Дамаск хотноо 82 хүн амиа алджээ
2015-08-17

Сирийн нийслэл Дамаск хотод агаараас цохилт өгсний улмаас 82 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр энэхүү халдлагыг хэт даврагчид бус Ерөнхийлөгч Башар аль Ассадын цэргүүд гүйцэтгэсэн гэв. Ассадын цэргүүд Дамаскийн Дуама дүүрэгт агаараас цохилт өгчээ.

 

Тус улсын Батлан хамгаалах яам агаараас цохилт өгсөн шалтгаанаа тайлбарлаагүй ч “Энэхүү бүс нутагт хэт даврагчид олноороо байршиж, нуугдаж буйг тогтоосон. Аюулгүй байдлын үүднээс дээрх аргыг хэрэглэсэн” гэж мэдэгджээ. Амиа алдсан хүмүүс бүгдээрээ Сирийн иргэд байжээ. Гэмтсэн иргэдийг эмчлэх эмнэлэг хангалтгүй байгаа учир амиа алдагдсын тоо нэмэгдэж болзошгүйг Дамаскийн төв эмнэлэг мэдээлж, “Өвчтөн хүлээн авах эмнэлгүүд хэт даврагчдын гарт сүйдсэн. Ганцхан эмнэлэг ажиллаж байна. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй, эм тариа хомс байна” гэжээ.

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн гурван хотыг эзлээд байгаа. Ассад хэт даврагчдад алдсан газар нутгаа эргүүлэн авахын тулд өчигдрөөс эхэлж, агаараас цохилт өгч эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин