Ослын газраас пуужингийн үлдэгдэл олджээ
2015-08-12

Украины зүүн хязгаарт өнгөрсөн оны долоодугаар сарын 17-нд сүйрсэн Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны ослын газраас Оросын “БУК” пуужингийн хэлтэрхий олдож, ослын жинхэнэ буруутан Орос байх магадлалтай гэдгийг тогтоолоо хэмээн Голландын шинжээч “AFP” агентлагийн сурвалжлагчид ярьсан тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Бид илүү баттай зүйлийг хэргийн газраас оллоо. Олон хүн “МН17” онгоцыг “БУК” пуужингаар харвасан хэмээж байсан. Гэхдээ энэхүү пуужингаар үнэхээр “МН17” харваж, сүйрүүлсэн гэх хангалттай баталгаа бидэнд олдохгүй байсан юм. Харин ослын газраас пуужингийн үлдэгдэл олдсон нь бидний мөрдлөгийг илүү амар болгож байна” гэж ярьжээ.

 

Энэхүү пуужинг Орост үйлдвэрлэсэн юм. Москвагийн удирдлагууд шинжээчийн мэдэгдэлтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж ““БУК” пуужинг Украины арми болон салан тусгаарлагчид хүртэл эзэмшдэг. Энэхүү осолтой Орос холбоогүй. Та холоос бус ойроос хэрэгтнээ эрэн сурвалжлах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Зүүн хязгаарт хяналтаа тогтоогоод буй салан тусгаарлагчид “МН17” онгоцыг Украины арми сүйрүүлсэн хэмээн мэдэгдэж “Киевийн удирдлагууд онгоцны ослоор далимдуулж, дайснаа цөөлөх төлөвлөгөөтэй байгаа” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин