Дэлхийн өсвөрийн шатарчид Улаанбаатар хотноо өрсөлдөнө
2015-08-09

Дэлхийн 180 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн спортын хүчирхэг холбоодын нэг болох Олон улсын шатрын холбоо /ОУШХ-FEDE/ -ноос тив, дэлхийн түвшины 50 гаруй тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг  уламжлалтай. Тэдгээрийн нэг нь 2008 оноос уламжлалт тэмцээний нэг болон зохион байгуулагдаж ирсэн Өсвөрийн шатарчдын дэлхийн Олимпиад  энэ жил манай улсад зохиогдохоор болжээ.

 

Энэхүү олимпиад нь 16-аас доош насны өсвөрийн шатарчид багийн төрлөөр өрсөлддөг онцлогтой бөгөөд өнгөрсөн жил Унгар улсад 32 улсын 52 багийн 242 шатарчид оролцсон байна. Монгол Улс энэхүү нэр хүндтэй арга хэмжээг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж, 16 хүртэлх насны “Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад 2015”-ыг эх орондоо зохион байгуулах эрхийг олж авсан аж. 

 

Олимпиадыг эх орондоо зохион байгуулснаар  хүн төрөлхтөний оюуны спортын хаан гэгдэх шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхээс гадна эх орноо сурталчилах таатай боломж хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Энэхүү арга хэмжээ энэ сарын 19-29 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох бөгөөд ОУШХ-ны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Шейх Султан Бин Халифа Ал-Нейхан нар хүрэлцэн ирэх гэнэ.

 

ОУШХ-ноос энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрх өгөхдөө манай улсад шатрын спорт хурдацтай хөгжиж байгаа, түүний дотхоос өсвөрийн шатарчид жилээс жилд өндөр амжилт үзүүлж, ур чадвар нь жилээс жилд өсөж байгааг чухалчилсан аж. Тухайлбал, сүүлийн 3 жилийн амжилтыг харахад Өсвөрийн дэлхийн аварга 1, Сурагчдын дэлхийн аварга 1, Өсвөрийн Ази тивийн аварга 2, Сурагчдын Ази тивийн аварга 4 төржээ. Мөн өнгөрсөн 3 жилд 16 мөнгөн медаль, 9 хүрэл медаль хүртсэн байна.

 

Манай улсад анх удаа зохиогдох энэхүү тэмцээний үеэр “Mongolia open” олон улсын нээлттэй тэмцээн, ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагч цол олгох, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай сургалт, семинарууд зохиогдоно. Энэ удаагийн олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулснаар ОУШХ-ны нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо  жил бүр зохион байгуулах боломж  нээгдэх гэнэ.

 

Тухайлбал,  Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн /2016/, Ази тивийн сурагчдыг аварга шалгаруулах тэмцээн /2017/, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2018/ зэргийг зохион байгуулах эрхийг авах боломжтой гэнэ. Мөн 2021 оны Дэлхийн цом, 2022 оны Дэлхийн шатрын Олимпийг эх орондоо зохион байгуулах таатай нөхцөл бүрдэх юм байна.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин