54 зорчигчтой онгоц осолджээ
2015-08-17

Индонезийн Папуа мужид орон нутгийн нислэг үйлдэж явсан зорчигч тээврийн онгоц өнгөрсөн ням гаригт сураггүй алга болжээ. “Trigana Air Service” компанийн “TGN267” дугаартай “ATR42-300” онгоцонд нийт 54 хүн зорчиж явсан аж. Уг онгоц Жаяпура хотын Сэнтани нисэх онгоцны буудлаас өчигдөр 14.22 цагт хөөрсөн ч 33 минутын дараа холбоо тасарсан байна.

 

Сураггүй алга болсон “ATR42-300” онгоц осолдсон байдалтай олдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Аврагчид онгоцны хэлтэрхийг Папуа мужийн Тангок уулын бэлээс олсон” гэж Индонезийн Тээврийн сайд Хади Мустофаги сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр “Зорчигчид амиа алдсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Аврагчид ослын газар хэдхэн минутын өмнө хүрсэн. Тун удахгүй мэдээллүүд ирэх байх” гэж хэлжээ.

 

“ATR42-300” онгоцонд багийн таван гишүүн болон 49 хүн зорчиж явжээ. Зорчигчдын дунд бага насны таван хүүхэд явсан хэмээн албаныхан мэдээлэв. Цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц осолдсон байх магадлалтай хэмээн сайд мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин