Дэлхийн олимпиадад 20 орны 170 гаруй тамирчин оролцоно
2015-08-09

“Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад 2015” энэ сарын 19-29 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох юм. Энэхүү олимпиадад 16-аас доош насны өсвөрийн шатарчид багийн төрлөөр өрсөлддөг бөгөөд хүн төрөлхтөний оюуны спортын хаан гэгдэх шатрын олон улсын тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулахаараа онцлог аж. Энэ талаар Монголын шатрын холбооны тэргүүн дэд  ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас тодруулснаа хүргэж байна.

 

-Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг Улаанбаатарт зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тодруулж өгнө үү?

-2015 оны наймдугаар сарын 19-29 ний өдрүүдэд Улаанбаатар хотод Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг зохион байгуулахаар болж, зохион байгуулах хорооны даргаар нь ажиллаж байна. Монголын шатрын холбооноос өнгөрсөн жил Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг Монголд зохион байгуулах саналаа Дэлхийн шатрын холбоонд илэрхийлж, олон оронтой өрсөлдсөний эцэст зохион байгуулах эрхийг авсан юм. Дэлхийн хэмжээний тэмцээн тул Улаанбаатарт ирэх тамирчдаа хүлээн авах зочид буудал, тэмцээн зохион байгуулах газар, техникийн бэлтгэл ажил маш сайн байх ёстой.

 

Бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж болно. Ер нь аливаа улс орон бүрийн шатар сонирхдог, шатрын спортоор хичээллэдэг хүмүүс тухайн улсынхаа хамгийн оюунлаг хүмүүс байдаг. Тиймээс Монголын үнэт зүйл нь эх орондоо өсч өндийсөн оюунлаг, тэвчээртэй ухаалаг, сэтгэн бодох чадвартай хүн байх ёстой гэсэн үүднээс шатрын спортыг дэмжиж ажиллаж байна.  Тийм ч учраас дэлхийн хэмжээний наадмыг Монголдоо зохион байгуулах нь зөв юм байна гэж үзсэн.

 

-Олимпиадыг зохион байгуулах зардалыг хаанаас гаргаж байгаа юм бэ?

-Тэмцээн зохион байгуулахад нийт 500-600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа. Үүний  70 сая төгрөгийг Засгийн газар төсвөөс гаргасан. Үлдсэн хөрөнгийг хувийн хэвшлээс гаргаж байна. Дэлхийн хэмжээний тэмцээн учраас сайн чанарын шатар, ширээний цагийг шинээр авах шаардлагатай. Дэлхийн шатрын холбооноос 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 200 гаруй ширээний цаг, мэргэжлийн 200 шатрын хөлөг авах захиалга өгсөн.

 

Нөгөө талаар оюуны спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусаа оюуны спортоор хичээллүүлэх, мөн эх орноо сурталчилах бас нэгэн боломж тул нийгмийн оролцоогоо идэвхжүүлэхийг зорьсон. Монголд анх удаа зохиогдох гэж байгаа энэхүү тэмцээнд оролцох тамирчдыг байршуулах, байр хоолоор хангахад “Чингис хаан” зочид буудал хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Мөн “Хүннү молл” компани хурлын заалаа үнэгүй ашиглуулахаар боллоо.

 

-Дэлхийн хэмжээний энэ тэмцээнд хичнээн улсын  хичнээн хүүхэд оролцох юм бэ?

-Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад 20 орчим улсын 170 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн төвшний том багууд оролцоно. Мөн эдгээр улс орнуудын  их мастерууд нь “Mongolia open” тэмцээнд оролцохоор ирнэ. Тиймээс тэмцээн нэлээд өрсөлдөөнтэй, ширүүн болно. Энэ тэмцээнээр дамжуулан Монголоо сурталчилъя, хөгжлөө таниулъя гэж бодож байгаа. 

 

-Тэмцээнд оролцож амжилт гаргасан тамирчдийг хэрхэн шагнах вэ?

-Тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд эрхийн бичиг, монгол үндэсний хэв шинжийг харуулсан бэлэг дурсгалын зүйлийг өгнө. Шалгарсан багуудад цом медалиа  гардуулна. Харин “Mongolia open” тэмцээнд бүх шатны шатарчид оролцох бөгөөд тэргүүн байр эзэлсэн тамирчинд зургаан сая төгрөгийн шагнал гардуулна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene temtseend oroltsox tamirchiddaa amjilt xusie! Neg udaa ch gesen zardal mongo gexguigeer olon ulsiin temtseend oroltsoj xuch chadlaa sorino gedeg olzuurxuushtai
2015-08-10