Тээврийн хэрэгсэлийн 500 гаруй бичиг баримт хураагджээ
2015-08-12

Ирэх сарын нэгнээс тээврийн хэрэгслийн албан татвар хураах болон автомашины үзлэг оношилгоондоо цаг хугацаанд нь ороогүй жолооч нарт оногдуулах хариуцлагын арга хэмжээг чангалж шууд журамлах шийдвэр гараад буй. Тиймээс автомашины үзлэг оношилгоонд хамрагдалт ямар байгааг тодруулахаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Хяналтын үзлэг оношлогооны байрыг зорин очлоо. Биднийг очиход 20 гаруй тээврийн хэрэгсэл оношлогоонд орохоор дугаарлан зогсож, ачаалал харьцангуй бага байсан юм.

 

Энэ үеэр Сонгинохайрхан техник хяналтын төвийн менежер О.Ганчулуунаас тодруулсан.

 

-Авто оношлогоонд хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?

-2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл авто тээврийн хэрэгсэлийн оношлогоонд хамрагдалт 50 хувьтай байна. Есдүгээр сарын 1-нээс Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхлэх гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор хууль хэрэгжихээс өмнө есдүгээр сарын 1-нээс өмнө оношлогоонд орох ёстой ч хугацаа нь хэтэрсэн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгөн торгууль ногдуулна.

 

Аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх  192 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт орсон. Одоо хэрэгжиж байгаа хуулиар үзлэг оношилгоондоо хугацаандаа ороогүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь түр хурааж, үзлэг хэтэрсэн хугацаанаас нь хамаараад 5000-25000 хүртлэх төгрөгөөр, ААН-ийг 50-250 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байсан.

 

-Оношлогоонд орсон тээврийн хэрэгсэлүүдэд илэрч буй нийтлэг зөрчил хэр байна?

-Гэрэл дохионы бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж тал дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй байна. Мөн иж бүрдэл буюу ослын зогсолтын тэмдэг, эмийн сан зэргийг бэлтгэж ирэх шаардлагатай.

 

-Японоос ирсэн тээврийн хэрэгсэлд цацрагийн шинжилгээ хийдэг үү?

-Химийн нарийн оношлогоог манайх хийхгүй. Харин тухайн тээврийн хэрэгслийн  бүрэн бүтэн байдлыг үзэж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг тогтооно. Мөн тухайн тээврийн хэрэгсэлийн хорт утааны хэмжээ Монгол Улсын 201145912011стандартад заасны дагуу байгаа эсэхийг тогтоодог.

 

-Стандартаас давсан тээврийн хэрэгсэл хэр их байдаг вэ?

-Тээврийн хэрэгслийн тэнцэхгүй байх шалтгаан янз бүр. Тухайлбал, өнгө үзэмж, гэрэл дохио, ажлын тоормоз. утаагаар тэнцэхгүй байна. Өдөрт 150 машин орлоо гэхэд 15  хувь нь тэнцэхгүй буцдаг. Тэр тохиолдолд тэнцээгүй машины эзэнд та машинаа стандартад нийцсэн, шаардлага хангахуйц болгоод эргээд ир гэдэг. Эхний орсон төлбөрийн баримтаа аваад ирэхэд давтан мөнгө авахгүй.

 

-Есдүгээр сарын 1-нээс өмнө гэдэгтэй холбоотойгоор ачаалал нэмэгдэж байна уу?

-Ид зуны оргил үед өдөртөө 800-1000 машин ордог юм. Ерөнхийдөө сүүлийн 2-3 хоногоос ачаалал нэмэгдэж байна. Өдөрт 120-130 ордог байсан  бол 220-230 хүн автомашинаа оношлуулахаар ирж байна.  

 

-Оношлогоонд орох хугацаа нь өнгөрсөн тээврийн хэрэгсэл хэр байна. Ийм тээврийн хэрэгсэлд яаж хяналт тавьж байгаа вэ?

-Улсын хэмжээнд Авто тээврийн хэрэгслүүдийн үзлэг, оношилгоонд орох хугацаа харилцан адилгүй. Наймдугаар сард, эсвэл аравдугаар сард орох тээврийн хэрэгсэл ч байна. Тэгэхээр хугацаа нь болоогүй автомашинуудыг үзлэг, оношилгоонд оруулах шаардлагагүй, нэг жилийн хугацаандаа багтаж байвал болно.

 

Ер нь 1-2 сарын хоцролттой тээврийн хэрэгсэл нилээдгүй орж байна. Замын цагдаагийн газар Явуулын хяналтын цэгтэй хамтран мэдээлэл уншдаг багаж дээрээ үзлэгт хамрагдсан эсэх, даатгал хийлгэсэн эсэхийг шалгачихдаг. Ингээд зөрчилтэй бол тухайн замын цагдаа тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг хураан авч бидэнд шилжүүлж өгч байгаа.

 

-Замын цагдаагаар дамжин ирээд оношлогоо хийлгэж байгаа тээврийн хэрэгсэл хичнээн байна?

-Он гарсаар өнөөдрийг хүртэл 500 гаруй бичиг баримт хураагдаж ирсэн. Жолооч, иргэдэд анхааруулж хэлэхэд өмнөх оны оношлогоонд орсон хугацаандаа багтаж тээврийн хэрэгслээ үзлэгт оруулаарай. Техник оношлогооноос хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй тохиолдолд ирэх сарын 1-нээс арга  хэмжээ авагдаад эхэлнэ шүү дээ.

 

Манай Сонгинохайрхан техник хяналтын төвийн хувьд ачаалал маш бага байдаг. Тиймээс ажлын өдрүүдэд 08.30-20.30 цаг хүртэл, амралтын өдөр 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Банк, тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн гэрчилгээ олгох гээд нэг цэгийн үйлчилгээ цөм бий. Манайх ачаалалгүй гурван хаалга, таван шугамаар харъяалал хамаарахгүй үйлчилгээ үзүүлж байна. Мөн том тэрэгнүүд зөвхөн манайхаар оношлогоонд ордог.

 

-Тэгвэл нийтийн тээврийн том оврын автобуснуудын оношлогоог хэрхэн хийдэг юм бэ?

-Нийтийн тээврийн болон хот хоорондын чиглэлд явдаг том болон дунд оврын автобуснууд жилд дөрвөн удаа үзлэгт орох хуваарьтай. Улиралд нэг удаа орно гэсэн үг. Хоёр нь үнэтэй, хоёр нь үнэгүй ордог. Яагаад ингэж олон ордог вэ гэхээр зорчигч тээврийн автобусны үйлчилгээг аюулгүй үргэлжлүүлэхэд анхаарч, утаа хаялт байгаль орчинд нөлөөлөх байдал зэргийг тогтоодог. Хоёр дахь удаагийн үзлэг дээр манай дээр 400 гаруй автобус үзлэгт орсон.

 

Тэрнээс 20-30 хувь нь тэнцээгүй. Бид тэнцээгүй автобуснуудыг Авто тээврийн газарт мэдээлээд тэр дагуу ААН-үүдэд гэрээний дагуу номер улсын дугаартай нь албан бичиг илгээдэг. Тэнцээгүй автобуснуудыг шугаманд гаргахгүйгээр гарсан дутагдлыг арилгуулахыг үүрэг болгодог.

 

Хяналт тавих ажлыг авто тээврийн улсын байцаагч замын цагдаагийнхан хийгээд явдаг. Мөн манай дээр шугамын хуваарь батлуулахаар сар болгон ирэхэд  нь тухайн оношлогоонд тэнцээгүй тээврийн хэрэгсэлийг оруулахгүй хасаж баталдаг. Мөн GPS суулгачихсан учраас тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна уу, үгүй юу гэдгийг нь тодорхой хянаад явж болдог.

 

Энэхүү тодруулгыг аваад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орбитод байрлах МТ, Петровис шатахуун түгээгүүрийн газрын дэргэд Явуулын хяналтын цэгт очсон юм. Явуулын хяналтын цэгт жолооч нарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг  бүртгэж, оношлогоонд орсон эсэхийг нь шалгаж байсан. Тээврийн хэрэгсэлээ оношлогоонд оруулсан бол бичиг баримтыг нь жолоочид эргүүлэн өгч, хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцуулж байв.

 

Харин тээврийн хэрэгсэлээ оношлогоонд оруулах хугацаа нь хэтэрсэн жолооч нараас автомашиных нь гэрчилгээг хураан авч 16.00 цагт Сонгинохайрхан техник хяналтын төвд гэрчилгээгээ авахаар очиж болно гэдгийг хэлж байлаа. Гэвч жолооч нар бичиг баримтаа хураалгаж байхдаа Замын цагдаа болон Явуулын хяналтын цэгийн ажилтныг  ёс бус үгээр хэлэх тохиолдол цөөнгүй гарч байсан юм.

 

Төр буй дор хууль байдаг. Хууль нэгэнт батлагдсан бол хүссэн ч, эс хүссэн ч хүн бүр биелүүлэх үүрэгтэй. Тиймээс өөрийн болон бусдын амь насыг тээж явдаг гэдэг утгаараа бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлээр хөдөлгөөнд оролцох үүргээ жолооч бүр ухамсарлах хэрэгтэй сануулахыг хүсч байна.  

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин