ТАКСИ № 127
2015-08-07

Энэ өдрийн мэнд. Өнгөрсөн Баяр наадмын халуун мэнд, манайхан. Урд бичлэгт цухас дурдсан ёсоор ар гэрийг ажил шалтгаанаар бичлэгээ аргагүй тасаллаа. Түрээс зээл төлөлт гээд олон ч юмаа тас хаялаа. Товчхондоо Монголоос эхэлсэн эмнэлэг домнолгооны асуудал даамжирсаар  Солонгост ирээд байна. Айрагтай, адуутай наадмаар Монголдоо байж  чадсангүй. Тэр өдөр чинь нэтээр наадам харчих санаатай нэг  жижиг бүгчим өрөөнд үзэж дарж суулаа шүү дээ. Бэл муу болсон тул энд сурах оюутан хүүхдүүдтэй нийлж борцны махаараа хуушуур хайрч идлээ. Дажгүй болдог юм билээ. Удахгүй Монголдоо очиж овоорсон асуудлыг цэгцэлж халтуураа эхлүүлнэ гэж бодож байна. Ингээд зүгээр суухаар зүлэг гэдэг шиг Сөүлийн саарал амьдралын тухай тэмдэгэлэлээ буулган орууллаа. Монголынхаа талаар ихийг сонсоно гэж суусан ушигчдынхаа урмыг хугалсан бол хүлцэл өчье. Намраас сонин ихтэй тэмдэглэлээ эхлүүлнэ ээ. Энэ буулгасан маань ч   гэхдээ тийм уйтгартай биш гэж бодож байна. 

 

Өвдөж үл болно

 

Ойр дотны хүмүүс маань өвчин ороож, хүндрээд Солонгос орны эмнэлгийн дотор гадна овоо ч эргэлдлээ дээ. Энд хүмүүс эрүүл мэнддээ их анхаарал тавьдаг нь, даатгалын систем хатуу чанга үйлчилдэг нь цаанаа учиртайг ойлголоо. Намайг эмнэлэг дээр байхад нэг монгол эмэгтэй ирлээ. Байнгын усан дунд зогсож хоолны газар удаан ажиллаад бөөр нь үрэвсээд  гурав хоног халуураад иржээ. Нөгөө“мэрс” гээд ханиад гараад сэжигтэй байсан үе л дээ. Хажуу орон дээр нэг солонгос байнга ханиаж цээж нь хэржигнэх нь хэцүү. Нөгөө бүсгүйг компьютер оношлогоонд оруулж хоёр дусал хийгээд “тав хоног хэвтэх үү” гэж байна. Тэгэхгүй бол бөөр чинь маш хурц үрэвсэлтэй байна гэх шиг болов.

 

Монгол найзууд нь хоорондоо зөвлөлдөөд мөнгө цаас хэцүү тул эмчилгээ хийлгээд гэрээр эмээ ууя гэж байна. Арга ч үгүй юм байна. Нэг үзүүлээд хоёр дусал хийлгээд ойр зуур шинжилгээ өгсөн чинь 600 мянган вонн буюу манай мөнгөөр сая гаран төгрөг гараад явчихаж байна.

 

Солонгосчууд өөрсдөө даатгалтай бол толгой өвдөх юм алга. Эмчийн хэлсэн бүхнийг хийж, шинжилгээг тултал өгөөд болохгүй бол дээшээ гараад хэвтчихэж байна. Харин хүний газар яваа бид мөнгөгүй бол хэцүү юм. Эмнэлэгт өдөрт багаар бодоход 80-100 мянган вонн гараад явчихаж байгаан. Сар ажиллалаа. 1500 воннтой боллоо. Өвдлөө, тэр өдрөө өнөөх мөнгө нь  дуусна. Цаашаа эмчлүүлэх хэрэгтэй болно.  Ийм л өртөг өндөртэй болохоор  ёстой эмнэлгийг хүсдэггүй улс чинь энд байна. Аль болох биеэ тордоод зөв дэглэм бариад эрүүл байх л зорилготой болцгоодог юм байна. Манайх шиг ханиад хүрсэн ч эмнэлэгт хэвчих гээд ор хөөцөлдөөд байхгүй юм. Манай хүү аваарт орж тархины гэмтэл авч байсан. Тэр нь сэдрээд байгаа бололтой ухаан алдах зэргээр эвгүй болж ирсэнд нарийн шинжилгээ хийлгэе гэвэл миний жилийн цалин, таксиний орлого бол сураггүй юм байна. 10 хэдэн саяас л эхэлж байна. Тэглээ гээд өвчтэй хүнээ хаялтай биш. Амьтан ах дүү нийлээд эмнэлэг л бараадуулж байгаа юм. Эндэхийн нөхдүүд бол мөнгөгүй, даатгалгүй бол ер  нь тэгээд нэг сум бараадаад болохгүй бол хаячихаж чадахаар л хатуу хүмүүс шиг санагдсан. Хөрөнгөтөн орон гэдгийг сонгодог утгаар нь эмнэлгээр нь явахдаа харлаа. Долоо хоногт сая төгрөг гаргачихаж чадахгүй бол тэгээд үхэхээс л өөр замгүй газар байна лээ дээ. Эрхэм баян эрүүл мэнд гэж ёстой үнэн үг шүү, манайхаан. Болж өгвөл өөртөө таарсан мөнгөтэй, бор гэртээ богд Монголдоо байхыг бодмоор юм билээ дээ. Гадаадад жинхэнэ “урсгал сөрж” амьдардаг талаар бичих юм их байнаа.

 

Энд над шиг явуулын хүн байр сууцаа олох, таван төгрөгийн ажил олж хийхэд мухардах тулах юм их. Гэхдээ зовлон тоочиж уншигчдаа залхаагаад яахав. Одоо харин зуны бүгчимд 3 сарынхан маань ирж, ажил хайж баахан бужигнуулсан талаар цухас өгүүлье дээ.

 

Би эмнэлэг энэ тэр гээд завгүй тул Сөүл Түндэмүн дээр бараг очихгүй байлаа. Харин нэг орж ирж хэд хонохдоо монголчууд маань Сөүлд маш ихээр ирж байгааг жинхэнэ мэдэрлээ дээ.

 

За тэгээд нэг орой хуушуурдах санаатай Түндэмүний тэнд байх Шигданд сууж байлаа. Том, жижиг цүнх ачаа чирж хөлс нь гарсан хэдэн залуу сууж байна. Цаана нь нэг тайрмал үстэй 40 гаран насны солонгос ажуумаа ирээд суучихжээ. Үзмэрч шиг ганцаараа нэг ширээнд суух бөгөөд манай нөгөө хэд нэг нэгээрээ очиж ширээн дээр нь суугаад байлаа. Би гайхасхийж, Шигданы хүүхнээс “ энэ ажуумаа юу хийгээд байнаа. Үзмэрч юм уу”  гэлээ.

 

Э-  Үгүй ээ ккк. Ажил олж өгдөгийн. Хаалттай. Манайд баахан хүн ирээд

Х- Тэгээд уулзаад ажилд явуулаад байдаг юм уу. Хэрэгтэй хүн байна даа.

Э-  Бүгдийг нь явуулахгүй шд ах минь. Ийм тийм ажил байна, явахуу гээд. Явнаа гэвэл өөрөө ярьж тохирч оруулж өгдөг юм.

Х- Одоо тэгээд ямар жил байна гэнэ. Гайгүй юм байвал би ч гэсэн явчих юмсан даа.

Э- ккк танд дийлэх юм байхгүй ээ. Ногооны ажил чинь хүнд шдээ. З сарынхан л шууд яваад байгаа болохоос хүнд. Цалин бага.

 

За тэгээд хуушуураа цохингоо ажуумаа болоод монголчуудын хооронд өрнөх яриаг сонирхож суулаа.

 

Авгай ч хэдэн зүйл асууж тайлбарлаад утас цохих юм. Цаанаас нь нэг дээрэлхүү дуутай яравгар байрын нөхөр аан, уун гэж ярьж байснаа таслаад. Тэгсгээд болчихож байгаа харагдлаа. Чемоданаа бариад гарах гэж байгаа залуу хүүхэн хоёроос асуулаа.

 

Х- Та хоёр уулзчихав уу. Ажил чинь бүтэв үү.

Э- /эмэгтэй/ Аан тийн... ажилд орохоор болчихлоо.

Х- Өө болж дээ. Хаана юм бэ. Хөдөө юу ?

Э- Тийн сонгино дээр.

Х- Хүнд гэж байна даа тэр сонгино чинь. Өөр юм хайхгүй. Хэзээ ирсийн

Э- Бид хоёр өнөөдөр ирсээн. Манай  энэ дүү /хажуудах эрэгтэйг эрүүгээрээ зааж /  ажлаасаа чөлөө аваад ирсэн. Цаг алдаад яахав дээ, хэл усгүй юм чинь явчих л гэж эгч хэлж байна.

Х- За тийм бол бас хэцүү юм даа тэ. Тэгээд одоо шууд явах гэж байгаа юм уу.

Э- Тийн, ийшээ орж нэг утас авчихаад. Тэгээд нэг хоол идчихээд явлаа гэж хүүхэн итгэл муутайхан бас намайг тээр үзсэн маягтай хэллээ.

 

Эргээд харвал дараагийн залуу ажуумаагийн өмнө томоотой суусан харагдлаа. Тэр орой 3 сараар ирсэн гэх таван залуу тэр ажуумаагаар замаа заалгах шиг болов. Нэг хүн 100-ийн хаалттай гэхээр тэр авгай 500 мянгийг хийчихсэн хэрэг. Бас муулах ч юм алга. Тэгээд үнэхээр ажил олдохгүй л байгаа болохоор бас хэцүү.

 

Ингэж манайхан зуны амралтаараа Сөүлд десант буулгаж байгааг би эхэлж мэдэрлээ. Ойлгомжтой, энэ нь цаашид миний анхааран сонирхох нэг сэдэв болов. Ер нь бол гурван сарынхныг минь тархидах, хулхидах явдал хэтэрч эхэлсэн тул би энэ тухай яаруухан буулгаж  “Сөүл дэх бүгчим өдрүүд” гэсэн товчхон бичлэг оруулсан болохоор энд товчильё. http://www.shuud.mn/content/read/455110.htm Уншаагүй нь энэ линкээр орж харна биз дээ.

 

Харин өөрийн биеэр туулж муруйлсан нэг тохиолдлоо бичье.

 

Манай садангийн дүү охин гэнэт л хүрээд иржээ. Мөн л ажлын чөлөөтэй, зуны амралтаар ирсэн тул ажил олж өг гэж тулгалаа.

 

Зүс таних болсон нэг ажилд зуучилдаг авгай руу ярилаа. Хачин уриалгахан“Кирим” ёг дээр хүрээд ир гэлээ. Өнөөдөхөө дагуулаад очлоо. Нэг самушлийн гадаа үе чацуу гурван авгай лаазтай пиво шимчихсэн тун сэтгэл өндөр сууцгааж байна. Тойроод цүнх саваа чирсэн гурван залуу сууж байна.

 

Эхний намхавтар авгай “Ёооё, та хоёр ямар удав аа. Энэ гурван залуу эрт ирээд ёстой азтай . Хөдөө машины үйлдвэрт 2 саяын цалинтай ажилд орох болчихлоо ш дээ”  гэсэн сайхан мэдээг дуулгаж миний шарыг малтаад авч байна.

 

Тэгээд манай дүү охиныг морь шинжих мэт хөлөөс нь толгой хүртэл нэг гүйлгэж хараад “за дээшээ гарья . Насыг чинь нэмж хэллээ шүү. Хэл мэдэх үү гэвэл жоохон Аро л гээрэй за. Тэгээд дуугүй зогсож бай”гэж товч чиглэл өгөөд надад хандаад болсон болоогүй далий Солонгос хэлээр ярианд оролцоод байлгүй хол зогсохыг анхааруулаад  дээш дагуулж гарлаа.  Нэлээн том зааланд ширээний ард утсаар ярьсан л улс. Энэ зуурт “ Яасан ч  сайхан элбэг дэлбэг их ажлын байртай улс  юм бэ дээ” гэж бодогдлоо.

 

Манай нөгөө зуучлагч үе чацуу байрын нэг тайрмал үстэй хүүхэн дээр очоод манай хүнийг заан хэдэн үг хэлээд жоохон ярилцаад нөгөөдөх нь нэг тийш утас цохимор болоод төд удалгүй эргэж намайг гарья гэж дохилоо.

 

Х- За яав. Ажил байхгүй гэнэ үү

А-/авгай/ Чи  ёстой бүтэлгүй амтай хүн юм аа. Би орсон юм чинь бүтээнэ шд.  Сарын сая 900-ийн цалинтай, байртай, хоолтой буудалд оруулахаар болчихлоо. Эндээс жоохон хол хөдөө газар. Маргааш өглөө 9 цагт эндээс явна. Би хүргэж өгнө. За одоо хаалтаа өг. 140-ийг өгчих. Уул нь 150 гэхдээ яахав чамд бас нэг 10 -ийг хасья даа.

Х- Ээ хөөрхий.  Өглөө өгч болохгүй юу . Одоо надад 100 л байна .

А- Ээ тэгээд мөнгөгүй бол яах гэж хүн ажилд оруулна гэж чирч явдаг юм бэ дээ. За яахав энийгээ өгчих. Өглөө гүйцээгээд өгөөд явуулаарай....

 

Намайг үг хэлэх сөхөө ч өгсөнгүй. Сул атгасан 100 вонныг минь ганцхан татаж аваад дээшээ гарчихлаа. Нэгэнт асуудал шийдэгдсэн тул бид өглөө эрт ирэхээр болоод саллаа.

 

Өглөө нь нөгөөдөх дүүгээ явуулах гэж бид бөөн л хөл боллоо. Дээр үед  манийг сангийн аж ахуйд будаа тарианд явахад л нэг иймэрхүү байдаг санагдлаа. Ойр зуур хувцсыг нь хийлгэлээ. Метроны картандаа хийгээрэй гээд 10 мянга. Мөн юмыг яаж мэдэхэв гээд “аваарын” 30 мянган вонн өгөөд. Бага ярьж их хийх хэрэгтэй. Бүүр болохгүй бол утсаар яриад эргээд ирээрэй гэж захисаар нэг газар мэдэх хүүхдээр хөтүүлээд явууллаа. 

 

Өдөр нь залгаж байна. Нөгөө хамт явна гэсэн хүүхэн нь ярьж байна.

 

Э-Нөгөө гоё ажил чинь түр хойшилсон гэнээ. Харин бөөнөөрөө яваад хийх арай бага цалинтай ажил байна. Тийшээ явах уу гэнээ. Би ч цаг алдаад яахав. Явья даа танай дүүг яах уу ?

Х- Ямар ажил гэж байна?

Э- Хөдөө гэнээ. Бөөнөөрөө нэг газар байрлаад. Тэгээд өглөө нь Шигдануудад хуваагдаад тарж ажиллана гэнээ. Цалин нь  сая 300 мянган вонн гэнэ.

Х- Юу вэ нөгөө сая 900 мянгын цалинтай байртай буудал яасан. Тэрэнд л орно гэж 140 мянгыг өгөө биз дээ.

Э- Харин тэр ажил нь өглөө болчихлоо гэсэн гэнээ.

Х- Өө сайхан гарууд. Тэгээд одоо ийм доошоо цалинтай ажилд орох хүн чинь тэр зуучлалын мөнгөнийхөө ядаж талыг буцааж авах уу ?

Э- Та чинь эргүү юм уу. Тэр улс чинь ажил олоод өгсөн тэгээд болоошт. Юу гэж мөнгөө өгөхийн

Х- Заза. Одоо тэгээд огт мэдэхгүй хөдөө газар хэл усгүй хүнийг явуулчихаад юу бодож суух вэ . больё доо... үүгээр бид хоёрын яриа дууслаа.

 

Ер нь бол тэр хэдэн авгай нар нэг аргатай юм билээ. Эхлээд татгалзах аргагүй өндөр цалинтай ажил хэлнэ. Тэгээд зуучлалын мөнгөө авчихна. Маргааш эрт явна гэнэ. Тэгээд очихоор нь нөгөө ажил хойшиллоо. Түр энэ ажлыг хийх үү гээд жинхэнэ алуурын ажилд шахчихдаг. Ер нь бол алгадаад авчихмаар санагдсан. Гэхдээ яахав дээ. Тэгээд л олноороо ирж буй монголчууддаа сануулж сэрэмжлүүлэх гэж тэр “Сөүлийн бүгчим өдрүүд”-ийг бичсэн юм.

 

30 саяар мултарлаа

 

За манайхны Сөүлд яаруу ирээд буцахын нэг том далд шалтаг бол  Казино юм даа. Орлоготой мөнгөтэй хоббитой хүний оролддог юмаар өртэй ажилгүй манайхан их орж гарах юмаа. Хэд хоногийн өмнө найзтайгаа ажил хэрэг асуухаар уулзтал ярьж хөөрөнгөө казино орж нэг нөхрийг олж авахад ханьсахыг хүслээ.

 

Хэд хоногийн өмнө уулзахад л “өө тоглоод байгаа юм уу. Тэгээд хэзээ ирэх юм бэ. Надтай юм уу, ханьтай орохгүй дээ” гээд л яриад байсан юм. Тэр эр л одоо болтол сууж байгаа юм байна. Түүнээс хойш лавтай 5 хоног өнгөрсөн санагдлаа. 

 

Замдаа бид хоёр казинод сэтгэл сүнс хоргодсон монголчуудынхаа талаар буу халлаа. Манай хүн л ярилаа даа. Аль гэнэ вэ, нэг яамны дэд сайд ирсэн юм байх. Гуравхан хононо, эмнэлэгт бүтэн биений шинжилгээ өгөөд буцмаар байна гэж утсаар захиалга өгүүлж дээ. Болзсон өглөө өнөөх сайдаа авахаар манай хүн эртлэн гарсан боловч буудалдаа байсангүй гэнэ. Тэгээд хажуудах казино дээр нь харуулдаж дээ. Тэгсэн үд голлох гэж байхад тарвага үүрнээсээ гарч байгаа юм шиг нэлээн тааваараа гараад ирж байна гэнэ дээ.

 

Тэгээд номер очероо дахиж авч бөөн юм болж байж л дэд сайдыг бүтэн биеийг шинжлүүлсэн юм байх. Тэгсэн өнөөдөх нь орой нь нэг эмэгтэй хүнтэй суучих аятайхан орчинтой газар олоод өгөөч гээд залгаж байна л гэнэ. 

 

За ингээд нэлээн буу халсан бид хоёр жоохон төөрөс хийгээд нэг казинод ирлээ. Нэрийг нь хэлээд яахав дээ, энд ирсэн улс мэдэх хойно. Манайхан ч бараг тэр Түндэмүний урдхан харагдах Намсан гэдэг дээр нь гарч үзэлгүй буцах хэрнээ казиногоор нь бол яаж ийгээд орчихоод байдаг болсон байна лээ. Энэ бол бас бидний тухай нэгийг хэлээд байгаа юм шүү. За хадуурахаа больж гол үйл явдалдаа орьё. “Алаг нүдтэй  дунд зэргийн нуруутай махлаг эр бий шүү” гэж найз сануулсан нь өнөөх Ардын элч дээр гардаг “ хөөрхөн хүүхэн бүхнийг бариад байх юм уу” гэдэг шиг сонсогдлоо. Паспортоо үзүүлээд орж явчихлаа. 

 

Ази голдуу нөхдүүд л ширээ тойроод суучихсан үзэж тарж байна. Ороод заалны дөнгөж захаар алхтал найз маань нэг ширээ рүү эрүүгээрээ дохиж, нүд ирмэлээ. Дээгүүрээ нэг бараан өнгийн подволк  өмсөж, доогуураа шорт хийчихсэн нэлээн махлаг бондгор эр хэдэн хясаа барьчихсан ширээ тогшоод сууж байна.  Хятад бололтой хэдэн эр ширээн дээр нь зэрэгцжээ.

 

“Хүүе сайн уу” гэсээр найз араас нь цочоож, хажууд нь суулаа. Өнөөх эр нэлээн алжаасан алаг сайхан нүдээрээ бид хоёрыг тийм ч таатай харсангүй.

 

“ Өө яахав сууж л байна” гэж хайнгадуухан дуугарлаа.

 

Н- /найз/ Эхнэр чинь залгаад аа. Наймаа хийнэ. Бараа карго ачуулна гээд  гарсан. Сураггүй боллоо. 40 саятай гарсан. Уулздаг учирдаг хүнтэй болсон юм уу. Мөнгө ч яамай нөхрөө л олж авмаар байна гээд над руу байнга залгаад. Хайгаад олоодхооч гээд.

З-/залуу/ Аан харин ... би ярьсан шд. Миний буцах билетийг маргаашийнхаар тавиулцан байна лээ.

Н- Өө за за. Чи яасан тэгээд хэр байна ?

З- ... байхгүй ээ байхгүй. Энэ л үлдсэн гээд гартах хясаагаа харууллаа. 6 ширхэг улаан юм харагдлаа. Нэг нь 10 мянган воннтой тэнцдэг бололтой. Бид хоёрттой ярингаа хясаагаа “player”гэдэг дээр хоёр ч тавиад алдаж орхилоо. Нэг л одгүй байгаа бололтой.

Н- Ямар ч байсан казинод орсны хэрэг нэг хоол идье дээ. Чи 40 саяар тоглосон хүн байна даа. Хоол захиалаач ...

 

Найз гэнэт надтай хамт ирснээ санав бололтой “хоол гартал чи энэ хавиар явж сонирхооч . Ёндоогоо үзэхгүй юу ” гэлээ.

 

Би ч тойрч явлаа. Нэг машин дээр сууж нөгөө нөхөр шиг итгэл муутайхан таван мянгаа хийгээд кнопон дээр нь тавин удаа дараад мултарлаа.

 

Эргээд нөгөө хоёртойгоо нийлж хоол идлээ. Хоол идэх зуур нөхрийг хэрхэн тоглосон талаар ярилцав.

 

Н- Чи тэгээд ирээд эхлээд юм аа авчихгүй. Бүгдээрэнгээр нь ...

З- Тэх. Өчигдөр л Сүхээ байхгүй юу. За жоохон авбал тэгээд гарна шүү сануулаарай гээд байхад. Уул нь 34 болчихсон явж байсан. Би тоглоомондоо улайраад анзаараагүй. Нөгөөдөх надаа сануулаагүй. Тэгээд буцаад мултарчихгүй юу.

Н- Балай юм. Ядаж надтай орохгүй. ...Хоовоон би чамд ярилуу. Энэ залуу бид хоёр нэг цуг тоглосон гэж. Бараг 7 саяыг алдаж байгаад эргүүлж аваад 10 сая болонгуут би ёстой шууд алхаж очоод мөнгийг нь солиулаад аваад гарсан. Тэгэхэд яг зөв гарсан тэ, Баагий

З- Тэх. .... залуу утсаар ярилаа. 

 

... өө за тэгээч дүү ашгүй дээ.. Тэг. Наанаас чинь Голомтоор хийчихэл ....за хурдлаарай ... гээд утсаа тасалж бид хоёрт хандан :

Энэ нэг гайгүй дүү байдгийн. 1000 ногоон явуулах юм шиг байна гэлээ

 

Нөхөр гар утсаараа оролдонгоо “ Хулгайч одоо нэг суучихвал авчих юм шиг санагдаад байгаан” гэж цөхрөнгүй аястай хэллээ.

 

Би залууг өрөвдлөө. Яс бол 30-аад саяыг бэлнээр авч ирээд алдсан бололтой. Манайхаар бол бараг 60 сая төгрөг. Захдуу хороололд хуучивтар нэг өрөө байр авах мөнгө гэсэн үг. Хэдхэн хоногийн өмнө өвөртөө мөнгөтэй, өөртөө итгэлтэй буусан эр байгаа бүхнээ  өршөөлгүй алдчихаад гар утсаараа оролдож хүүхэд шиг гэмшиж суух.

 

Их бараа ачуулаад олз омогтой ирнэ гэж хүлээсэн ханийн царайг яаж харах. Хэрвээ зээл авсан байсан бол яаж төлөх. Хуушуурын мөнгөө хэмнээд амьдрах гэж зүтгэж байгаа бусдынхаа зүтгэлийг үнэгүйдүүлж, гэр бүлийнхнийхээ царайг яаж харах гээд түмэн л бодол шаналалд ээрэгдэж суусан биз.  Бэлтэй хөрөнгөтэй хүн бол яахав дээ. Луувангаа иднэ үү тооосгоо иднэ үү. Манай хүн ямар ч байсан тийм ангиллын хүн биш байх шиг санагдлаа. Алдсанасаа их стресс авсан ч биеэ бариад буй нь илт.

 

З- Манайхан бас их том том мултрах юм аа. Өчигдөр бол миний нөгөө талын ширээн дээр нэг залуу 60- саяыг алдчихаж байна лээ.... Тэр бол бүр дороо мутарсан.... Маргааш хүүхдүүддээ нэг чихэр жимс цуглуулья даа.. гэж сулхан хэлээд бослоо.

Бид эргэж ирж ширээнд тоглогчдыг харж хэсэг зогслоо. Өрөөсөн нүдээ дэвхэдсэн юм шиг харагдах нэг ази хүүхэн манай хүнтэй мэндлээд гарч байна.

 

“ Таньдаг уу юм уу”гэсэнд залуу “ өө мэдэхгүй мэндлээд байдаг болсон билээ” гээд хагас инээвхийллээ. Залуу маань байн байн утсаа харж “ уул нь мөнгө орвол мессеж ирэх ёстой доо” гэж хүн хүлээх мэт тогтворгүй болж ирлээ.

 

Үнэхээр мөнгөтэй хүмүүс л тоглох газар юм даа. Эхнэр нөхөр бололтой хоёр хөгшин өнөөх миний 5 мянган вонныг залгидаг  машин дээр суучихсан цаг нөхцөөсөн маягтай буу халж “кноптож” суугаа харагдана. Мөнгөнийх нь дүнг хартал золтой л толгой эргээд уначихсангүй. 1.260.000. вон эргэж харагдлаа. Хоёр хөгшин тэр мөнгөө хэд унаад хэд өсөөд байгааг тоож байгаа ч юм алга. Тасралтгүй буу халж сууна. Яриаг барих гэж оролдвол нөгөө драм дээр гардаг шиг хэн нэгнийгээ нэлээн тэнэг юм хийгээд гэр бүлээ үймүүлээд байгааг яриад байлаа.

 

Тэндээсээ нэлээн олон хүн овоорсон нэг ширээн дээр очиж нүд бэлчээвэл Хятад, Япон нийлсэн гурван нөхөр нэг нь саяын хясаа барьчихсан рулет билүү тэрэн дээр харин нэг цацаж өгч байна. Ойролцоогоор 6 саяын хясааг хоёр тоон дээр дараад алдчихаж байна. Тоож байгаа ч юм алга . Дараагийн ширээ рүү хараа унаган явчихаж байна. Маний бол нэг жилийн цалинг нэг минутад тавиад туучихаж байна л даа. Гэхдээ өөрсдөд нь бол нэг өдрийн хоолны мөнгө болцон байдаг юм байгаа биз дээ. Энд хэлбэрдэж цаг нөхцөөж байхад нь тэнд мөнгөнийх нь хүү ашиг орлого нь сая саяаар унаж байдаг. Тийм л хүмүүс тоглодог газар байна лээ шд. Тэрнээс 80 хувь  банкинд зээлтэй мань мэт бол тоглож мөнгөө цацах газар яавч биш. Өө тэгсэн нэлээн олон хүнтэй ширээний ард хэдэн монгол хүүхэн зогсож байна. Цагаан голдуу палааж пудфолк манайхан их өмсөх юм аа. Андашгүй нүд нь гялалзаад л. Үе үе дундуур нь зүтгэн гар оруулж хясаагаа тавиад хожингуут гялс шүүрээд авчихна. Найзууд л бололтой. “ Чи яасан ...одоо тийшээ очиж харья. Болороо тэнд ирцэн”  гээд л шивнэлдээд явчихлаа. Бас нэг хүүхэн залуу хоёр ирж нийлж байна.

 

“ За сайн уу. Нөгөө хоёр чинь ажилдаа орцон уу. Хэр байна гэнэ. Жоохон тэсчихвэл тэ, хэлээ сураад ... Цалин нь гайгүй юм билээ шд. Танай тэнд мах зардаг гэл үү. Хэд гэж байна. ...”  гэсэн яавч казинод өрнөмөөргүй танил сайхан яриа дэлгэж эхлээд надаас холдоод явчихлаа.

 

Манай залуугийн 1000 доллар ирсэн бололтой. Суучихжээ. Эхлээд томхон тавьж сууснаа хэд хэд алдаад хясаагаа багасгаж 10 мянгынхаар тоглож эхлэв. Нөгөө 1000 ногооны тал нь тэгсгээд нөгөө талд орчихлоо. Сүүлдээ ч айгаад зүрх нь үхээд байгаа бололтой тавьж чадахгүй суугаад эхэллээ.

 

Хүнээ дэмжиж тэнд тавьчихвал гэсэн шүү юм бодож нүд хайрдаж суутал араар “ өөдрөг байна шүү , хамна шүү ” гэх цоглог яриа сонсогдоод явчихлаа. Эргэж харвал 25 орчим насны нэг намхан цагаан залуу  тун яаруу арын ширээ рүү очиж ухасгээд л хясаагаа дайж байгаа харагдлаа. Ганцаараа яваа бололтой.

 

Харин гарахын алдад нөгөө нөхөр маань мөн л яаруу “ Хулгай ч гэж.  Шувтарлаа шүү” гэчихсэн рулет дээр нэлээн хэдэн тоон дээр дарчихаад буцаад хойд ширээ рүүгээ гүйж байгаа харагдсан шүү ккк.

 

Тэр залуу тэгсгээд гарсан байхаа. Бид түрүүлээд явсан. Дахиад яваарай гэж ятгах ч хэрэггүй. Өөрөө ер нь бол ойлгочих шиг санагдсан.

 

Үүгээр удаан тасарсан бичлэгээ нээж буулгасан тэмдэглэл өндөрлөж байна. Шумахер уншигч нөгөө  дуучин найзын CD-г авья гэсэн байна лээ. Нөгөө хүн чинь буцчихаагүй бол манай найз руу залгаад шууд авчихаарай хө. Би хэлсэн. Найз доор сэтгэгдэлд утсаа үлдээх байх .bbbb гэсэн нэрээр нэг уншигч бичлэгтээ хандив тусламж өгье гэсэн байна лээ. Санаа тавьж байдаг бүх уншигч анд найз нартаа баярлаж явдгаа энэ ташрамд хамтатган хэлье. Наадмын мэнд хүргэсэн нийт уншигчид болон ЮМ-ҮЗ нартаа мөн наадмын мэнд хүргэе. Мөн ил захидал үлдээхэд “ таксины хамт олон минь би түрээсээ нөхөн явуулах болноо” гэж дамжуулья даа. Итгэлт ахын хэлдэг “ичмээр дамшиг даа” гэдэг шиг юм болж байна даа. Энд ядаж гэр оронгүй шахуу сар болсон болохоор зутруу л байлаа. Монгол руу мөнгө явуулж чадсангүй.  Гэхдээ хүн аль унаж босохыг тэр гэхэв дээ. Манайхаан. Хоовон хүү нь удахгүй сонин сайхан ихийг бичиж  уншигчдаа баярлуулнаа.

 

Бүгдэд нь сайн сайхныг хүсье. Мөд удахгүй Монголоосоо  бичнэ ээ....

 

Иргэний дуу хоолойг нийгэмд Түгээгч, Таксич Хоовон Хөх

 

 

Shuud.mn
Сонин хачин
hoovongiin naiz:
89001604 utas ruu zalgaad zahialsan cd gee avaarai naizuudaa
2015-08-12
hoovongiin naiz:
89001604 utas ruu zalgaad cd gee avaarai naizuudaa
2015-08-12
Tsomo:
Hoovongiin neriig P. Bayar gedeg yum bizdee. Hoorhon temdegeluud bna. Solongost ochson hereg chini butej huu ni hurdan edgeerei. Daraagiin temdegleliig huleej baiy. hervee chamd handiviin dans gej bgaa bol uldeegeech esvel paypal ch yumuu
2015-08-09
Зочин:
Яаг үнэн бичижээ..овоо муу гар юмаа.. амжилт хүсье!
2015-08-09
zochin:
Uheruuded yamar neg zambaraa zahirgaa gej baih bish dee.Uher hariulaach ni ardchilal gej uuniigee nerlene.
2015-08-08
Монгол цус:
Хоовонгийн тэмдэглэлийг унших сайхан байлаа ээдээ бидний цөөхөн Монголчууд хаана ч очсон зарц барлагийн ажил хийж зовох юмдаа задарсан хэсэг нь байхад ядарсан нь ихэнх нь юмдаа. Нэгэг цагт эзэнт гүрний захиргаанд явсан хангүүгүүд өнөө цагт биднийг боолчлох үйлийн үр тохиожээ. Гэхдээ энэ цаг нь төгсгөл болж сайн цагийн эхлэл мөдхөн ирнэ гэдэгт найднам. Хоовондоо ажлын амжилт.
2015-08-07
Зочин:
MALUUD OCHIJ AMIDRALAARAA KAZINO TOGLONO YANADAA
2015-08-07
euro:
ashgui hoovon shine dugaara gargaj ene uduriig avarlaa.haan ch ochson mongolchuudiin diilenhe huvi n adilhan yumdaa europe d mongoloos ireel casino, huuhen ,hyamdhan bair huvtsas haan bn geel ehelne dee
2015-08-07