Тяньжин: 112 хүн амиа алджээ
2015-08-16

 

Тяньжины “Рүй Хай” компанийн агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас 112 хүн амиа алдаж, 721 хүн гэмтсэн тухай албаныхан мэдээлэв. Гэнэтийн дэлбэрэлтийн үеэр аврагч болон агуулахын ажилчдаас гадна 50 хүн сураггүй алга болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

Сураггүй болсон иргэдийн мэдээллийг цагдаагийнхан цуглуулж эхэлсэн бөгөөд хайх, аврах ажиллагаанд 250 аврагч болон 754 иргэн оролцож байна. Аврагчид өчигдөр 23.05 цагт дэлбэрэлт болсон агуулахаас 150 метрийн цаана байрлах орон сууцны нуранги дороос 19 настай хүүг аварчээ.  Хүүгийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ.

 

Тяньжин хотын Онцгой байдлын газар “Сураггүй байгаа 36 гал сөнөөгчтэй өнөөдрийг хүртэл холбоо тогтоож чадаагүй байна” гэж мэдэгджээ.  Хотын аж үйлдвэрийн бүсээс 3 км-ийн зайд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин