Такси №128
2015-08-14

Энэ өдрийн мэнд эрхэм уншигчидаа. Хоовон миний сонин хачин ихтэй нэгэн шинэ тэмдэглэл та бүхэндээ хүрч байна. Элдэв оршилгүй ингээд гол зүйлдээ орцгооё. 

 

 

 

1.Сэтгэл байвал “НЭТ” бий

 

...АНУ-ын нэгэн бизнес эр зар сурталчилгаандаа маш бага мөнгө зарцуулдаг байжээ. ....тэгээд нэг удаа... Нийслэл хотод маань бороо ороод нэг л гэгэлзүүр өдөр байна. ...одоо Учралынхаа мэндчилгээг ёсоор болгоод “Бороонд норсон сэтгэл”... гээд л ФМ радиогоор хөтлөгчийн яриа хөвөрч, нүдэнд нь инээд цацрах охин найз хөвгүүнтэйгээ хөгжилтэй зүйл ярин үе үе адтай инээх нь арын толинд туссан нэг өдрийн ердийн зураглалаар энэ бичлэгээ эхэлье дээ.

 

Аанхан ...ккк хөдөө чинь морь унаад давхиад л би чинь ёстой шуугиулсан ш дээ. ...Танай юу өвөө чинь үү, бас морьтой юм уу. ...Ооё санасан юм уу. Хөдөө ч бас чаталж байна ш дээ. Манай анай найзтайгаа тувт чаталсаар байгаад ирсэн дээ ккк. Би “та яаж ороод байнаа” гэсэн. Анай “сэтгэл сэтгэл” гэсэн ш дээ. “Танай найз хүүд сэтгэл дутаад байна. Тэрнээс үнэхээр хүсвэл хөдөө ч нэт ороод л ирнэ” гэсэн шүү кккк.

 

Чи одоо нөгөө л дуугаа сонсоод байгаа юм уу... болиоч ээ уйддаггүй юм уу. Би юу... би таксинд. Жолооч ах машинаа бариад, би чамтай утсаар яриад. Ийм л сонин байна даа ккк. Чи өөрөө наагуур чинь сонин юу байна гээ биз дээ...  тэгээд хурдлаач. Наанаа чи л үлдсэн биз дээ. Тэгээд ирээч ирээч ...өө хороолол ирчихэж. Ахаа ингэсгээд бууяа ... Чи ккк.

 

 

2.Тамхины торгууль

 

Өргөөгөөс урагшаа урууддаг замын хажуугаас халуунд лазан нь хөдөлсөн байрын нэлээн ярвайсан бүдүүн бор залуу гараа өргөлөө.

 

“...Пи ёстой халуун өдөр юм аа. Хээр хорхог маллаад хэвтэж баймаар зүгээр...” гэж нэлээн сүртэй яриатай суулаа.

 

З/залуу/ -Энэ доошоо 25-ын эмийн сан хүргээд хаячих хөө. Алхсан чинь арай л хайлаад байнаа.

Х -Уг нь энэ дор л харагдаж байна даа. Яаруу ажилтай болоо юу?

З -Одоо яаруу л гэнэ дээ. Манай хоёр ах бид гурав саяхан Эрээн яваад. Ганц хоноод ирэхийн хооронд бөөн будилаан тарилаа ш дээ.

Х -Аанхан. Эрээн тэгээд ямар байна.

З -Аан байж л байна. Хөдөөний хоёр ахаа дагуулаад явсан. Хоёр ах хүүхэн шуухан гээд л бас мөнгө их барсаан барсан ха ха ха.

Х -За зо.

З -Тэр ч яахав ирэхдээ харин Монголдоо шогтуулдаг юм. Вагоны цагдаад.

Х -Яасан та нар ууж идээ юу?

З -Өө үгүй үгүй. Нөгөө хоёр чинь тэнд шөнөжин балайртчихаад нам унтаад. Тэгээд тамхи татаж байгаад цагдаатай халз таарчихсан юм билээ.

 

Би өөр вагонд суудал таараад тусдаа явсан байхгүй юу. Тэгээд ирсэн харин манай хоёр номхон зогсчихон байж байна. Би тэгээд яахав. Пас бичиг баримтыг бүгдийг нь атгачихсан зогсож байна. Тэгэхээр нь хөөш юун сүртэй юм бэ. Наадуулыг нь өгчихөөч гээд.

 

Тэгсэн үгүй арга хэмжээ авна гээд. Хажуугаар нэг хоол ус зараад нэг хүүхэн явсийн. Тэгсэн хоёр ах “цуйван байна уу, авья” гээд ха ха ха. Тэгсэн нөгөө цагдаа нь та хоёр зүгээр тав таван цаасаар торгуулчихаа гэдэг. Манай хоёр мөнгө байхгүй гэдэг ш дээ. Цагдаа нь адраад сая хоол авах гээд байгаа юм биш үү миш үү гээд ккк. Тэгсэн хоёр ах ёстой улаан гүрийгээд “зээлээд авах гэж байсын” гээд ха ха ха.

 

Х -Сайхан гүрийжээ ккк.

З -Айнг тийн. Тэгээд яахав. Нөгөө цагдаа нь “за за буугаад хэлтэс дээр ирээрэй” гээд бичиг баримтыг нь аваад явчихгүй юу. Яалт ч үгүй л татаж байгаад баригдчихсан байдаг. Торгуулчихаад сал гэсэн чинь нөгөө хоёр чинь “Өө үгүй үгүй. Тэрний оронд хоол авч идье” гээд ккк. Тэр хоёр сайхоон. Бодож санах юм байхгүй.

Х -Хн. Тэгээд бичиг баримтаа өгөөд явуулчихсан уу.

З -Тэгсэн. Тэгээд нөгөө хоёр ч тоохгүй явчихсан. Тэгсэн харин сая тэр хоёр нөхөр хаана байна гэж асууж байна. Би өө мэдэхгүй хөдөөнөө харьсан гэсэн. Шалгалт энэ тэр ирэх гээд шийдэгдээгүй хэрэг болоод байна. Энэ бичиг баримтаа ав гэж хэлээ гэчихсэн. Нэг бол та ирж ав гээд.

Х -Аан одоо тэгээд очиж байгаа юм уу. Төмөр замын цагдаа чинь энд биш цаанаа ш дээ хөө. Чи 25 дээр бууж очих гээд байгаа юм уу?

З -Тийн билүү. Өө та намайг үүдэнд нь хүргээд өгчихөөч. Одоо чинь за... 1000 л байна. Хүрнэ биз дээ.

Х -За за тэгье хө.

З -Өө ах тэгсэн нөгөө муу цагдаа чинь их тодорч байнаа.

 

Тэр хоёр ахдаа хэлээрэй. Тэр хоёр чинь вагонд агсан тавьсан байна лээ шүү гэж шаадгийн. Уг нь бол тамхи татаад л хураалгасан байгаа ш дээ ккк.

 

Х -Хн. Яалт ч үгүй галт тэргэнд тамхи татсан юм бол шударга торгуулчихгүй дээ тэ.

З -Өө тамхи татсаны торгууль гэхээр сонин санагдаад гүрийгээд байгаан ккк. Хөдөө хаа сайгүй байнга хөхөж явдаг гарууд. Өөр юм байсан бол бушуухан гаргаад барьчих биз ккк.

 

 

 

3. “Баярлалаа” гэдэгтээ харам улс шүү

 

Суугаад л гар утсаараа оролдон ийш тийш хараалах бүсгүйтэй яриа өдөж элдвийг асуутал нэгэн эмнэлэгт сувилагч болж таарав. Манайдаа л гайгүй гэгддэг Сонгдо эмнэлэгт ажилладаг гэнэ.

 

Х -Танайд чинь хэвтэхээр ор хоногийн мөнгө гэж үнэтэй юу?

З/зорчигч/ -Өө гайгүй ш дээ. 39 мянга нэг хүнийх нь 49 мянга. Тэгээд найман давхар луугаа болохоор өөр бас. Даатгалаас нь бас тооцоод хасагдана ш дээ.

Х -Та нарын цалин мөнгө хэр байна. Нөгөө хэдээсээ арай дээр байж чадах уу?

З -Ээлжинд хоноод гурван ээлжээр зүтгэж чардайж байж суутгалуудаа өгөөд л 700- г авдаг. Тэгэхэд улсын эмнэлгүүд бол хөөрхий яг л адил ажиллаж байж суутгуулаад л 400 мянга л авна ш дээ. Тэгээд бас аймаар дарамттайс гэсээн. Нэг удаагийн бээлий өгчихөөд тэрийг дараа нь тоолж тулгаад байдаг гэсэн ш дээ. Энэ улсын эмнэлгүүд нээрээ аймаар.

Х -Нэг хэрэглээд хаяхгүй тэгээд хармайлаад яваад байх хэрэг үү? Ер ньнойргүй хонодог ажил хэцүү дээ. Цалинг нь өндөр өгч баймаар юм.

З -Нойргүй хонох ч дүүрч. Харахад нэг хүн шиб хийлгэж тарьчихаад л гараад явчихаж байгаа юм шиг санагддах байх. Хүн л тарьж хатгаж байгаа юм чинь тэр бүртээ л ямар нэг байдлаар шаналах ч юм уу, болгоомжлох ч юм уу стресс авч л байгаа ш дээ. Үгүй дээ л өвчтэй хүний өвдөлт шаналлыг байнга мэдэрч байнаа гэдэг чинь тэгээдл .... сайхан зүйл биш ш дээ.

 

Сувилагч гэдэг чинь шаналал гэсэнтэй адил шүү ах минь. Нөхөн сэргээх энэ тэр тасгийнхан бол амар л даа. Яг тасагт өвчтнүүдтэй байнга ажиллана гэдэг цаагуураа аягүй ядраадаг байхгүй юу. Би одоо л мэдэрч эхлээд байгаан. Гэртээ нэг л тайван байдаггүй ш дээ.

 

Х -Сувилагч тандаа баярлалаа гээд байдаг биз дээ.

З -Аан тийн. Өвчтнүүд яахав баярлалаа гэдгийн. Ар гэрийнхэн нь бол хэцүү ш дээ. Зориуд л хүнийг нь өвтгөөд зовоогоод дутуу тарьчих гээд байгаа юм шиг. Байнга хардчих нь. Тэр баярлалаа гэж үгэндээ их харам хүмүүс шүү.

 

 

4. Случайны роман

 

Дунд орчим насны үсээ задгай тавьсан нэлээн цэмцгэрдүү хувцасласан хоёр хүүхэн гар өргөлөө. Хөөрхөн халсан байгаа бололтой. Урд суусан биерхүү хүүхэн нүдээ тормолзуулж ирээд “За жолоочоо. За 19 гэж мэдэх үү” гэлээ.

 

Х -Мэднээ. Сайн мэднэ шүү.

Э/эмэгтэй/ -За тийшээ явна даа. Галмандахын сургууль мэдэх үү. Тэнд л бууна даа. Тойроод алга болчихвоо ккк.

Н/найз/ -Миний тош шүү гэж үү ккк.

 

Хоёр бүсгүй суугаад цааш хоорондын яриагаа үргэлжлүүллээ.           

 

Э -Тийн муухай ааштай юм билээ. Би бүр гайхсан. Тэгээд нөгөө Сараа руу яриад. ...тэр ямар сонин юм бэ. Тийм гоё салчихаад гэсэн чинь цаадуул чинь дараа нь мөнгө төгрөгөө өгөхгүй байж магадгүй гээд албаар тэгж байхгүй юу гээд. Тэгэхээр нь би “хн ёстой авдаг өгдөг дээрээ тулбал би ёстой алалцаж шүүхдэж байгаад заавал авна. Тэд нарыг бодвол би ёстой шүүх цагдаад том л байна зүгээр. Яршиг л байна” гээд.

Н -Тийн ш дээ.

Э -Тэгэх тусам нь ёстой гэдэн хөдлөөд. Нээрээ ямар инээдтэй юм бэ. Бүр гайхмаар тэгж гоё салчихаад аймаар хувирчихсан. Миний дотор бүр хачин болсон.

 

Хүүхэн нэлээн сэтгэлийн хөдлөл ихтэй бололтой их хурдан ярих ба өгүүлбэрүүд төгсөшгүй юм.

 

Э -...Би одоо өнөөдөр оройдоо Тоогийг барилга дээр байна гэвэл өнөөдөртөө Тоогийд утасдаж. Би чиний утаснаас нээрээ ярьчихаж болох юм байна ш дээ. Тэгээд Тоогийд хэлээд дараа нь зүгээр болохгүй бол шийдчихье зүгээр. Сараа ч гэж шууд хэлчихгүй гээд. Ерөөсөө уулзаж ярих нь дээр байдаг. Зүгээр маргааш. Өө маргааш чинь өдөр уулзалттай л даа... гээд л хөврүүлж өглөө.

 

Мань юу ч ойлгосонгүй. Нөгөө найз хүүхэн нь энэ ярианд нь дассан бололтой цонхоор өөр юм харсан шиг яваа харагдав.

 

Э -...тэгээд нөгөө үлдэгдэл, 100 үлдээсэн юм чинь. Тэрийгээ авчихна. Тэрийг бол аль уже цалинтай нь хамт өгвөл өгөх л байсан ш дээ. Тэгээд би за за гээд миний хувьд бол бүгдийг нь үрчихнэ запас 100 байг гээд...

Н -Юун 100 билээ хөө.

Э -Аан нөгөө хэдийн тооцоог яаж хийхээ л бодож байна.

Н -Нөгөө хэд гэж хэн?

Э -Чамд яриагүй билүү. ...өө би чинь чамд нөгөө хамаг юмаа ярьдаг болохоор ярьчихсан гэж бодоод. Хаа хамаагүй юм яриад эхэлсэн үү, яанаа ккк.

Н -Ярьсан байхаа нэг цалин гээд.

Э -Тэр харин балай юм болоод байгаан. Зарим нь үлдээе гэж мөнгө үлдээчихэд хүн булаагаад авчихсан юм шиг мөнгөө авмаар байна гэж хүнээр хэлүүлээд л.

Н -Харин хүмүүс мөнгөн дээр хэцүү шүү.

Э -Бадарч гээд нэг балайр хүүхэн л үймүүлээд байдаг байхгүй юу. Бадарчийг би чамд ярь луу.

Н -Ямар Бадарч билээ ?..за байз.

Э -Ёстой аймаар хэрүүлч хэл заргатай. Дээр би тэрнээс болж стресстээд шөнө чам руу залгаад байсан байхгүй юу.

Н -Аан тийм үү. Хоёр болж байхад манай гадаа ирчихээд доор нэг “вайн” уугаад явчихлаа гэдэг үү.

Э -Тийн. Тэгээд очсон танай гэрэл унтраастай. Тэгээд чи чинь нөгөө нөхөр өдөр ирсэн гэснийг чинь санаад бас удсан хосууд юу яаж байхад нь саад болоод гээд ккк. Тэрүүхэндээ бас чамайг бодоод ккк. Тэгээд нөгөө авчирсан “вайн”-аа уучихаад л буцсан ш дээ.

Н -Чи нээрээ... яахав дээ. Тогшоод ороод л ирэхгүй. Том болсон улс чинь тэгээд л тэрийгээ нэг зохицуулчих нь ш дээ хө ккк.

Э -Өө тэгсэн инээдтэй. Нөгөө муу “вайн”-ыг чинь сонинд ороочихсон аягалаад сууж байсан нэг юм хажууд сүүдийгээд. Тэгсэн нэг хар юм ирээд хажууд дөхөөд суучихжээ ккк. Наддаа таарсан нэг хөгшин юм байх гэсэн залуувтар юм. Паад хар царайтай. Тэгснээ соёлтой тэр чинь. Ус ундаа юм хум авчруулах уу гээд халаасаа ухаж байснаа нэг ширхэг тамхи гаргаад сарвайчихжээ ккк. Аймаар үйрэх шахсан үрчийчихсэн ширхэг тамхи, ха ха ха ...Нээрээ би энийг чамд яриагүй юм байна ш дээ.

Н -Яриагүй ээ. Нэг уулзаад чи чинь нөгөө хэнийг билээ тэрэндээ л гомдоод яриад байсан.

Э -Тийн. Тэр нээрээ балай хог шүү. Уур хүргээд тэгэхэд.

Н -За тэр яахав ээ. Тэгээд нөгөө хар нөхөр яасан бэ?

Э -мм тэгээд бас уйдсан хүн яахав нөгөө муугаа хань татаад. За тэг. Чи яваад ундаа аваад ир л дээ гэсэн нөгөөдөх хэ хэ өөдөөс “за мөнгөө” гэж үү ккк.

Н -Ээ тэнүүл юм таарчихаж.

 

Инээд алдаж байсан хүүхэн маань үл таних эрийг өмөөрөнгүй “Арай ч тэнүүлч бишээ...” гээд  дууны өнгө нь өөр болж “...би ч бас нэг хүнийг танина л даа бас...”

 

Н -За за тэгээд яасан бэ?

Э -Хөөрхий ядарсан л эр байх шиг байна лээ. Гэхдээ хувцас хунар нь гайгүй өөртөө таарсан. Тийм тарчихсан юм байхгүй. Нэг муу шорттой. Подволктой туранхай хар юм. Уг нь тэр чинь бас учиртай намайг соёлтой эргүүлэх гээд оролдоод байгаан зайлуул. Би ч гарзандаа гарвал гараг гээд 5000 өгөөд “тамхи, ус аваад ир” гэж нөгөөхөө явуулаад ккк.

Н -Бас итгэмтгий.

Э -Аваад ирж байна лээ зайлуул. Их зөөлөн нүдтэй. Виноноосоо нэг татаад харсан чинь сайхан ч эр байх шиг оргиод хахаха... Залуудаа сайхан л эр байсан байх даа. Тэгээд нөгөөдөх ч юм ярих гээд би ч согтчих гээд өнөө муу “вайн”-ыхаа талыг нөгөөдөхдөө үлдээчихээд харьсан ш дээ.

Н -Найзтай болох шахсан байна шүү.

Э -Би чинь “Случайны роман”-ыг тавих шахлаа ш дээ. “За чи минь энийг уучих даа. Би согтох гээд байна. Явлаа” гэчихээд би чинь босоод гунхан гунхан алхсан юм бишүү. Эргээд харсан бас араас нөгөөдөх маань гараараа даллачихаж ээ ... Дараа нь нүдэнд харагдаад эр хүн ядрах ч гээд элдвийн юм бодогдоод.

Н -Нямаагаа бодож жаал санааширав уу?

Э -Үгүй үгүй. Тэр бид хоёр чинь ёстой сэтгэлгүй байсан улс ...За за баахан дэмий ярилаа. Тэр Бадарч балайг ярьж байгаад энийг ярчихав уу... Хажуудах Жаргал ньч гэсэн байнга л хүн шургаж байх ёстой нэг... Өө жолоочоо тойроод яваад байна уу яав. Тэр үйлчилгээний төвийн урдах байр шүү дээ... гэсээр манай хурдан хурдан ярьдаг бүсгүй буулаа.

 

“За нөгөөдөр яг шүү” гээд найзынхаа хазар дээр нь шов хийлгээд хаалга хааж ёстой л нөгөө түрүүний хэлснээрээ гунхсан шиг л орц руугаа алхлаа даа. Ярианд нь нэлээн татагдаж буусан хойно нь ажиглан харвал 40 орчим насны нэлээн өндөр биерхүү хүүхэн байлаа. Бага шиг эрийг бол цохиод унагачихаар шахуу биерхүү бүсгүй харагдлаа. Залуудаа царайлаг байсан шинжтэй өтгөн хөмсөгтэй том нүдтэй. Үүнийгээ ч мэддэг бололтой хөмсгөө байн байн хөдөлгөж ярьж байсан санагдлаа.

 

Намайг найзыг хараад хөдөлж ядаад байгааг анзаарсан бүсгүй “Манай найз сайхан хүүхэн байгаа биз...” гэлээ.

 

Х -Аан их биерхүү хүүхэн байна шүү. Спортын хүн байна уу, үгүй юу?

Н -Оо үгүй байх. Би найзлаад 10 ...юу билээ бараг 25 жил болж байна. Дээр үед хамт хойшоо наймаанд их хамт явдаг байсын. Эршүүд болохоор нь харчууд эргүүлэхээсээ халгаад байдаг байхгүй юу ккк. Нөхөр нь бас их сайхан эр байсан.

Х -Өнгөрчихсөн юм уу?

Н -Үгүй ээ ...та одоо шууд наад АПУ-гийн хажуугаар эргээд явчихаарай. Арай дөт шүү... тэр нөхөр нь нэг орос хүүхэнтэй суугаад хойно үлдчихсэн юм. Ганц хүүтэй тэр нь бас хойно.

Х -Дахиад хүнтэй суудаггүй ээ.

Н -Өө тийн. Аягүй сайхан сэтгэлтэй л дээ манай найз... Дээр харин нэг юм уух гээд шөнө манайд ирсэн юм байна лээ. Тэгээд оролгүй гадаа уучихаад явчихсан байгаан... Тэрийгээ л сая яриад байхгүй юу... Тэгээд өнөөдөр би тэрийгээ цайруулж нэг жоохон суусан юм. Зайлуул цагаахан хүн чинь тэгээд бас их жаргахгүй юмаа тэ. Манай энэ найз л лав тийм.

Х -Харин л дээ. ...Тавилан гэж бас байх шиг байна аа.

 

...Ийн богино зайд нэлээн буу халсан найз хүүхэн нүүр амаа тольдож хальт өөртөө анхаарал тавиад Оргилийн хажууд нэгэн байрны гадаа буулаа.

 

Тэр хавийн хороолол дунд нам гүм. Оройн салхи сэвэлзээд их таатай орчин болж хувирав. Их найр болж байгаад гэнэт зочид тараад явчихсан юм шиг нам гүм ноёлсон машиндаа жаахан суулаа. Баруун солгойгүй ярьж чанга чанга инээж явсан хүүхэн үгүйлэгдэх ч шиг. Богинохон зайд хүнд их гүн сэтгэгдэл төрүүлдэг хүн хаа нэг бас таарах юмаа....

 

Үүгээр эгэл амьдралын сонинг хүүрнэх энэ удаагийн тэмдэглэлийг өндөрлөлөө. Байнгын уншигч, дэмжигч та бүхэндээ баярлаж явдгаа хэлмээр байна. Бас сайхан амрахыг хүсье. нөгөө фасе хаяг хаагдчихжээ.  Тэгээд  Taxich Hoovon Huh гэсэн фасе хаяг шинээр нээлээ дээ. https://www.facebook.com/taxich.hoovonhuh?fref=ts Шинэ болон хуучин хаягийн найзууд ийшээ нэгдээрэй. Лайк энэ тэрээ харамгүй л дарцгаах юм байгаа биз дээ

Ээ дээ, гол усанд л болгоомжтой яваарай Манайхаан. Зуны хоёрхон сард 74 хүнээ үсанд явуулчихсан байна шүү дээ бид....

 

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
Bilgee:
Hi hotod baigaa bol uulzah hereg b na
2015-08-20
Зочин:
Сайна уу энгийн амьдралыг бичдэгд чинь баярлалаа амжилт хусэе
2015-08-16
Зочин:
HOOY HOOVOON HUMUUSIIN GAL TOGOONII YARIA ODOO HEREGGUI ULS TOR YARITSGAAY CHI ULS TOROOR OROLDOHGUI BOL ULS TOR CHINII GAL TOGOOGOOR OROLDNOO GEJ MEDEH UU
2015-08-16
Зочин:
ene hoovon gej saihan gar taksindaa suusan humuusiin yariag bichij avaad saihan delgej ogoh yumaa
2015-08-16
Mongol khun:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-16
Mongol khun:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-16
UYM-UZ:
Sain uu, hoovoon? Onoo hogshin mend amar l baidag baigaadaa.
2015-08-16
YUM UZ:
Sain baitsgaana uu, ta buhen mini? Soninoos, computer mini evdreed hamag baidgaa aldchihaad baij baina. Humuus minin. mongol usgiin sangaa haanaas olj avch suulgahiig helj ogch tus bolj uzne uu. Hoovongoo ergeed irsend taatai baina. Mongol heleeree mongol usgeeree bichverleh saihan, taalamjtai baigag yum. Hehehe, latin usgeer mongol helee bichverlehee gej... . Hoovongiinhoo soningoos tegtlee hotsroogui l boltoi. ashgui mini, hehehe.
2015-08-16
Sainuu:
Sainuu hoovon mini bas manaihaan. Bi oird ih zavgui blaa emnelegt hevteed ene talaaraa bichnee. Hoovondoo ih bayarlalaa saihan uguuleg bn amjilt husii
2015-08-16
Зочин:
saihan
2015-08-15
Mongol:
Mongolchuudaa ard daatgald buu daatguulaarai yagaad99971212 asuu
2015-08-14
Mongol:
Mongolchuudaa ard daatgald buu daatguulaarai yagaad99971212 asuu
2015-08-14
zolboo:
hoovoon mend uu asuudal yu bolj bnaa chamaig alga bolohoor uguileh yumaa manaihan haachaa we bugded mend shuu
2015-08-14
1:
neeree l tsagaan tsailgan humuus yagaad ch yum 1 ih jargahgui bh shig bdag. Unshihad goe blaa. Bayarlalaa
2015-08-14
munkhuu:
комментчин биш зүгээр л уншигч л даа би, өнгө будаггүй жинхэнэ амьдралыг өгүүлдэг болохоор сонирхолтой байдаг юм, нээрээ дээхэн нэг орос киноны тухай бичсэнийг уншаад тэр киног нь онлайнаар үзсэн шүү, Верагийн жолооч бил үү. Бичээд байгаарай
2015-08-14