Ойн түймрийг унтраахаар 39 хүн ажиллаж байна
2015-08-13

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар ойн түймэр гарсныг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 29 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 39 хүн ажиллаж байна.

 

Харин Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар энэ сарын 8-ны өдөр гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, орон нутгийн иргэдтэй хүч хавсран өнгөрөгч шөнө 00:00 цагт цурамд оруулжээ. Мөн  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Ар могой-Улаан мод” гэдэг газар энэ сарын 9-ний өдөр гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 30 иргэн унтраахаар ажиллаж, 10-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулсан байна.

 

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Мангирт” гэдэг газар гарсан хээрийн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, Хилийн 0132 дугаар ангийн 9 албан хаагч нийт 31 хүн бүрэн унтраажээ. Түүнчлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар энэ сарын 8-нд гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 12-ны өдрийн 17:00 цагт бүрэн унтраасан гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин