Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүдтэй танилцжээ
2015-08-02

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр үндэсний үйлдвэрлэгч “Мах маркет”, “Само мах”  ХХК-иудын үйл ажиллагаатай танилцсан байна.

 

“Мах Маркет” ХХК нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 2004 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өдгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний томоохон аж ахуй нэгж болжээ.

 

Тус үйлдвэр хоногт 1000 толгой бог мал төхөөрөх хүчин чадалтай эхлэн боловсруулах цех, нэг ээлжиндээ 5 тонн бууз, банш, бөөрөнхий мах үйлдвэрлэх хүчин чадалтай хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, 10 тонн бог болон бод малын мах шулах хүчин чадалтай шуллалгааны цех, нэг ээлжиндээ 5 тонн хиам, зайдас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бэлэн бүтээгдэхүүний цехтэй.

 

7500 тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах багтаамж бүхий хамгийн сүүлийн үеийн хөргөлтийн системээр тоноглогдсон агуулахтай юм. Өнөөдрийн байдлаар дотоодын зах зээлд 14 төрлийн 35 нэрийн бэлэн бүтээгдэхүүн, 7 төрлийн 14 нэрийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон боловсруулан, ангилсан мах худалдаалж байгаа юм байна.

 

Сүүлийн 2 жилд 60 гаруй ажлын байр шинээр бий болгож, өнөөдөр 180 гаруй мэргэжлийн ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 2014 онд Монгол Улсад ердөө ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн гаргах зөвшөөрөлтэй 2 компани байсан бол энэ жил 7 үйлдвэр ОХУ руу, 6 үйлдвэр БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх авч, бэлтгэлээ хангаж байгааг энэ үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан байна.

 

лаа. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний эдгээр үйлдвэр адууны махан бууз, банш экспортод гаргахад бэлэн. Харин шүлхий гарсантай холбоотойгоор хонь, үхрийн махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар л боловсруулж экспортлох бололцоо байгаа болохыг дуулгалаа. Малчид болон махны чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих үүднээс төр засгийн зүгээс тулгамдаад буй зарим асуудлуудыг шийдвэрлэх талаар хөрш орнууд болон олон улсын байгууллагуудтай ярилцаж байгаа юм байна.

 

Түүнчлэн, ОХУ болон БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий компаниуд тоног төхөөрөмжөө шинэчлэхээр авсан хөнгөлөлттэй зээлийн хугацаа нь дуусч, 08 дугаар сарын 01-нээс арилжааны банкны зээл рүү шилжих болоод байгаа, мөн эргэлтийн хөрөнгөгүй байгаа зэрэг бэрхшээлийг шийдвэрлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Засгийн газарт асуудал оруулж байгаа талаараа мэдээлэл өгчээ.

 

"Мах Маркет” ХХК-ийн дотоод хяналтын лаборатори нь 2011 онд MNS ISO/IEC17025:2007 стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн байна. Энэхүү лаборатори мах махан бүтээгдэхүүнд 40 гаруй нэр төрлийн хими, физик, микробиологи, серологийн шинжилгээг гүйцэтгэж, аюулгүй байдлыг баталгаажуулдаг.

 

2011 онд дотоодын махны аж үйлдвэрийн салбарт анх удаа эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо буюу НАССР тогтолцоог нэвтрүүлж, олон улсын аудитын компаниар шалгуулан тэнцэж, хүнсний аюулгүй байдлыг хангах суурь тогтолцоог бүрдүүлжээ. 2014 онд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000:2005 стандартыг үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлснээр Монголын махны болон хүнс үйлдвэрлэлийн салбарт шинэ ололт амжилт гаргаж, компанийн төдийгүй улс орныхоо хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм байна.

 

Ийнхүү олон улсын аудитын компаниар шалгуулан гэрчилгээ авснаар “Мах Маркет” ХХК-ийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гадаад зах зээлд гаргах нөхцөл бүрдэж БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох  шалгалтанд тэнцэж эрхээ авсан бөгөөд энэ оны намраас экспортоо эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Компанийн удирдлагууд энэ үеэр санхүүгийн асуудлаас үүдэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа талаар хэлж байлаа. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар суурилагдсан хүчин чадлынхаа 30 хувийг ашиглаж байгаагаас үүдэн энэ онд БНХАУ руу 6000 тонн мах экспортлох юм байна. Харин санхүүгийн дэмжлэг авах юм бол экспортын бүтээгдэхүүний хэмжээг 12000 тонн болгон нэмэгдүүлэх боломж байгааг “Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор танилцуулжээ.


 

Дараа нь олон улсын чанарын шаардлага хангасан, экологийн цэвэр, дээд зэргийн чанартай мах, махан бүтээгдэхүүн эрүүл хүнсийг дотоодын зах зээл, экспортод нийлүүлэх зорилготой “Само мах” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах, улсын нөөцөд чанартай мах бэлтгэх чиглэл бүхий “Само мах” ХХК нь “Тайж” группын охин компани аж.

 

Тус групп нь хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр мал, мах бэлтгэн, дахин боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүн гаргах, талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төмс, хүнсний ногоо хадгалан боловсруулах, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, тээвэр зуучлалын үйлчилгээ явуулах, зэрэг олон төрөл цар хүрээтэй үйл ажиллагааг явуулдаг байна.             

   

“Само мах” ХХК нь хиам, нөөшилсөн бүтээгдэхүүний орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг суурилуулан, ашиглалтад оруулж, олон улсын стандартын шаардлага хангасан, экологийн цэвэр, дээд зэргийн чанартай мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн, экспортод гаргах зорилготой ажилладаг. Энэ оны 2 дугаар улиралд ашиглалтад орсон тус үйлдвэр өдөрт 85 толгой бод малын 10.5 тонн ястай махыг шулж, 8 тонн цул махаар 25000 ширхэг нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийт 1.5 сая ширхэг нөөшилсөн бүтээгдэхүүн экспортолж, 3 сая ам.долларын борлуулалт хийгээд байгаа аж.

 

Үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн автомат бөгөөд үйлдвэрлэл программчлалаар явагддаг байна. “Само мах” үйлдвэр нийт бүтээгдэхүүнээ 100 хувь ОХУ руу экспортолдог бөгөөд цаашид ч ихээхэн хэмжээний захиалга авах төлөвтэй байгаа юм байна. Тус үйлдвэрийн дэргэдэх Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “САМО” институт дэвшилтэт техник, технологиор шинэчлэгдэн, олон улсын шаардлага хангасан бүхий л төрлийн шинжилгээг хийдэг болжээ. Тус  институтийн эрдэмтэд бусад орны эрдэмтэн, судлаачидтай хамтран олон төрлийн судалгаа хийж, бусад орны зах зээлд бүтээгдэхүүн гаргах талаар ажиллаж, Зүүн Өмнөд Азийн орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох төлөвлөгөөтэй байгаа юм байна.

 

Тус үйлдвэр нь импортыг орлох, экспортыг дэмжих 888 төслийн шалгаруулалтад тэнцэж, 4.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авахаар шалгарсан ч бүхий л санхүүжилтээ өөрсдийн эх үүсвэрээс шийдэн, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа  аж. Цаашид үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд дээрх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг холбогдох хүмүүст уламжилж өгөхийг “САМО мах” үйлдвэрийн удирдлагууд хүсчээ.



Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “САМО” институтыг тус компанийхан ажлуулдаг бөгөөд малын дайвар бүтээгдэхүүн болох дэлүүг боловсруулан хүний биед тустай, шимтэй “Эрдэс” хэмээх шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Инсулин, төмрийн бэлдмэлээр баялаг уг бүтээгдэхүүн нь дотоодын хэрэглэгчдэд ихээхэн хэрэгцээтэй байдаг ажээ.

Shuud.mn
Сонин хачин