Зуншлага сайтай сумдаас хадлан авна
2015-08-04

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Энэ зуны байдлаар 66 сум гангийн байдалтай, 64 сум гандуу байсан. Сүүлийн үед бороо ихээр орж, бэлчээрийн өвс нэмэгдсэн хэдий ч хадлан авах хэмжээн хүрэхгүй байна. Тийм учраас хадлан тэжээл бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэж үзлээ. Зуншлагын байдалтай холбогдуулан авах арга хэмжээний талаар тогтоолын ХХАА-н сайд Р.Бурмаа танилцуулж, батлуулсан. Уг тогтоолд зуншлага сайтай сумдаас хадлан авах хуваарийг зохицуулсан. Мөн стандартад нийцээгүй үр тариаг улс худалдан авч, ногоон тэжээл болгож ашиглах нь зөв гэж үзсэн. Үүнд нийт 10 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг гаргахыг тогтоолд дурьсан. Түүнчлэн Улсын онцгой нөөцийн газруудад өвс тэжээл хүргэхэд 2 тэрбум төгрөг гаргахыг Сангийн сайд болон ХХАА-н сайд болон Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан. ХХАА-н сайд саяхан Монгол Улсын газар тариалангийн томоохон бүс нутаг болон Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн. Орон нутгийн удирдлагууд нийт тариалангийнхаа 50-60 хувийг алдах магадлалтай байна. Харин тариаланчид ургацын дүн наймдугаар сарын сүүлээр гарах тул одоогоор тийм хэмжээний ургац алдана гэж хэлэх боломжгүй. Бид аль болох тариалан алдахгүй байхыг хичээх болно гэдгээ илэрхийлсэн. Мөн гаднаас импортоор гурил, улаан буудай худалдан авах гэхээсээ илүү дотоодын тариаланчдынхаа улаан буудайг худалдан авах, дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг хүссэн гэлээ.

 

150 мянган тонн улаан буудай шаардлагатай

 

Хүнсний болон үр тарианы буудайн нөөц бүрдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Нийт 395 орчим мянган га-д тариа тариалснаас  80 орчим хувь нь гангийн  бүс нутгийг хамарчээ.  Тиймээс хураан авах тариа их хэмжээгээр буурч байгаа. Улсын хэмжээнд  гурилын хэрэгцээг тасралтгүй, тогтмол хангахад 150 мянга орчим тонн улаанбуудайн  хэрэгцээ байгаа. Энэ үрийн болон хүнсний улаан буудайгаар  хангах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнд 80 тэрбум орчим хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байна.  150 мянган тонн үр тариаг  эхний ээлжинд дотоодын зах зээлээс,  шаардлагатай тохиолдолд гадаадын зах зээлээс шууд худалдан авч нийлүүлэн нөөц бүрдүүлэхийг ХХАА-н сайдад үүрэг болгосон тогтоол гаргалаа.

 

Үр тарианы нөөцийг бүрдүүлэх, малын тэжээл бэлтгэхтэй холбоотой бас нэг заалт  байгаа. Гурилын үйлдвэрээс гарч байгаа малын тэжээлийн зориулалтаар бэлтгэдэг  хэвгийг өмнө нь экспортод ихээхэн хэмжээгээр гаргадаг байсан. Үүнийг 2015 оны есдүгээр сарын нэгнээс 2016 оны гуравдугаар сарын 30 хүртэл зогсоохыг ХХАА-н сайд болон МХЕГ-ын даргад даалгалаа.

 

Нийт 80 орчим мянган мах нөөцөлнө

 

Монгол Улсын хэмжээнд энэ жил 58 сая мал өвөлжинө. Мал өвөлжилтөд нийтдээ 1.2 сая тонн өвс, 250 мянган тонн тэжээл онцгой шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ тэжээл нь нийт мал сүргийн 10 хоногийн нөөц гэж үзэж байгаа.  Иймээс  малчдыг малын  тэжээл бэлтгэх бүхий л нөөц бололцоогоо дайчлахыг Засгийн газраас удаа дараа анхааруулж байгаа юм.  Дээр нь мах бэлтгэх, хөргөлттэй зооринд хадгалах,  махны нөөцийн савыг бэлтгэдэг нийтдээ 42 үйлдвэр бүртгэлтэй байдгаас 33 нь үйл ажиллагаагаа  хэвийн явуулж байгаа.  Нийтдээ 60 орчим мянган мах хадгалах хөргөлттэй зоорь байдаг юм байна. Сүүлийн хоёр жилд аж ахуйн нэгжүүд шинээр  10 орчим мянган тоннын мах хадгалах хөргөлттэй зоорийг байгуулсан байна. Ингэхээр нийт 70 орчим мянган тонн мах бэлтгэж хадгалах  боломжтой гэж үзсэн. Энэ жилийн хувьд уламжлалт  мах гаргадаг орон болох БНХАУ, ОХУ-д нийтдээ 1.2 сая бог, 250 мянган бод малыг нядалж гаргах бололцоотой юм байна. Энэ нь нийтдээ 50 мянга орчим тонн мах болно. Дээр нь дотоодын зах зээлд 1.2 сая бог мал, мөн тодорхой хэмжээний бод малын махыг нийлүүлэх бололцоотой. Энэ нь нийтдээ 30 гаруй мянган тонн махыг нөөцлөх юм. Үүнд нийтдээ 180 тэрбум төгрөг шаардагдаж байгаа. Энэ нь эргэлтийн хөрөнгө, буцаад төлөгдөх учраас  санхүүд ямар нэг дарамт үзүүлэхгүй. Тиймээс эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг шийдэхийг Сангийн болон ХХАА-н сайдад даалгалаа.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин