэзээ ч гай болдоггүй

 

Монгол улсын баатар, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ үеэр “Монголд ардчилал тайван замаар ирсэн. Ардчилал ялж, бөөн баяр байлаа. Хүн төрөлхтний түүхийг харахад дарангуйллыг хүчирхийллээр шийдсэн байдаг. Хамгийн сүүлд Арабын хувьсгал үүнийг бүр илүү тод харууллаа. Дэлхийд сайхан үлгэр жишээ үзүүлэх тайван хувьсгалыг Монголчууд хийсэн. С.Зориг, Ц.Элбэгдорж нар тайван хувьсгал хийх ёстой гэдэг байсан. Үнэхээр ингэж чадсан.

 

Ардчилалд хувийнхаа ашиг сонирхлыг урдаа барьсан, хувийнхаа ашиг сонирхлын төлөө явсан тэр улс төрчид л гай болдог. Хувийнхаа ашиг сонирхлын цаад руу тэд л бусдыг уруу татдаг. Улс төрчдийг хүмүүсийнхээ төлөө явдаг болгох хэрэгтэй. Үнэндээ, байгалиасаа, мөн чанараараа улс төр гэдэг бол нийтийн төлөө явах мэргэжил, ажил. Өөр юу ч биш. Улс төрчдийн гай түйтгэрээс ардчиллаа хамгаалах ёстой. Ардчилалд ард түмэн хэзээ ч гай болдоггүй” хэмээн онцолсон юм.

 

Ш.Дамбийжанцан: Энэ нийгэмд хүн юу сэтгэснээ хийх боломжтой

 

Булган аймгийн Баян-Агт сумын малчин Ш.Дамбийжанцан хүндэтгэлийн хурлын индэр дээрээс малчин түмний төлөөлөл болон үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Хүндэт зочид Та бүхэндээ Монголд ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Би 16 наснаасаа өнөөг хүртэл 51 жил мал маллаж байна. Дөрөвдүгээр ангийн боловсролтой.


Өнгөрсөн 50 жилийн ажлаа эргэн харахад 25 жилд нь нэгдлийн мал маллаж, 100 гаруй төгрөгийн цалинтай ажилласан. Нэгдэл тард ардчилсан нийгэмд шилжихэд 100-гаад мал тусгаарлаж авсан. Малаа өсгөн үржүүлсээр малын тоогоо 3000-д хүргэж байлаа. Анх таван  шар үхэрээ зарж, “УАЗ-51” машин аваад малын буян, ардчиллын буян гэж их баярлаж байсан.



Өнөөдөр бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд бэлчээрийн даац багадаж байна. Хавар намар нь өвөл зунаа хавчаад, хоёрхон улиралтай болж байгаа нь алчин бидэнд хамгийн их мэдэгдэж байна. Тиймээс малын тоог өсгөхийг эрмэлзэхээс илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх чиглэлээр түлхүү ажиллах цаг болжээ. Энэ нийгэмд хүн юу хэлж, юу сэтгэснээ хийх боломжтой. Малчид бидэнд эрх чөлөөт эх орондоо сайн сайхан амьдрах бүрэн бололцоог тавьсан,1990 онд ардчилсан сонгууль явуулсны үр дүн гэж бодож байна” гэлээ.

 

Хурлын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сузан Торнтон, ахмад багш Б.Зууннаст, БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг, Бүгд найрамдах Киргиз улсын гурав дахь ерөнхийлөгч Роза Исаковна Отунбаева, Ардчилсан сонгуульд туслах олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм нарын зочид, төлөөлөгчид үг хэлсэн.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг сонордуулж, үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн.

 

Түүнчлэн Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ, Бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Хайнц Фишер нарын төрийн тэргүүн, улс төрийн нэрт зүтгэлтнүүд Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ ирүүлснийг Хүндэтгэлийн хуралын үеэр танилцуулж байсан юм.

 

Ардчилсан анхны сонгуулийн 25 жилийн ойн хүндэтгэлийн хурал өндөрлөж, Чингисийн хүрээ цогцолбор бэсрэг наадмаар ойн арга хэмжээ үргэлжилж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
jagaa:
yahaaraa ichidgiin tiim ym gej bhgvi shv ene uls hiih ymaa hiisen uls hiisen ymaaraa gaihuulahl heregtetish dee
2015-07-29
jagaa:
yahaaraa ichidgiin tiim ym gej bhgvi shv ene uls hiih ymaa hiisen uls hiisen ymaaraa gaihuulahl heregtetish dee
2015-07-29
jagaa:
yahaaraa ichidgiin tiim ym gej bhgvi shv ene uls hiih ymaa hiisen uls hiisen ymaaraa gaihuulahl heregtetish dee
2015-07-29
jagaa:
yahaaraa ichidgiin tiim ym gej bhgvi shv ene uls hiih ymaa hiisen uls hiisen ymaaraa gaihuulahl heregtetish dee
2015-07-29
ичих булчирхайгаа авхуулсан хүмүүс:
бие биенээ хянасан үгээ цэнэсэн араа бодсон тийм л үгнүүд байна тэрнээс улсаа ард түмнээ бодсон бол арай өөр үг хэлэх байлаа бид 25 жил ардчиллын үндэс суурийг тавьж хөл дээр нь босгох гэж үзлээ болсонгүй ээ харин ч буруу тийшээ буюу эргээд тоталитар нийгэм рүүгээ өдөр ирэх тусам шилжиж улс орны дээр намын удирдах албан тушаалтан нэр зүүсэн хэдэн хүн гарч суулаа ард түмэнд зарцуулах мөнгө алга харин эрх баригчидын идэх уух найр наадам хэсэх мөнгө бол байна бид 25 жилийн өмнө хаан шалдан байна гэж байгаад УТТовчоог огцруулж байсан бол өнөөдөр бид тэднээс илүү баян болж шалдан гэж хэлсэн ч ичихгүй амьдарч чадах боллоо гэж хэлэх байсан юм
2015-07-29