Визтэй, визгүй
2015-08-10

Гадаад паспортыг “шаг-аар буюу дамаар авч хил давж эхэлсэн биднээс харьд үлдсэн нь цөөнгүй. Гурван сая хүндээ харьцуулбал багадахааргүй тоогоор илэрхийлэгддэг. 100 мянга хол давсан Монголчууд минь харьд суурин байна л гэсэн ерөнхий тоог хэлдэг.

 

Төр эдгээр иргэдээ ор тас хаячихдаггүй. Сонгууль дөхөхөөр нэг эргэж тойрч тоолж багцаалдаг. Харьд ажиллаж сурч сууршин амьдрах эдгээр иргэд одоогоор шинэ технологи эзэмшиж, ганган диплом өвөртлөөд эх орондоо ирэх нь тун ховор. Хүний төлөө бүх стандарт хангагдсан хөгжилтэй орчноос цөөхөн улстөрчдийн төлөө бүх зүйл нь зохицуулагдсан энэ нийгэмд ирээд амьдарна гэж төсөөлөхөд бэрх байдаг байх. Бүхнээ хаяж зүтгэсэн хэдэн жилээ буцаагаад ухраачих шиг санагдах биз. Үүн дээр нутгаадаа буцах гэхээр хөлийг нь тушчихаад байсан нэг хүчин зүйл бол эргээд виз гарахад маш хэцүү. Зардал мөнгө их ордог байсантай холбоотой. Нэг хилийг нь давсан бол тэр чигтээ шингэхгүй бол эргэж виз нь гарах найдвар бараг байхгүй байлаа.

 

90-ээд оны эхээр гадаадад зорчигчдын бараг 70-80 хувийг ганзагын гэх наймаачид эзэлдэг байсан бол дунд үедээ ажил хийх шулуухандаа нэг гараад “харлах” хүмүүсийн урсгал болон хувирч байлаа. Улс орны эдийн засаг, айл өрхийн амьдралын чанар улам муудаад л байсны шинж.

 

2010 оноос уул уурхай хөрөнгө оруулалт дагаж эдийн засаг эрх биш сэргэж ирсэн зурвас үед иргэд эх орондоо амьдрах аргыг эрэлхийлэх болсон. Биелэлт муутай ч ЖДҮ-ийг дэмжих бодлого хэрэгжиж, зээл авах, хөрөнгө оруулалтын татах орчинд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн нь нөлөөлсөн байх.

 

Үүн дээр анхны “нүүдлээр” гадаадад гараад байсан иргэд аль хэдийн 10-аас дээш  жил болсон тул эх орноо зорьж эхэллээ. Ид залуу насаа үрэн байж зүтгэж авсан орон байрандаа амьдарч, гэр бүлтэйгээ байх хүслээ нэхэж гэртээ ирцгээсэн хэрэг. Тэднээс одоо “дахиад буцах уу” гэвэл “Боломж гарвал буцнаа” л гэнэ. Гэхдээ “харлахгүй” сайхан зугаалж байгаад ирмээр байна л гэнэ. Бусад залуусын хувьд ч адил. Эрүүл мэнд, эрхэм бүхнээ алдаж хүний газар боолын ажил хийхийн хэцүүг хэн нэгнийхээ амьд түүхээс харсан залуус одоо тэр бүр гадаадад гараад цөм мөнгө хийе гэж яаран огшихгүй. 

 

Өдгөө арван хүний найм нь ийм бодолтой байгаа гэж харвал одоо Солонгос, Япон зэрэг орнуудад “харлах” бодолтой хүн байхгүй болж байгаа гэж болно. Иргэдийн ухамсарт гарч буй энэ өөрчлөлтийг монголчууд олноор зорчих сонирхолтой визний хатуу журам өндөр босго тавьдаг орнуудад яаж мэдрүүлэх буюу ойлгуулах билээ.

 

Гадаад харилцаа дипломат хүрээнд алхам хийгдэж байна. Энэ зун Монгол Солонгосын харилцаа хамтын ажиллагааны 25 жил ойн хүрээнд визний хөнгөлөлттэй журам үйлчилж иргэд 90 хоногийн визийг барьцаа мөнгөөр төвөггүй авах боллоо. Энэ нь “туршилтын журам” гэсэн тодотголтой. Туршилтыг бид яаж давсан бэ гэдгийг Элчин сайдын яам нь гаргаад ирнэ. Мөн энэ хавраас ОХУ-тай харилцан визгүй зорчиж эхэллээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Япон улс манай иргэдийг олон удаагийн визтэй олгохоор боллоо. Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ олон удаагийн виз олгох шийдвэр гаргажээ. Үндэсний энгийн болон энгийн цахим паспорт эзэмшигчдэд хамаарах энэхүү шийдвэр нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм. Визтэй, визгүй гэдэг ялгаа сар жилээр багассаар энгийн улаан паспорттой иргэд минь итгэл төгс харийн хил давах боломж нэмэгдсээр.

 

Хариуд  нь нэг л зүйл дутуу хэвээр. Хол ойр аль ч улс оронд алба хувиар яваа манай иргэд тухайн орныхоо хууль журам, хэм хэмжээг сахихдаа тун тааруу. Хүний газар хээгүй Монгол зангаа хэтрүүлчих буюу хатуухан хэлэхэд тун бүдүүлэг зорчиж бусдад болоод өөртөө төвөг удах нь их. Хил гаалиар авч гарч болох ачаа тээшний бүрдлээс эхлээд тухайн орныхоо нийтийн тээвэр, олон нийтийн үйлчилгээний наад захын стандартыг зөрчиж эхэлнэ. Энэ нь нэг хүний нэг тохиолдол мэт боловч байнга давтагдаад ирэхээр Монголын зан авир болж гадаадынхан бидэнд таагүй хандах уур амьсгалыг бий болгодог.

 

Хаа ч сэргэлэн цоглог. Юуг ч хурдан сурдаг гэж биесээ их магтана. Үнэндээ бол  ямар ч ойлголт мэдлэггүйгээр юуг ч хамаагүй барьж аваад хийчих гээд байдаг уриалгахан зан бол харьд гайхуулах зүйл биш. Хагалахгүй эвдэхгүйн тулд нэгээр л зөөх ёстой хайрцагийг ажлаа эрт дуусгахын тулд дөрвөөр нь тэврээд гүйх гэнэ. 2 тонн ачдаг машинд болж өгвөл бүгдийг нь чихээд хөдөлчих гэнэ. Нэг удаа хэрэглээд хаях ёстой хувцас бээлийг маргааш нь өмсөөд л хүрээд ирнэ. Буудаг шатаар өгсөх гэнэ. Өгсдөг шатаар буух гэнэ. Ягаад ингээд зөрж яваад байгааг асуувал зам нь товч юм байна гэнэ. Тэмдэг заалт анхааруулга нь хамаагүй.

 

Энэ мэт жишээ бол тэр хүн тэнэгтээ биш. Бид Монголдоо аливаа ажлыг ямар нэг стандартгүй хар хүчээр хийдэг сурц л гараад байгаа хэрэг. Харьд тэр дундаа Солонгос оронд энэ л стандарт аюулгүй ажиллагааг хангадаггүйгээс түр ажил эрхэлж буй иргэд гэмтэх осолдох тахир дутуу болж эрүүл мэндээрээ хохирох явдал ихээр гарсаар байна.

 

Малайз, Макао зэрэг орны хар мөртэй бизнес орчинд манай эмэгтэйчүүд нэр гарах нь цөөнгүй. Золгүй байдлаар гэмт хэргийн золиос болж амь насаа алдах нь бараг жилдээ нэг хоёр болсон гэхэд болно. Солонгост бол ажлын байрны осолд орох, аюулгүй ажиллагаа хангаагүйгээс амь насаа алдах явдал тасрахгүй гарсаар байна.

 

Аль ч оронд зорчихын өмнө “визтэй, визгүй юу” гэж асуухын дээр тэр улс ямар онцлогтой, тэнд юуг хаана ч хийж болох. Мөн юуг хэзээ ч хийж болохгүйг эхлээд мэдэж байж “тийзээ” захиалдаг болмоор. Хүний газар нэрээ гэх үгийн цаана очих газраа судалж, уулзах хүнээ мэдэж байж яв гэсэн санаа ч бас байдаг л байх.

 

Б.Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
hihi:
Tenegt.za.buudag.shataar.ugsd ug.genuu.bas.ugsdug.shataar.buuh.gedeg.genuu.ene.arai.hudlaa.bh.chi.l.uuruu.tegsun.ym.bailgui.arai.tnegteh.yma.mglchuud.arai..ch.iim.buduuleg.bishee
2015-08-10