Босогчид Францын иргэнийг суллажээ
2015-08-07

Йемений босогчид энэ оны хоёрдугаар сарын 24-нд Францын иргэн Изабелла Приме гэх 30 настай бүсгүйг барьцаалж, их хэмжээний мөнгө шаардсан билээ. Изабелла санхүүч мэргэжилтэй бөгөөд Йемений нэгэн банкны урилгаар Сана хотноо хүрэлцэн ирээд, маргааш нь барьцаалагдсан байна.

 

 

Францын удирдлагууд иргэнээ эргүүлэн авахын тулд босогчидтой хэлэлцээр хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр Изабелла Примег босогчдын гараас суллаж, эрх чөлөөтэй болгосон тухайгаа мэдэгджээ. Олланд “Хэлэлцээр амжилттай болсонд баяртай байна” гэж хэлжээ. Изабелла эх орондоо ирээгүй байгаа гэнэ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Хэлэлцээр хаана явагдсан, францчууд босогчдод хэдэн сая доллар төлсөн эсэх нь тодорхойгүй байгаа” гэжээ. Изабеллаг барьцаалагдсны дараа Францын олон хотод эсэргүүцлийн жагсаал болж, иргэнээ хамгаалахыг Францын удирдлагуудаас хүссэн билээ. Босогчид өнгөрсөн зургаадугаар сард Изабеллаг амьд байгааг батлах видео бичлэгийг твиттер хуудастаа байршуулсан юм. Энэхүү бичлэгийн дараа францчууд босогчдтой хэлэлцээр хийхийг зөвшөөрчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин