Рианнагийн тоглолтыг хориглов
2015-07-30

АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотын цагдаагийн зургаан ажилтан 25 настай өнгөт арьстай Фреди Грей гэгчийн аминд хүрсэн билээ. Залууг хулгай хийсэн хэмээн гэрээс нь баривчилж, мэдүүлэг авах үедээ биед нь ноцтой гэмтэл учруулсан аж. Цагдаа нар Грейгийн нурууг хугалсан учир тэрээр амиа алджээ. Энэхүү явдлын дараа хотын иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, өнөөдрийг хүртэл Балтимор хотын цагдаагийн төв байрны өмнө залуугийн аминд хүрсэн цагдаагийн албан хаагчдыг шийтгэхийг шаардаж байгаа юм. Балтимор хотын оршин суугчдын сэтгэл санааг өргөх зорилгоор дуучин Рианна үнэгүй тоглолтоо зохион байгуулахыг хүссэн ч хотын даргаас татгалзсан хариу авсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Хотын дарга “Иргэдийн сэтгэл санаа үймэрсэн энэ үед тоглолт зохион байгуулах нь хэтэрхий эрсдэлтэй. Тиймээс таны саналаас татгалзаж байна” гэж мэдэгджээ.

 

Рианна твиттертээ” Би тоглолтынхоо үеэр Фреди Грейгийн гэр бүлтэй уулзаж, эмгэнэл илэрхийлэхийг хүссэн юмсан. Харамсалтай нь бүтсэнгүй” гэж жиргэжээ. Дуучны агент тоглолт зохион байгуулах асуудлаар АНУ-ын Соёлын яамны удирдлагуудтай уулзсан ч мөн татгалзсан хариу авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин