“Монгол арт”-ын залуус эх орноо сурталчилна
2015-07-30

Английн алдарт зохиолч Э.Л.Жеймсийн “Fifty Shades of Grey” буюу “Тавин янз саарал” гурамсан романы орчуулагч А.Түвшинтуяа “Монгол арт-2015” дэлхийн тойрон аялалыг санаачилжээ. Эл тойрон аялал нь дэлхийн түүхийн нэгэн үеийг бичилцсэн нүүдэлчин ахуйт Монгол түмний түүх соёл, үндэсний урлаг, уран зургийг дэлхийд таниулах зорилготой.

 

Багийн бүрэлдэхүүнд “June production”-ы захирал Ш.Боролдойхүү, найруулагч, зураач Э.Эрдэнэжаргал, сэтгүүлч Ө.Оюу, “Урлах эрдэм” дээд сургуулийн багш, үндэсний бичгээ өөрийн бүтээлдээ шингээн үлдээж яваа зураач СТА Л.Амарсанаа, Монголын урлагийг европ болон олон улсад сурталчлан таниулж буй зураач Г.Наранцацралт /ZAZAA/, залуу дуучин Б.Зоригоо /этник Зоригоо/ нар багтжээ.

 

Тус тойрон аяллын багийнхан өнгөрсөн тавдугаар сарын 25-нд АНУ-ын Сан Франциско хотноо “Монгол арт” шоугаар анхны гараагаа эхэлсэн юм. Тэд энэхүү тоглолтдоо Монгол үндэсний хөгжим, бүжиг, ардын урлагийн гайхалтай дуу хоолой, “June” продакшны өвөрмөц содон видео, тайз засалт, гэрлийн хослол зэрэг олон сонирхолтой үзүүлбэрээс гадна зураач Zazaa-ийн Body art шоу үзүүлбэр, зураач Л.Амарсанаагийн уран бичлэг, эдгээрийг гайхамшигтай хослуулсан гэрэл техник, тайзны амьд тоглолт, уран зургийн амьд үзүүлбэрүүдийг толилуулжээ.

 

Тус аяллын уран бүтээлчид энэ ондоо багтан АНУ-ын Лос Анжелос, Лас Вегас зэрэг хотод аялан энэхүү шоугаа толилуулан, түүх соёл, урлагаа сурталчлах юм байна. 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин