Фанатууд сэтгүүлчийн аминд хүрчээ
2015-08-12

Азербайжаны “Meydan” телевизийн сэтгүүлч, зураглаач Расим Алиев хүнд гэмтлийн улмаас өчигдөр орон нутгийн цагаар 19.00 цагт нийслэл Баку хотын төв эмнэлэгт 32 насандаа нас барсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрээр хэвлэлийн эрх чөлөөг дэмжигч “Explorer” холбоог тэргүүлдэг байсан бөгөөд сэтгүүлчтэй ёс бус харьцдаг төрийн байгууллага болон спорт, урлагийн фанат, дэмжигчдийг фэйсбүүкийн тусламжтай хүчтэй шүүмжилдэг байжээ.

 

Сэтгүүлч фэйсбүүктээ хөлбөмбөгийн фанатуудыг хүчтэй шүүмжилснээс болж, гэнэтийн дайралтад өртжээ. Расим толгой, цээжиндээ хүчтэй цохиулсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр “Сэтгүүлч рүү фанатууд дайрч байхад цагдаа нар түүнийг авч явсан. Тэд сэтгүүлчийг элдвээр харааж, цохиж байсан” гэсэн байна. “Meydan” телевиз өөрийн фэйсбүүктээ “Расим Алиев дэндүү харамсалтайгаар амиа алдлаа. Бас л тодорхойгүй аллага” гэж өчигдөр бичжээ.

 

Тус улсад сэтгүүлчдийг тагнаж мөрддөг, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь байнга халддаг юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд таван сэтгүүлч бусдын гарт амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин