Конгрессийн байранд халдлага үйлдэхийг санаархжээ
2015-07-30

АНУ-ын цагдаагийн ажилчид Вашингтон хотын Конгрессийн байранд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг үйлдэл дээр нь баривчилсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэмт этгээд Конгрессийн байрны ойролцоо хамгаалалтад гарч байсан цагдаагийн ажилтнаас “Энэ Конгрессийн ордон мөн үү” гэж асуужээ. Энэ үеэр гэмт этгээд сэжигтэй санагдсан учир түүнийг машинаасаа буухыг шаардаж, машиныг нь шалгасан байна. Машинаас гурван гар буу, 100 гаруй сум, дуу хураагуур, цахилгаан бороохой, газрын зураг олжээ.

 

Вашингтоны цагдаа газраас “Конгрессийн байранд халдахыг санаархсан эрийг Стив Уани гэдэг. Теннесси мужийн оршин суугч. Тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд өнгөрсөн онд нэгэн түргэн хоолны ресторанд түгээгч хийдэг байсан” гэж мэдээлжээ. Гэмт этгээдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байна.

 

Энэ сард АНУ-д дараалласан зэвсэгт халдлага гарчээ. Энэ сарын 18-нд “Халифын вант улс” бүлэглэлийн захиалгаар Мухаммед Юсуф Абдулазеез гэгч АНУ-ын Теннесси муж улсын Чаттануга хотноо байрлах тэнгисийн цэргийн барилгад халдаж, дөрвөн цэргийн аминд хүрсэн бол өнгөрсөн долоо хоногт Луизиана мужийн Лафайет  хотод байрлах “The Grand” кино театрт зэвсэгт этгээд халдлага үйлдэж, гурван хүний аминд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин