Барьцаанд байсан 178 хүнийг чөлөөлжээ
2015-08-03

Нигерийн армийн дайчид хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн барьцаанд байсан 178 хүнийг чөлөөлсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Барьцааны иргэдийг Борно мужид байрлах байшингаас аварсан байна. Чөлөөлөх ажиллагааны үеэр 10 гаруй хүн амиа алджээ.

 

Армийнхны чөлөөлсөн 178 хүний 101 нь хүүхэд бол 67 нь эмэгтэйчүүд гэнэ. “Тэд хүнс, тэжээлийн дутагдалд орж, амь нас нь аюултай нөхцөлд байгаа” гэж Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Эрх чөлөөтэй болсон эмэгтэйчүүдийн дунд өнгөрсөн онд сураггүй алга болсон сурагч охид байгаа эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Хэт даврагчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Чибок тосгоноос сургуулийн насны 280 гаруй охиныг хулгайлсан билээ.

 

“Боко Харам” 2014 онд 5500 хүний аминд хүрсэн бол энэ оны эхний хагасын байдлаар 4700 хүний аминд хүрч, 258 удаа алан хядах ажиллагаа зохион байгуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин