Хятадад хутгатай этгээд халдлага үйлджээ
2015-08-14

Хятадын Бээжин хотноо байрлах “Uniqlo” их дэлгүүрийн гадна хутгатай этгээд халдлага үйлдэж, нэг эмэгтэйг гэмтээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ажлаасаа халагдаж, улмаар сэтгэл зүйн гутралд автсан Гао тус дэлгүүрийн өмнө зургаа авахуулж байсан Си Ва гэх бүсгүйн цээжин тус газар нь хутгалсан байна.

 

Хамгаалалтын ажилчид гэмт этгээдийг баривчилж, бүсгүйг эмнэлэгт хүргэсэн учир тэрбээр амьд үлдсэн хэмээн Бээжингийн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Гао халдлага үйлдсэн шалтгаанаа тайлбарлаагүй ч “Би ч гэсэн айж байна. Тэр эмэгтэй намайг шоолоод байсан” гэж хэлжээ.

 

Тус улсад хутгатай этгүүдүүд хэд хэдэн халдлага үйлдэж байсан юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард Лянь Цин гэгч Хунань мужийн Чангша хотод халдлага үйлдэж, 10 гаруй хүнийг гэмтээсэн бол энэхүү халдлагаас гурван өдрийн дараа Юнан мужид хутга барьсан найман этгээд 29 хүнийг хөнөөж, 143 хүнийг шархдуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин