Тяньжин: 50 сайтыг хаажээ
2015-08-17

Тяньжин хотноо болсон дэлбэрэлт олон улсын анхаарлыг татсаар байна. Дэлбэрэлтийн улмаас 112 хүн амиа алдаж, 721 хүн гэмтэж, 95 хүн сураггүй алга болж, 200 гаруй өрх орон гэргүй болж, 10 мянга гаруй автомашин шатаж, дахин ашиглах боломжгүй болжээ. Тэгвэл Тяньжины дэлбэрэлттэй холбоотой худал мэдээллийг нийтэд түгээсэн цахим сайтуудыг тодорхойгүй хугацаагаар хаасан тухай “Синьхуа” агентлаг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав.

 

Бээжин хотноо төвтэй Хятадын Кибер аюулаас хамгаалах, цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс баримтгүй худал мэдээлэл цацаж, сайтын хандалтаа өсгөж байсан 50 цахим мэдээллийг сайтыг хааж, хуурамч мэдээллийг ямар ч үндэслэлгүй, баримтгүй болохыг олон нийтэд танилцуулж эхэлжээ.

 

Дээрх сайтуудаас 18-ынх нь лицензийг хүчингүй болгосон бол 32 сайтын үйл ажиллагааг зургаан сараас нэг жилийн хугацаатай хаажээ. Мөн мэргэжилтнүүд “Sina Weibo”, “WeChat” зэрэг олон нийтийн сүлжээгээр иргэдийг худал мэдээллээр төөрөгдүүлж байсан 485 аккаунтыг хаасан байна.

 

Бээжингийн удирдлагууд осолтой холбоотой үнэн бодит мэдээллийг “Синьхуа”, “China post” зэрэг төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслээс авч байхыг уншигчдад уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene bair guideltei gsn
2015-08-17