76 жилийн хугацаанд 31548 хүнийг цагаатгажээ
2015-08-03

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нэг удаагийн нөхөн олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн акт болох улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль 1998 онд батлагдан гарч, 5 удаа нэмэлт өөрчлөлт орсон. 

 

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын тоо бүртгэлээр 1939 оноос 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд 10183 хэрэгт холбогдох 31548 хүнийг улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн болохыг  тогтоож, цагаатгасан гэсэн судалгаа байна.

 

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийг цагаатгах ажлыг түүхэн он жилээр нь авч үзвэл: 

Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг хянан үзэх, цагаатгах ажил 1939-1945, 1956-1962, 1989 оноос өнөөдрийг хүртэл  3 үе шаттай явагдаж ирсэн байна. 

 

Эхний үе шат. 1939 оны хавар болсон ДЯЯ-ны төв, хөдөөгийн удирдах ажилтны зөвлөгөөнд хэлмэгдэл, завхрал түүний арга хэлбэрийн талаар хурцаар шүүмжилж, ДЯЯ-ны ажлыг МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцээд 1939 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 15 дугаар тогтоол гаргаж, улс төрийн хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг дахин хянан үзэх шийдвэр гаргаж. Улс төрийн хэрэгт шийтгэгдэгсдэд холбогдох хэргийг хууль ёсоор цагаатгах ажлын эхлэл тавигдсан. Уг тогтоолтой холбогдуулан ДЯЯ-ны сайд Х.Чойбалсангийн тушаалаар тус яамны газар хэлтсүүд мөрдөн байцаах ажлыг бие даан явуулж байсныг зогсоож, Мөрдөн байцаах албыг байгуулан тухайн үед мөрдөн байцаалтад байсан хэргүүдийг шилжүүлэн 1939-1945 оны хооронд Онц Бүрэн Эрхт Комиссын хурлаар шийтгүүлж, засан сайжруулах газарт хоригдож байсан хүмүүст холбогдох хэргүүдийг дахин шалгаж, ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комисст хэлэлцүүлэн 2015 хүнийг цагаатгасан байна. 

 

Хоёр дахь үе шат. 1956 онд  ЗХУКН-ын 20 дугаар Их хурал хуралдаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг уудлан арилгах зорилт дэвшүүлсэн нь манай улсад нөлөөлж, ДЯЯ-ны ажилд гарч байсан алдаа завхралыг илрүүлэн засах Ширэндэв даргатай Комиссыг байгуулсан байна.  Комиссоос гаргасан дүгнэлт, саналын дагуу 1957 оны 7-р сарын 9-ний өдөр АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэд Цагаатгах ажил эрхлэх комисс байгуулагдаж Цэрэг ба НАХЯ-ны Шалгах хэлтсээс улс төрийн  хэрэгт шийтгэгдсэн хүмүүст холбогдох хэргийг хянан шалгаж Цагаатгах ажил эрхлэх комиссын 80 удаагийн хуралдаанаар хэлэлцүүлж,  1000 орчим хүний хэргийг цагаатгасан байна. 

 

Гурав дахь үе шат. МАХН-ын Төв Хорооны V Бүгд хурал 1989 оны 12 дугаар сарын 21-22 ны өдрүүдэд хуралдаж, 1930-1940-өөд онд хэлмэгдэгсдийн тухай асуудлыг үргэлжлүүлэн нөхөн хянан үзэх, үнэн байдлыг тогтоож тэдний шударга нэр хүндийг сэргээх, хэлмэгдэгсдийг цагаатгуулах ажлыг эрхлэх тусгай комиссыг Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос томилж ажиллуулах нь зүйтэй гэж үзэн хэлмэгдүүлэлтийн уршиг дагаврыг үндсээр уудлан илчилж, арилгах арга хэмжээ авах зорилт дэвшүүлэн тогтоол гаргаж, Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Намсрайгаар даргалуулан комисс байгуулсан. Уг комиссоос НАХЯ мөрдөн байцаалт явуулж, прокурор хянаж, цагаатгах эсэхийг шүүх хянан шийдвэрлэх журам тогтоон ажилласан байна. 

 

НАХЯ-ны Мөрдөн байцаах хэлтэс 2 жилийн хугацаанд Онц Бүрэн Эрхт Комиссын 1937-1939 оны тогтоолоор шийтгэгдсэн 25000 хүний хэргийг (Ерөнхийлөгчийн 56-р зарлигт заасны дагуу) нэрсийн жагсаалтаар шалгаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах ажлыг хийж дуусгасан юм.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасны дагуу иргэдийн цагаатгуулах тухай гомдлыг хуулийн хүчин төгөлдөр хугацаанд хүлээн авч, шийдвэрлэх ажил өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Жамбалдорж:
АН хараал идсэн МАХН ын баасыг цэвэрлэх гэж татвар төлөгчдийн мөнгийг 1999 оноос хойш салхинд хийсгэж байна , үнэндээ эсэргүү урвагч байсан болоо л хэлмэгдүүлэлт гэж зүйл гарч ирсэн юм шүү дээ түмэн олны тархийг угаасан шарын шашин гэж зүйл тэр үед байх шаардлаггүй цагаа олоогүй зүйл байсан юм
2015-08-03