”Буян” Жагаа ирэх сонгуульд Баян-Өлгийгөөс дэвших үү?
2015-08-10

Хатуухан үг, шүүмжлэлээрээ олны танил болсон  Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлжээ. 

 

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт улс төрийн намын даргын журмаар айлчилжээ.

 

Айлчлалын үеэр  Өлгий сумын иргэдтэй уулзалт хийж, улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, намын бодлогынхоо талаар ярьж танилцуулсан байна. Мөн тэрбээр орон нутгийн радиод ярилцлага өгч амжижээ.

 

Уг ярилцлагандаа "Боловсрол, мэргэжлийг хүүхэд залуучуудад чанартай эзэмшүүлэх хэрэгтэй. Ажлын байргүй хэмээн гар хумхин суулгүй, зээл авсан ч өөрсдөө юм хийж, үйлдвэрлэж сурах нь чухал. Замаа гадныхнаар биш өөрсдөө тавьж сур л даа. Эс ингэсэн нөхцөлд та нар өөрсдөө төдийгүй үр хүүхдээ гадныхны боол болгоно шүү. Мэдээ мэдээллийг зохистой хүлээн авч, улс төрийн мэдлэгээ дээшлүүлэн дараачийн сонгуульд өөрсдийнхөө болон улс эх орныхоо хувь заяаны төлөө ухамсартай, идэвхтэй сонголт хийх хэрэгтэй" хэмээн зөвлөсөн байна. 

 

Мөн тэрбээр "2016 оны сонгуульд Бүгд Найрамдах нам олон түмний хүсэн хүлээж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө би сонгуульд оролцоно" гэжээ.

 

Түүнийг ийнхүү баруун аймгуудаар, тэр дундаа Өлгийд ихээхэн идэвхитэй ажиллаж байгааг  сонссон хүмүүст "Буян" Жагаа Баян-Өлгийгөөс нэр дэвших юм биш байгаа гэсэн хардлагыг төрүүлж байгаа сурагтай.

 

Б.Дэжид

 

 

Shuud.mn
Сонин хачин